С.УЯНГА

Та сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчид санал өгч байсан уу? 
Ер нь эмэгтэй хүн удирдах албан тушаалд байхыг юу гэж үздэг вэ? Бид энэ асуултыг иргэдээс асуухад ихэвчлэн эрэгтэй хүмүүсийг дэмждэг, эмэгтэйчүүдийг дэмжье гэсэн ч хангалттай сонголт байдаггүйг хэлж байлаа. Жишээ болгон гурван иргэний байр суурийг хүргэж байна.

 

 

Судалгаа: ЭМЭГТЭЙ УЛСТӨРЧИЙГ ДЭМЖИХ ХАНДЛАГА СУЛ БАЙНА

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл судалгаанаас харвал, олон нийт удирдагч, улстөрчдийг эрэгтэй дүрээр харж байна.  Эрэгтэйлэг шинж дээр зоригтой, шийдмэг, тэмцэгч, эмэгтэйчүүдийг   энэрэнгүй зөөлөн, бусдыг ойлгодог байх гэж үзжээ. Хүүхэд асрах ажлыг эмэгтэйчүүдийнх гэж үзэж, харин улс төрийн манлайлагчаас шийдмэг, зоригтой, бусдыг ойлгодог, тэмцэгч чанарыг шаардаж, эрэгтэй давамгайлсан шинжээр тодорхойлж байгаа юм.
Үүнээс харвал эмэгтэй улстөрчийг дэмжих хандлага сул байна. Уг судалгааны ганцаарчилсан ярилцлагын үр дүнгээс үзвэл эмэгтэйчүүд амбицгүй, улс төрийг сонирхох нь бага байна. Ялангуяа гэрлээд, хүүхэдтэй болох юм бол улс төрийн сүлжээнээс улам бүр холдож байгаа төлөв ажиглагдаж байна. Мөн мэдлэг, боловсрол, ажлын туршлага, орлого, чадамжаараа эрэгтэйчүүдтэй яг адилхан эмэгтэйчүүд ч улс төрийн хувьд өөрөө гарч ирэхээс илүүтэй нөхрөө дэмжих хандлага түгээмэл аж.

 

МАНЖИЙН ДАРАНГУЙЛЛЫН ҮЕЭС ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ МЭДЛИЙГ БООМИЛЖ ЭХЭЛСЭН

Төрийн хэргийг эрэгтэйчүүд л барих хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүс энэ байр сууриа уламжлалтай холбон тайлбарлах нь элбэг. Гэтэл түүхийн хуудас өөр дүр зураг харуулж байгаа юм. 1206 оноос бий болсон Их засаг хуультай холбоотой баримтуудаас үзэхэд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах, эдийн засаг, санхүүгийн боломж бололцоо харьцангуй нээлттэй байжээ. Ер нь жендэрийн эрх тэгш байдлын тал дээр монголчууд Азийн бусад оронтой харьцуулахад дэвшилтэй байсныг судлаачид онцолдог. Харин Манжийн дарангуйллын үеэс эхлээд эмэгтэй хүнийг инжээр үнэлэх, нийгмийн гарал угсаа байдлаар нь тодорхойлох зэргээр өмч, эрх мэдлийг нь боомилж иржээ. “Ямаан толгой ямбанд багтдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй” мэтийн зүйр үг чухам тэр үеэс л дэлгэрсэн гэдэг. Харин тусгаар тогтнолоо сэргээн зарлаж, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа зарлахдаа монголчууд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг баталгаажуулсан. Тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хуульчилсан Азийн анхны улс болсон амжилтын түүх бидэнд бий. Ингээд эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрх тэгш байх боломжийг бүрдүүлэх санал санаачилга бага багаар бэхэжсээр 1992 оны Үндсэн хуультай золгосон байдаг. 
Дээр дурдсанчлан, эмэгтэйчүүдийн эрхийн байдалд түүхэн цаг үеүд, түүнтэй холбогдож гарч ирсэн шийдвэр зохицуулалтууд дэвшил авчирч ирсэн. 1990 оноос өмнө  нөхөн үржихүйн эрхээ эдлэх, гэр бүл төлөвлөхтэй холбоотойгоор жирэмслэхээс хамгаалах, үр хөндүүлэх жам ёсны эрхийг чухалчилж байв. Тэгвэл өнөөдөр нийгэм, цаг үеэсээ хамаараад эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал шийдвэр гаргах түвшин дэх эрх мэдэл болоод байна. 
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээс үзвэл энэ жил Монгол Улс 146 орноос 70 дугаарт жагсаж, өмнөх оныхоос нэг байр ухарчээ. Монгол эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хувьд эрхээ эдэлж байгаа ч “улс төрийн эрх мэдэл, оролцоо” үзүүлэлтээр сүүл мушгиж, 113 дугаар байрт жагсаж байгаа юм. 

