Д.ЦЭРЭННАДМИД

Хүний амьдралд алив юм тохиолдохыг хэлж барамгүй. Харин тэр дотор баяр бахархалтай ч юм байх. Бас гуниг зов­лонтой ч явдал тааралдах учир бий. Тэр бүхнээс мартаж орхих нь олон ч огт мартамгүй үйл хэрэг байдаг. Одоо ч санаанд илхэн гавъяа байгуулсан гэж хэлэхэд бардам нэгэн тийм үйл явдлын тухай энд өгүүлэх гэсэн юм.

Одоогоос яг 30 жилийн өмнө буюу 1983 оны зун цагт тэр явдал болсон. Бүр тодруулбал зургадугаар сарын 25. Энэ өдөр хүний ой санамж гэх “хар хайрцаг”-т хад­га­лагдан үлджээ. Учир нь албан ёсоор архивт зо­риулсан бичээс байхгүй юм билээ. Монголын иргэний агаарын тээврийн түүхнээ 1963, 1983, 1993 онд онгоцны осол гарч байсан нь бий. Сонин юм шүү. Яг 10 жилийн дав­тамж­тайгаар. Зуд бас тийм байдагсан. Тэр осол дотор олон хүний амь эрсдээгүй нь ердөө нэг. Дээр өгүүлсэн тэр нартай өдөр Ховдоос ниссэн “Монгол-84-01” маркийн АН-24 онгоц Буянт-Ухаад газар­дахаар буултын өмнөх гулгалтын үед хоёр хө­дөлгүүр нь агаарт унтарч 47 зор­чигчийн халуун амь утсан дээр ирсэн байлаа. Онгоц хоромхон зуур өндөр алдаж хэдхэн секундын дараа сүйрэл хүлээх тэр агшин. Зорчигчид “яах билээ” гэж хэлэхийн завдалгүй ахархан мөч тэр байв. Энэ үед экипажийн дарга Д.Баатар хоёрдугаар нисэгч Ч.Магванжав нар зөвхөн харцаараа ослын буулт гэсэн “яриа хийв”. Тэгээд аргагүйдсэн буулт үйлдэх ажиглалтын зааврын дагуу дугуйгаа эвхэж баруун залж Сонгинын буланд Оросын цэргийн ангийн хамгаалагдсан жижигхэн ногоон талбайн дэргэдэх жаахан устай хэсэг рүү чиглүүлэн хурд алдахгүйн тулд онгоцоо хэм тэгш­лээд тормоз татлаа, суулаа. Онгоц элгээрээ гулсан газардав. Энэ үйл  10 гаруйхан секундын хугацаанд болж. Зор­чигчдын хувьд нэг л мэдэхнээ газар харагдаж амьдаа мэдэрсэн гэдэг. Тэр онгоц буусан газрын шарх одоо хүртэл ари­лаагүй өвс, ногоо ургаагүй харлан харагдаж байгаа гэж бодоход 42 зорчигч, экипажийн таван хүн нийлээд 47 хүний халуун амь яаж аврагдсан юм бол гэдэгт гайхмаар. Ни­сэгчдийн гайхамшигтай эрдэм ухаан, эр зориг, авхаалж самбааны хүч тэнд үйлчилсэн гэж болно. Хөдөлгүүр нь ажил­ла­гаагүй болсон онгоц гэдэг яг л дайсны суманд өртсөн шиг л унадаг гэдэг. Гэтэл Монголын зоригт хөвүүн Далайн Баатар, Ичинхорлоогийн Магван­жав нарын жолоодсон агаарын хөлөг эсэн мэнд гайхамшигтай нэгэн буулт хийжээ. Үнэхээр тэднийг эгэл баатрууд хэмээн нэрлэх ёстой юм. Дэлхийд ийм нөхцөлд хүний амь сүйдээгүй тохиолдол бай­даггүй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Тэнд ямар нэг далдын хүч үйлчлээгүй ээ. Бас олон арван зорчигчийн аз гэхэд ч бүр багадана. Гагцхүү нисэгч нарын мэргэжлийн гайхалтай ур чадвар, мэдлэгийн үр дүн тэрхүү гайхамшийг бүтээсэн гэж болно. Хэрэв тэр онгоц бусад осол шигээ сүйрч олон хүний амь эрсэдсэн бол...

Ийм бараан бодол 47 хүний амь насны азтайхан их хувь тавилангаар арчигдаж өнөөдөр эргэн дурсах, бахархан хэлэх үг амьдрал чимж байнам. Тэр жил төрсөн хүүхэд одоо 30 настай болж. Тэр ослоос амьд үлдэгсэд ид жаргах насандаа явна. Тэдний заримтай уулзахад ингэж ярих юм.

