С.САРУУЛ

 

Энэ хавар хэд хэдэн удаа Монголд хар шуурга болсон нь Хятад, Солонгост нөлөөлсөн. Энэ нь эргээд улс орнуудын хооронд маргаан дэгдээх хэмжээнд хүрч байгааг олон улсын зарим хэвлэл мэдээлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хятадын Гадаад хэргийн яамнаас Монголын цөлжилтийн асуудлыг хөндөж мэдэгдэл гаргаад байгаа юм. Тэгвэл энэ асуудалд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө байр сууриа илэрхийлжээ. Элчин сайд “Шороон шуурга бол байгалиас үүдсэн үзэгдэл болохоос хэн нэгний буруу биш юм. Тиймээс хэн нэгнийг зэмлэх нь утгагүй. Шороон шуургатай холбогдуулж манай улсын Гадаад хэргийн яамнаас “Шороон шуурга цөлжилт бол бидний өмнө тулгарсан хүнд асуудал болж хувирлаа. Ялангуяа, бүс нутгийн хөрш орнуудын хувьд хамтран ажиллаж, хоорондоо уялдаатай бодлого хэрэгжүүлж байж цөлжилтийг сааруулна” гэдгийг мэдэгдсэн. Ер нь улс орон дангаараа цөлжилттэй тэмцэхэд хүндрэлтэй. Тиймээс нэгнээ ойлгож, дэмжиж хамтаараа сааруулж байж экологийн асуудлыг шийдвэрлэнэ. Цаашид цөлжилттэй тэмцэх ажил бол Монгол, Хятадын хамтын ажиллагаанд бас нэгэн чухал байр суурийг эзэлнэ гэж бодож байна” гэсэн байна.

 

Эх сурвалж: www.polit.mn