Д.ДАРАМБАЗАР 

Өнгөрсөн оны байдлаар цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 72693 хүүхэд байсан. Есдүгээр сар дөхөх тусам эцэг эхчүүд хүүхдээ харьяа цэцэрлэгүүдэд бүртгүүлж, амжаагүй нь хувийн цэцэрлэгт мөнгө төлж сугалаанд оролцож ирсэн. Азтай нэгний хүүхэд цэцэрлэгтээ хамрагдаж азгүй нэг нь цоожтой хаалганы гадна үлддэг байсан тогтолцоо жил бүр давтагдсаар байв. Энэ жилийн хувьд ч улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд суралцана гэсэн судалгаа гарсан юм. Үүнээс Улаанбаатар хотод 2-5 насны 141 мянган хүүхэд бий. Нийслэлийн цэцэрлэгүүдэд 102 мянган хүүхэд элсэх боломжтой байв. Өнгөрсөн жилийн тооцооноос үзэхэд энэ жил хүүхдүүдийг сургах хүчин чадал 4000-аар нэмэгдэх боломж үүссэн. Тэгвэл цэцэрлэгийн гадна үлддэг, сугалаанд оролцдог 34 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болсон талаар БСШУЯ-ныхан мэдэгдлээ. Тэдний байр суурийг хүргэж байна.

 

 

БСШУ-ы сайд Д.Энх-Амгалан: Сугалааны тогтолцоог бүрэн халлаа

-Энэ жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдээс 34 мянга нь сугалааны байдалтайгаар цэцэрлэгийн гадна үлддэх байсан. Цэцэрлэгийн гадна үлддэг хүүхдүүд хаана оршин суудаг талаар судалгаа явуулахад Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул гэх дүүрэгт хамгийн их гарч байсан. Цоожтой хаалганы гадна үлддэг 34 мянган хүүхдээс хоёр настай 23780 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ байдаг байсан. Тиймээс цэцэрлэггүй үлдэх эрсдэлтэй хүүхдүүдийг 92 байр түрээслэж цэцэрлэгт хамруулах эхний алхмаа хийж байна. Тус байранд 9850 хүүхэд хамрагдах боломжтой. Мөн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн нэмэлт элсэлтээр 10272 хүүхдийг хамруулна. Хувийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн хүүхдүүдээ авсан тохиолдолд хувьсах зардлыг улсын цэцэрлэгээс хоёр дахин нэмж, хоолны зардал өгөх болно. Улсын 39 цэцэрлэгт нэмэлтээр 3881 хүүхэд авна. Дөрвөн гэр цэцэрлэг байгуулж 240 хүүхдийг хамруулна. Эдгээр нь алслагдсан гэр хороололд баригдана. Үүнийг цаашид цомцог гэр болгож, ариун цэврийн байгууламжтай болгон ашиглана. Таван байгууллагын цэцэрлэгт 1000 орчим хүүхэд хамруулна. Эхний ээлжинд есдүгээр сарын 1-нд төлөвлөгдсөн хүүхдийн тооноос 450 хүүхдийг авахаар төлөвлөөд байна. Хүүхэд харах үйлчилгээнд 2020 хүүхэд, шинээр ашиглалтад орох цэцэрлэгт 5000 гаруй хүүхэд хүлээж авна. Хоёр үе шаттайгаар явагдаж есдүгээр сарын 1-нд долоон цэцэрлэгт 1640 хүүхэд элсүүлэх боломж бүрдлээ. Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн хүсэлтүүдийг хүлээн авч эхэлнэ. Гурван үе шаттайгаар цэцэрлэгийн хамран сурах тойргийг зарлана. Таны хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах боломжтой вэ гэдгийг мэдэгдэнэ. Энэ нь сугалаа биш хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг олгож байгаа явдал юм. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд багш, боловсон хүчний дутагдал гарсан. Тиймээс 1000 орчим цэцэрлэгийн багшийг бэлтгэлээ. Тэд хувийн болон төрийн цэцэрлэгүүдэд ажиллана. Судалгааны үр дүнд нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн 50 орчим хувь нь хамран сургах тойргийн бус хүүхдүүд байсан. Тиймээс энэ жилээс хүүхэд амьдарч буй тойргийнхоо цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах боломжийг олгоно. Мөн улсын бүртгэлд байгаа тоо зөрж байгаа. учир нь иргэдийн оршин суух хаяг тодорхойгүй байдаг тул тэд түр оршин суух хаягаа мэдэгдсэнээр хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ. E-Mongolia-д бүртгүүлснээр 26646 хүүхдийг нэмэлтээр бүртгэх боломж үүслээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулах, бүртгэл рүү уралдах шаардлагагүй болсон.

 

БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Oчир: Түрүүлж бүртгүүлснээр хэн нэгэнд давуу байдал үүсэхгүй 

-Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл нэгдсэн байдлаар өнөөдрөөс эхэлж байна. E-Mongolia аппликейшнээр дамжуулан элсэлт бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна. Харин түр оршин суугчдын тухайд баталгаажилт хийх ёстой. Цэцэрлэгүүдийн хувьд хамран сургах тойргийн хүүхдүүдийг авах учир цахим систем дэх бүх зохицуулалтыг хийнэ. Өмнө нь наймдугаар сард ганцхан удаа элсэлт эхэлж наймдугаар сарын 31-нд дуусгадаг байсан. Харин энэ жилээс жилд нэг удаа хүсэлт авахгүй. Сар бүр авах шийдвэр гаргаж байна. Иймд түрүүлж бүртгүүлснээр хэн нэгэнд давуу байдал үүсэхгүй. Харин ч түр оршин суугч гэдгээ нотлох боломжгүй, гадаадад байгаа, хүндэтгэх шалтгаантай иргэдийг есдүгээр сарын 10-наас дахин бүртгэнэ. Тиймээс иргэд бүртгэлээ сар бүр заасан хугацаанд хийх боломжтой. Нийслэлийн хэмжээнд байгаа 141 мянган хүүхдийн регистр бүгд системд орсон учраас механикаар өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй. 

 

БЕГ-ын Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир: Цахим систем рүү нэвтрэх боломжгүй бол цэцэрлэгүүддээ хандах боломж үүссэн

 

 

-Эхлээд E-mongolia цахим систем рүү нэвтэрнэ. Үйлчилгээний цэсээс боловсролыг сонгож сургуулийн өмнөх боловсрол цэс рүү нэвтэрнэ. Үүний дараагаар нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт дээр дарж орно. Тус үйлчилгээнд нэвтэрч ороход систем дээр хүүхдийн мэдээлэл шууд харагдана. Харагдаж байгаа мэдээллийг дарж бүртгэх хүсэлт үүсгэх боломжтой. Юуны түрүүнд хүүхдийнхээ мэдээллийг нягталж, дараа нь асуултад хариулснаар бүртгэл баталгаажина. Хэрэв цахим систем рүү нэвтрэх боломжгүй бол цэцэрлэгүүддээ хандах боломжтой. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 152 (6884)