Иргэн Б.Ханджав:

-Би тэр онгоцны нэг зорчигч нь бөгөөд тэр үед жирэмсэн байсан юм. Тэр жилээ охиноо төрүүлж ослоос амьд үлдсэн билгэ дэмбэрэлийг бодож Азбаяр гэж нэр өгсөн. Охин маань одоо 30 настай дээд сургууль төгссөн, хоёр хүүхдийн ээж болсон. Миний хувьд 2001 онд онгоцыг аюулгүй буулгаж олон хүний амь аварсан буянтай нисгэгч нартай охинтойгоо хамт очиж хадаг барьж золгосон гэж ярив.

Дуучин Цэрэн­долгор агсантай (сүүлд монгол улсын гавъяат жүжигчин болсон) уулзахад ингэж ярьж байж билээ,

-Би онгоц унах нь гэж мэдсэн. Гэвч сэтгэл харанхуйлаад юу ч хэлж чадахгүй болчихдог юм билээ. Гэтэл буулт амжилттай болж бөөн баяр болсон.  Гучин жилийн өмнө хорвоог орхих байсан юм бид гэж бодоход аймаар ч юм шиг мөртөө өнөөдөр бид уулзаад тэр сайхан нарлаг өдрийг эргэн дурсаж ярьцгаагаад байж байна гэдэг юутай бахархал вэ. Мэргэжилдээ эзэн болж, ур чадварын, ухааны гайхамшгийг үзүүлсэн нисэгч Д.Баатар, хоёрдугаар нисэгч Ч.Магванжав нар болон экипажийн нөхөддөө аз жаргал, сайн сайхныг хүсье гэж байлаа.

Тэгвэл үйлдвэр комбинатад амьдардаг Д.Цэнд гуай,

-Осол болно гэж  бодсонгүй үйлчлэгчийн өгсөн чихрийг амандаа хийх гэж байтал онгоц хүчтэй дайлвалзаад пир пар гээд арын суудлын зорчигчид урагш ханараад ирсэн. Энэ үед л юу болов гэж бодсон.

Тийнхүү онгоц аюулгүй газардаж хүний амь эрсдэлгүй, нэг хүний хөл хугарснаас өөр гэмтэлгүй гарч өнөөдөр бид амь, сэрүүн тунгалаг уулзаж учраад явж байгаа нь амьдралын минь зол заяа хэмээн ярьж байх юм. Азтай зорчигч бүхэн иймийг хэлэх аж.

Тэр үед Монголын Иргэний агаарын тээвэрт 82-01 онгоц ослын буулт хийсэн тухайд дүгнэлт гаргах улсын комиссыг толгойлж байсан хүн нь МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Ардын хянан шалгах хорооны дарга Бугын Дэжид байж. Тэр хүний яриа бас сонин биз.

-Онгоцны хөдөлгүүр унтарч аргагүйдсэн хүнд үед авааргүйгээр онгоцыг газардуулсан гавьяаг бид эргэж харах ёстой. Би онгоц ослын буулт хийсэн газар очоод олон арван хүн амьд гарсанд их баяр­ла­сан. Тэр баяр одоо  миний цээжинд хадгалаастай байгаа. Онгоцны экипа­жийнхны гавьяаг үнэлэх шагнах нь зүйтэй. Энэ бол дахин давтахгүй том гавьяа гэж 2001 онд үн­дэсний телевизэд өгсөн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Бас чухал үг хэлсэн хүн бол тэр үеийн иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын дарга байсан Л.Лхагваа,

-Нисэгч Далайн Баатар онцгой гавъяа байгуулсан. Онгоцыг осолгүй буулгаж чадаагүй бол 50-иад хүний амь нас хохирох байсан шүү дээ. Биднийг очиход тэр онгоцонд зорчиж ирсэн нэг орос нөхөр байв. Түүнийг авахаар ирсэн оросууд “Очень мо­лодецы” гээд ийм сайхан үйл бүтээсэн нисэгчид манай улсад бол шууд баатар цол олгодог гэж хэлж байсан шүү гэсэн байна.

