С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” булангийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд уригдаж дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр энэ үеэр “Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшил 37 программ ашигладаг хэрнээ мэдээлэл солилцдоггүй. Эмнэлэг дээрээ ашиглахаас биш ямар ч интеграци байхгүй. Орон нутагт үзүүлсэн хүн тор дүүрэн зураг, ном шиг зузаан хавтастай ирдэг нь үнэн. 2021 оны зургадугаар сард Ерөнхий сайдын дэргэдэх дэд Ажлын хэсгийг би өөрөө ахалсан. Энэ дагуу эрүүл мэндийн хоёр том цахим хөтөлбөр хэрэгжсэн. Төслүүдийг нэлээн эрчимтэй явуулсны хүчинд өнөөдрийн байдлаар эрт илрүүлгийн бүх мэдээллийг цахимаар авдаг болж эхэллээ. Нэгдсэн платформ үүсгэж  37 программ ашиглаж байгаа эмнэлгүүд бүгд мэдээллээ солилцдог боллоо. Ингэж улсын хэмжээнд эрүүл мэндийн том дата, архивтай болж байна. Орон нутгийн хүмүүс 12 оронтой e-card-аас бүх мэдээллээ авах боломж бүрдэж байна. Дээрээс нь эхний ээлжинд 14 үйлчилгээг E-mongolia-д оруулсан. Цахим болсноор 40.9 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Наад зах нь шинжилгээ өгчихөөд заавал эмчид үзүүлэх шаардлагагүй бол хэвлээд авч болно. Цагаа захиалж, тусгай зөвшөөрөл гэрчилгээгээ цахимаар авч болж байна. Цаашид яг энэ зарчмаар эрүүл мэндийн салбарын бүх үйлчилгээг цахим болгоно. Өмнө нь зөвхөн магадлан дээр хоёр боодол бичгийн цаасны хэмжээний бичиг баримт бүрдүүлж, ийш тийшээ баахан явдаг байсан нь болилоо. Мөн эмч нарын лиценз давхар байна уу зэргээр бүх мэдээлэл ил тод болсон” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn