Т.САЙХАН

Шадар сайд С.Амарсайхан 21 аймаг, нийслэлийн Засаг дарга болон Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд цахимаар хуралджээ. Тус хурлаар УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү гангийн эрсдэл өндөртэй байгаа 10 аймагт эрсдлийн үнэлгээ хийсэн дүнг танилцуулсан байна.  Үнэлгээгээр Ховд аймаг маш их, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймаг их,  Увс, Говь-Алтай, Архангай аймгууд дунд эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. 

Мөн Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулсан байна. Тэрээр улсын хэмжээнд он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчний тархалт гарсаар байгааг дурдаад зарим сумдад шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул хорио цээрийн дэглэмтэй байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн өнгөрсөн хавар улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад таван сая үхэр, 32 000 гахай, 2500 цаа бугыг тус тус хамруулсан бөгөөд дархлаажуулалтын ажил хоёр жил үргэлжилнэ гэсэн байна

Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар зарим аймгууд тухайлбал Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Түүнчлэн Цаг уурын байгууллагаас боловсруулсан урьдчилсан мэдээгээр ирэх ес, аравдугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтрэлт эрт ажиглагдах магадлалтайг анхаарууллаа. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн удирдлагууд эртнээс анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна” гэжээ. Тэрээр өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд 21 аймгийн удирдлагуудад мал аж ахуйн салбар, төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, газар тариалангийн салбар болон салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг өгсөн байна.

Эх сурвалж:www.polit.mn