Гэтэл тэр ослыг ма­най­хан гавъяа гэж үзэлгүй жирийн нэг автомашин хажуулдсан мэтээр үзэж өнгөрөөж. Учир нь юу вэ гэвэл уг онгоцны гэмтэл, осол болоход хүргэсэн гол шалтгаан олон хүний хариуцлагатай холбогдож МИАТ-ийн жирийн механикчаас эхлээд төв хороо хүртэлх шат шатныхан буруудах зэм хүлээх байсан хэрэг. Тий­мээс зориудаар түүхэнд тэмдэглэн үлдээсэнгүй. Онгоцны экипажийнхан болоод зорчигчдын за­римыг Оргил рашаан су­вилалд 10 хоног амраасан болоод л өнгөрчээ. Зүгээр нэг жагсаалд сайн оролц­сон цэрэг тийм хуга­цаатай орон нутгийн чөлөөгөөр шагнагдсантай адил юм даа.

ИАТУЕТ-ын даргын зөвлөлийн 1983 оны долдугаар сарын 26-ны өдрийн хурлын тогтоол миний өмнө байна.

Уг тогтоолд:

-Нислэгт тохиолдсон онцгой үед авах арга хэм­жээг ашиглалтын зааврын дагуу шуурхай ажиллаж авхаалж самбаатайгаар онгоцоо ослын буулт ам­жилттай хийж олон хүний амь аварсан “Монгол 84-01” таних тэмдэгтэй АН-24 онгоцны  экипажийн дарга Д.Баатар, хоёр­ду­гаар нисэгч Ч.Магванжав нисэх хол­боо­чин Д.Уламбаяр, үйлчлэгч Л.Дулам­сүрэн нарыг төрийн дээд шагналаар шагнуулах тухайд гэж бичжээ.

Үнэхээр содон гавъяа байгуулсан экипа­жийнхны амжилтын үнэ цэнэ баталгаажиж шагнал хүртээх нь гэж санамаар. Гэтэл энэ хув хуурай худлаа тогтоол байсан болж таарав. Ослыг дахин дурсахгүй байхыг Намын төв хороо хавиас үү­рэгд­сэн юм байх. Өнгөрсөн соц нийгмийн үед яльгүй амжилт ололтыг овойж оцойтол магтаж бялууртал шагнадаг хэрнээ элдэв хар бараандууг нуун дарж сураггүй болгохыг зорьдог муу зан сүрхий газар авсан үе юм. Тэр муугийн хар сүүдэр Д.Баатар нарын байгуулсан гавъяат үйлсийг харлуулж олон түмний ухаарлаас авч хаяхыг хичээсэн байгаа юм. Гэвч сайн үйл булавч бултайна гэдгийн үлгэрээр тэрхүү гавьяа байгуулагчдын нэр төр сэргэсээр буй. Өнөөгийн ардчилсан төр, засаг мэлмийгээ нээж өмнөх үеийн гүйцэлдүүлээгүйг нөхөх цаг болсон юм биш үү. Тэд энэ цагийн эгэл баатрууд юм. Гавъяатай үйлс бүхэн улам өнгө орж гялалзах нь дамжиггүйсэн билээ. Эцэст нь эгэл нэгэн зоригтон нисгэгч Д.Баатар нарын тухай жаахан тодосгоё. Тэр 1985 онд Сонгинын нисэх экипажийн сурагч болж ПО-2, ЯК-12 зэрэг онгоцоор анх дадлагажсан бол жинхэн нисэгч болсон үеээсээ ИЛ-14, АН-26, АН-30-ын хоёрдугаар нисэгч, онгоцны дарга байж 16600 гаруй цаг зургаан сая км зам туулсан байна. Агаарт 670 шахам хоног ниссэн гэсэн үг.

Эхнэр Ч.Дашдорж нь Монголын анхны нисгэгч эмэгтэйн нэг. Тэгэхлээр Д.Баатарынх гэдэг нисэгч гэр бүлийнхэн. Олон хүний амь аварсан ослын буулт хийсэн гавъяатны нэг нь хоёрдугаар нисгэгч Ч.Магванжав. Түүнийг эмэгтэй нисэгч Ч.Дашдоржийн шавь нь гэх юм. Тэгэхлээр гэр бүлийн хүрээнээс хальсан нисэгчдийн арми бүрдэж буй. Тэдний тухай дурсах нэгэн баримт бас бий. Тэр нь “Би нисэх дуртай” гэдэг Монголын уран сайхны кино.

Зохиолч, уран бүтээлчид л овсгоо гаргаж Д.Баатар нарын гавъяатай үйлсийг киноны “хэл”-эр түүхэнд үлдээсэн нь тэр ажээ.

Тиймээ өгүүллийн минь баатрууд гавъяат үйлсийн эзэд мөнөөс мөн.