 

ХЭНИЙГ Ч ОРХИХГҮЙ ХӨГЖИХ НЬ

Жендэр бол хөгжлийн асуудал. Тогтвортой хөгжлийн 17 зорилт “Хэнийг ч орхихгүй байх” гэсэн уриатай байдаг. Гэтэл манай хүн амын тэн хагасаас илүүг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд цөөн байгаа нь хөгжлийн тушаа болж байна. Парламентад илүү итгэлцэл, хамтын ажиллагаа, хүндэтгэл бүхий соёлыг бүрдүүлэхэд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэж байгааг судалгаанууд харуулдаг. Жишээлбэл, Шинэ Зеландын эмэгтэй удирдагч уугуул хүмүүс болон тэнд нүүдэллэн очсон бүлгүүдийн харилцан адилгүй ашиг сонирхлын илрэлийн төлөө маш сайн ажиллаж ирсэн. Мөн Финланд, Швед, Норвегийг харвал Ерөнхий сайд нь эмэгтэй төдийгүй парламент, кабинетын бүрэлдэхүүнд эрэгтэй, эмэгтэй төлөөлөл тэнцвэртэй. Тал талаасаа асуудлыг олж харж, харилцан адилгүй бүлгийн дуу хоолойг сонсч чадсан учраас цар тахлын эсрэг арга хэмжээ нь ч илүү үр нөлөөтэй байсан гэж экпсертүүд дүгнэж байна.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлснээр хүрсэн сайн жишээг бид Монголоосоо ч харах боломжтой. Тухайлбал, 2012-2016 оны парламент дахь эмэгтэйчүүд өмнө сонгогдож байсан төлөөллөөс харьцангуй олон байсны зэрэгцээ нам үл харгалзан нэгдэж, үр дүнтэй ажиллаж чадсан. Олон жил ярьсан ч огт шийдэгдэхгүй, хэрэгжихгүй байсан чухал хуулиудыг чухам тэр үед баталж байжээ. Тамхины хяналт, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал, Соёлын хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Төрийн хэлний тухай хуулийг энд нэрлэж болно. 
Харамсалтай нь, УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл сүүлийн хоёр сонгууль дараалан 17 хувь дээр гацаад байна. Олон янзын хүмүүсийн ашиг сонирхлыг хангахуйц бодлого боловсруулах, шийдвэр гаргахын тулд надтай, чамтай, өөр олон хүнтэй төстэй төлөөлөл парламентад байх хэрэгтэй. Үүний тулд улс төр зөвхөн эрэгтэй хүний “ажил” гэсэн ойлголтыг өөрчлөх, олон нийтийн жендэрийн хэвшмэл үзлийг халах нь хамгийн чухал байна. Дэлхийн хөгжил, чиг хандлагаас хоцрохгүйн тулд УИХ дахь төлөөлөл, оролцоог хэрхэн “солонгоруулах” талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонслоо. 

 

 

Стратеги академийн захирал, хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан: СОЁЛД ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХЭРХЭН ИЛЭРХИЙЛЖ БАЙНА ВЭ ГЭДГИЙГ ХАРАХ ЁСТОЙ

