2023/12/14
2609.0 USD
-9c

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Монгол соёлын бүтээгдэхүүн Европт очно

 

 

Хэл судлаач, сэтгүүлч Ц.Майдар монгол бичгийн уламжлалт хэв шинжийг агуулсан европын 10 хэлээр бичиж болох гарын авлага зохиожээ. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Би номынхоо тухай” буландаа урьсан юм.

 

60 элементээс 10 орны үсэг үүссэн

 

-Монгол бичиг ч ялгаагүй  хөгжлийнхөө явцад их олон янзаар хувьсан өөрчлөгдсөн байдаг. Одоо л олон улсын хэв шинжид орж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын брэнд болох цаг ирсэн. Тиймээс энэ гарын авлага нь Монгол Улсыг олон улсад сурталчлахад онцгой хувь нэмэр оруулах болов уу. Энэхүү гарын авлагын хамгийн энгийн элементийг цуглуулахад 60 болно. Эдгээр 60 элементээс 10 орны хэлээр бичиж болох үсгүүд үүсэж байгаа юм. Тухайн орнууд гэдэг нь Монгол, Болгар, Орос, Англи, Герман, Испани, Итали, Польш, Франц, Чех гэсэн орон. Миний зохисон энэхүү бичгээр эдгээр улсын хэлээр бичиж болно гэсэн үг. Бусад улсын үсгийг монгол бичигтэй харьцуулахдаа босоо хэлбэрийн элементийг нь аль болох хадгалах зорилго тавьсан. Жишээлбэл, Болгар 10, Монгол 15, Франц 20 эгшигтэй. Тэгэхээр энэ нийт эгшиг гийгүүлэгчийг харьцуулж, бие биетэйгээ давхцахгүй байдлаар зохиохыг хичээлээ. Эгшиг гийгүүлэгчийг хүснэгт хэлбэрээр харьцуулчихаар европ үсэг рүү хувирахад хүндрэлгүй байсан. Мөн л, м, о, и үсэг хэвээрээ уншигдана. Энэхүү цагаан толгойг бүтээснээр Монголын соёлын бүтээгдэхүүн Европт очно. Хэдийгээр уламжлалт монгол бичиг биш ч гэлээ цаад фон нь монгол босоо хэлбэртэй учир манай улсын хэл соёлыг олон улсад таниулахад үр дүнтэй гэж харж байна.

 

Гаднынхан босоо бичиг хэлбэртэй ч өөрийн орны хэл дээр бичсэн үг, логог харвал сайхан

 

-Гэхдээ энэ бол шинжлэх ухааны хэл биш. Учир нь шинжлэх ухааны томьёо болон бусад хэллэг нь хэвтээ хэлбэрээр явахад тохиромжтой. Харин уран сайхан, уран зохиол, яруу найраг, тэмдэглэл, лого хийхэд босоо бичиг тохиромжтой. Би 1980-аад оны үед Монцамэ агентлагт ажиллаж байхдаа уламжлалт монгол бичигт суурилсан. Олон улсад шууд хэрэглэж болохуйц шинэ цагаан толгой зохиох энэхүү бодлоо олсон. Улмаар 1988 оны хавар шинэ санал, оновчтой бүтээлийн “ШБОС-Улаанбаатар” инновацын үзэсгэлэнд хүснэгт хэлбэрээр тавигдаж, “Новости Монголиа” сонинд зураглалтай танилцуулга нийтлэгдэж байсан удаатай. 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Олон жуулчин ирэх байх. Хүрэлцэн ирэх зочин гийчдэд өргөн барих соёлын нэгээхэн бүтээгдэхүүн нь энэхүү цагаан толгой, гарын авлага байгаасай. Ялангуяа, гаднынхан ирээд монгол босоо бичиг хэлбэртэй мөртлөө өөрийн орны хэл дээр бичсэн үг, логог харвал сайхан шүү дээ. Ялангуяа, манай жуулчны компаниуд өөрсдийн компанийн логогоо энэ бичгээр хийвэл их хөөрхөн дизайнтай болохоор их уран бичлэгтэй.  

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 97 (7341)