Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны тэргүүн ерөнхийлөгч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрайтай ярилцлаа.
-Энэ жил Монголын цагаан сар бүтэн нэг сараар зөрж, хүмүүс эргэлзэж байна. Та үүнд ямар хариулт өгөх бол?
-Өдрийн сонины 2017 оны нэгдүгээр сарын 4-ний дугаарт нийтлэгдсэн Д.Чойжамц хамбын ярилцлагыг уншаад Монголчууд “Цагаан сар”-аа хэдийд тэмдэглэх тухай асуусан сэтгүүлчийн асуултад “Зурхайч хүнээс л асуумаар юм байна даа хө!” гэснээс өөр үнэн үг хэлж чадсангүй гэж бодож байлаа. Шарын шашны зүтгэлтэн энэ хүн, Далай лам, Богд Жавзандамба хоёроо л мэдэхээс биш Монголын ард түмний эх түүхийн талаар юу ч мэддэггүй хэрнээ бусдын амаар будаа тээж, сэтгүүлчийн асуултад их мэдэгчийн дүрээр залсныг залруулахаас аргагүй байдалд хүрэв.
Төгсбуянтын зурхай бол нүүдэлчин амьдралаас урган гарсан, нүүдэлчин ахуй амьдралд маш ойрхон зурхай гэнэ.
Болиоч дээ Д.Чойжамцаа “Сүмбэ хамба Ишбалжирын өөрийн намтар оршвой” гэсэн 2011 онд хамтрагч нөхрийнхөө хэвлүүлсэн номыг уншаач.
Түвдийн нутагт дэлгэрсэн Пүг, Цүр хэмээх хоёр сургуулийн ёсоор үлгэр хийж, монгол орны (орчуулагчийн үг бололтой) газрын хуваарьт эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодох Төгсбуянт шинэ зурхайг буй болгожээ гэсээр байтал яахаараа нүүдэлчин амьдрал ахуйд ойр байхав дээ.
Төгсбуянт түвд зурхайг эзэмшигч нэгэн Дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчид гээд үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор Монгол туургатан хэмээн Монголын ард түмнээ доромжлон гутааж байсан.
Харин Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрай би Монголын хадан дээрхи дүрс бичиг дэлхийн үсэг бичгийн “Цагаан толгой” мөн байна гэж дэлхийн таван тивийн 30 шахам улсын “Хадны бичиг” судлалын эрдэмтэн мэргэдэд хэлж байлаа.
1704 онд хаа холын дээд Монголын нутаг Хөхнуурт төрсөн хүн шинээр зохиосон гэж бичээд байхад 1027 оноос эхлэн Чингис хааны үеийг дамнаад ирсэн зурхай гэж яаж хэлж чадаж байна аа.
Чойжамц хамбын хэлснээр сар ямар хэлбэртэйг хараад хүмүүс төдөх юмгүй явдаг юм бол өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сарын 13, 14-нд байхгүй болгочихсон 15-ны тэргэл дүүрэн сарыг 16:07-07:21 цагт тэргэлтээд байж байсныг бид харж л байсан. 2016 оны арванхоёрдугаар сарын 30-нд Төгсбуянт зурхайгаар шинийн 1 гэж байхад дэлхийн Монгол шар зурхайн тоололоор шинийн 2-ны сар 09:15-17:39 харагдаж байв. Он гараад Төгсбуянт түвд зурхайгаар 2017 оны нэгдүгээр сарын 6-нд шинийн 9-ний сар байхгүй гэснээр болсонгүй. 12:26-00:53-д гарчихсан байгаа зургийг гар утсаараа аван нийтэд толилуулж байлаа.
-Энэ зураг мөн үү?
-Тиймээ. Төгсбуянт түвд зурхайг баригсад энэ сарны будлиантай өдрүүдэд төрсөн хүүхэд энэ сарны эрчмээр амьдрагсдын хувь заяаны зураг төөргийг хэрхэн зурах бол. Байгалийн хуулиараа байдаг сарыг байхгүй, эсвэл байран дээрээ хөдөлгөөнгүй байдаг мэт ойлголт нь бүр хэтрээд агшин хормоор биш 48 цаг хөшчихсөн байгаагаар цаг тооны бичигтээ тооцсоноо шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах гэж хэчнээн хичээвч хэн ч төгс ойлгож чаддаггүйг яалтай билээ.