-Хүн амын тал хувь нь эмэгтэйчүүд хэрнээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, аймаг нийслэлийн Засаг даргаас эхлээд өндөр дээд албан тушаалд дандаа эрэгтэйчүүд байгаа. Бид сүүлийн 30 жилд эрчүүдээр шийдвэр гаргуулж үзлээ. Нэг талын шийдвэр ухвар мөчид, оновчгүй, эргэцүүлэх зүйл ихтэйг олон жишээгээр тайлбарлаж болно. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг эдлүүлэхийн тулд төр тусгай байдлаар өргөж өгч, дэмжих хэрэгтэй болж байна. Үүний тулд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол Улс төрийн намын тухай хууль,  Улс төрийн санхүүжилтийн хуульд хүйс үл хамаарч эрх тэгшээр нэгнээ төлөөлөх боломж бүрдтэл нь тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувь хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг даруй авах ёстой. Ингэж байж шийдэл рүү алхам алхмаар дөхнө. 
Тэр бүр ярьдаггүй зүйл бол соёлд эмэгтэй хүнийг хэрхэн илэрхийлж байна вэ гэдгийг харах ёстой. Соёл бол уламжлал биш. Байгууллагын дарга, жолооч нь эрэгтэй, туслах, нарийн бичиг нь эмэгтэй байх ёстой гэдэг үзэл бол соёлын илрэл. Яагаад жолооч нь эмэгтэй, нарийн бичиг нь эрэгтэй байж болохгүй гэж асуух нь соёлоор илэрч, ойлгуулж байгаа дүр зураг. Соёлоор дамжуулж хэн байхыг тодорхойлохын зэрэгцээ нийгэмд хэн байхаа илэрхийлж бас болно. Уран сайхны кино, жүжиг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэй хүнийг хэрхэн илэрхийлж байна вэ? Хэвлэл мэдээллээр чухал асуудлуудыг дандаа эрэгтэй хүнээс асууж лавлаж байгаа юу гэдгээр хэн найдвартай эх сурвалж вэ гэсэн ойлголтыг уншигчдын ой тоонд өгч, нөлөөлнө. Эх сурвалж нь хүйсийн тэнцвэртэй, нийгмийн олон янзын бүлгийг төлөөлдөг байх нь ирээдүй рүү дөтөлж байгаа өнөөдрийн дүрийг өөрчилж байгаа соёлын эргэлт гэдгийг хэлмээр байна.

 

Судлаач С.Түмэндэлгэр: ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДТЭЙ ЭН ТЭНЦҮҮ БАЙХ УУ, СҮЛЖЭЭН ДОР НЬ ЯВАХ УУ ГЭДЭГТ ШИЙДЭЛ ГАРГАХ ЦАГ ҮЕ ИРСЭН 
 

-2010, 2011 онд улс төрд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх  асуудал тавихад сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө эрх мэдэлтэй эрчүүд бууруулж байсан. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрсөн хэрнээ Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй өнөөг хүрлээ. УИХ-ын гишүүдийн 17 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь дэвшил боловч нэр дэвшигчийн доод босгод хүрээгүй нь улс төрийн нам дахь эрх мэдэл эрэгтэй төвтэй байгааг харуулж байна. Энэ байдлыг улс төрийн нам дахь эмэгтэйчүүдийн бүтэц, хүч нэмэгдэж байж өөрчилнө. Улс төрийн намын сүлжээ  эрэгтэйг дагасан биш тусдаа хүчтэй дуу хоолойтой байж үр дүнд хүрнэ. Үүний тулд улс төрийн нам эмэгтэйчүүдийн байгууллагаа чадавхижуулах, эмэгтэй манлайлагчдыг илүү олон бэлтгэх хэрэгтэй. Намуудын гишүүнчлэлийг аваад үзвэл эмэгтэйчүүд нь дийлэнх олонх хэрнээ шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд давуу эрхтэй байгаа. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр ч сонгогчдын хувьд улстөрчийг ямар дүр, чанараар хардаг, мөн ямар чадвар шаардаж байгааг өөрчлөх шаардлагатайг судалгаа харуулж байна. 
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эн тэнцүү байх уу, эсвэл сүлжээн дор нь явсаар байх уу гэдэгт шийдэл гаргах цаг үе улстөрч, манлайлагч эмэгтэйчүүдийн өмнө гарч ирлээ. Магадгүй өөрөө л нэр дэвшээд явья гэвэл эрэгтэй манлайлагчтай сүлжээндээ дуугүйхэн явах нь хувь хүндээ ач холбогдолтой байж магадгүй. Харин эмэгтэйчүүдийн гэгдэх нийтлэг категорийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө хүчтэй дуу хоолой гаргая гэвэл сүлжээний манлайлагчийн төлөө зүтгэх нь ач холбогдолтой.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 151 (6883)