Д.Чойжамц хамбын ойлголтоор шар зурхай суурин амьдралтай хүмүүсийн зохиосон зурхай учраас өдрүүдээ шахаад хийчихдэг гэнэ. Энэ чинь ямар ойлголт вэ. Байгалийн өдрүүдийг яаж шахдаг юм бэ. Би шарсан мах андахгүй шар зурхайгаар нэг өдрийг 24 цаг 1440 минут 86400 секунд гэж боддог. Монголын шашны зүтгэлтэн хүн ийм юм яриад сууж байдаг бол сүсэг бишрэл төрүүлэхээсээ илүү итгэл үнэмшлийг маань баллаж мэдэхээр санж.
Аугаа их Өндөр гэгээн, Цахар гэвш Лувсанчүлтэм, Ламын гэгээн тэргүүт харийн Хар санаат үзэл суртлыг их Монголын өвлөгдсөн соёлоор дарангуйлан өөрийн санаагаар идээшлүүлэн Монголоор нь авч үлдэж чадсан тэр гайхамшигт эрдэм, оюун санааны далайц, эх түүх, эцэг дээдсээ гэсэн өөриймсөг Монголоо гэх сэтгэл өнөөгийн төр шашны зүтгэлтэн нарт их л үгүйлэгдэж байна даа.
-Таны баримталдаг дэлхийн Монгол шар зурхайн эх үндэс, үүх түүхээс манай уншигчид сонирхож байгаа нь мэдээж?
-Шар зурхайн нар сар, од гаргийн анхдагч тэмдэг, тэмдэглэгээ манай орны хад чулуу, хөшөө дурсгал дээр захаас аван алхам тутамд байдаг. Харин ч өрнө дорнын суурин иргэншилт улсуудын эрдэмтэн мэргэд бидний өвөг дээдсээс үг хэл, үсэг бичиг, зан үйл, төр нийгмийн ёс зүйг хичээнгүйлэн суралцаж байсныг судалгааныхаа бүтээлд тэмдэглэсээр ирсэн билээ.
Эртний бичиг түүхэнд Чингис хаан Хорейзмын их гүрнийг 1220 онд эзлэн аваад буцах үед Их хааны зурхайч Юлай Чу Цай: Самаркандын одон оронд сууж бүтээсэн “Баруун тийш зорчсон Цагаан морин жилийн язгуурын зурхай”-гаа өргөн барьснаар дэлхийн Монгол шар зурхайн шинжлэх ухааны үндэслэл, таван гариг, газрын зөрөө, цагийн нарийвчлалаар улам баяжиж, өвөг эцгийнхээ үлдээсэн их өвийг ач хүү Хубилай сэцэн хаан ихээхэн хүчин чармайлт гарган, Монголын эзэнт гүрэн даяараа дагаж мөрдөх албан ёсны төрийн цаг тооллоо “Цагийг мэдээлэх зурхай” нэрээр зарлиг гарган хуульчилсныг Манжийн хаан ч тэр, Мао Зи Дун ч тэр өөрчилж чадаагүй болохоор өнөөдөр ч хүчин төгс хэрэглэцгээж байна. Дэлхийн Монгол шар зурхай бол хүн төрөлхтний зохиосон бүх зурхайн эх үндэс мөн.
-Төгсбуянт зурхай хүний өдөр тутмын амьдралын хэрэглээнд тохирохгүй гэж та юуг нь хэлж байгаа юм бэ?
-Төгсбуянт түвд зурхай барих барьцгүй, бодит байдлаас хэт тасархай, хэн ч ойлгоход мөн ч төвөгтэйг оны сүүлчийн харьцуулсан өдрөөс харж болно.
Нийтийн тоолол: арванхоёрдугаар сарын 26, 27, 28, 29, 30, 31 нэгдүгээр сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7
Шар зурхай: 28, 29, 30, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Өвлийн сүүл сар
Түвд зурхай: 28, 29, 29, 30, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 Өвлийн адаг сар гэх мэт....
учиргүй зөрж давхиснаа юу ч болоогүй юм шиг очиж нийлээд нэг хэсэг дуулгавартай нь аргагүй хамт явж байснаа гэнэт алга болоод тэгснээ давхар давхар харагдана гэх энэ хачин тооцоо нь эцсийн эцэст монголчууд биднийг хэзээ ч өөд нар харуулахгүй гэсэн Манж-Хятад-Түвдийн “Улстөр-үзэл суртал”-ын хорлон сүйтгэх бодлого болохыг би Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан айлтгалдаа дэлгэрэнгүй тайлбарласнаа нийтэд удахгүй мэдээлнэ.
