З.БАТЦЭЦЭГ

 

Их Британийн зургаан сая орчим өрх гар утас, суурин утас, өргөн хэрэглээний интернэтийн төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байна гэж "The Guardian" мэдээлэв. Амьжиргааны өртөг нэмэгдсэн нь олон хүнийг хоол хүнс, хувцас гэсэн хэрэгцээт зүйлээ танах, үйлчилгээгээ унтраах, өөрчлөх, сарын төлбөрөө алгасахад хүргэж байна. Хэрэглэгчийн бүлгээс гаргасан тайланд дурдсанаар Их Британид 5.7 сая өрх дөрөвдүгээр сард ядаж нэг "боломжийн асуудалтай" тулгарч байсан байна. Инфляц сүүлийн 40 жилийн дээд хэмжээнд хүрч, цахилгааны төлбөр энэ өвөл жилд 3600 фунт стерлинг болж өсөх хандлагатай байгаа тул хэрэглэгчид амьжиргааны өртгийн хямралд нэрвэгдсээр байна гэж сонинд бичжээ. Үүнтэй холбоотойгоор олон гэр бүл шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг авахад хүндрэлтэй болж байна.

Энэ оны эхээр Их Британийн харилцаа холбооны том компаниуд төлбөрөө 10 хувиар нэмэгдүүлсэн буюу нэгдүгээр сарын инфляцын индекс 3.9 хувиар нэмэгджээ. "BT" өнгөрсөн долоо хоногт өндөр хурдны интернэт болон гар утасны үнийн өсөлт нь 2022 оны эхний улиралд борлуулалтын өсөлтөд эргэн ороход тусалсан гэж мэдэгджээ. Тэрбээр ирэх онд үнийг инфляцаас дээгүүр өсгөж, орон даяар шилэн кабельд хөрөнгө оруулахаа амлав. Цаашилбал зургадугаар сард болсон Засгийн газрын уулзалтаар Их Британийн гар утас, интернэтийн томоохон компаниуд (BT, Virgin Media O2, Vodafone, Three, Sky, TalkTalk зэрэг) төлбөрөө төлж чадахгүй байгаа хэрэглэгчдэд туслах, тэр дундаа төлбөрөө хямд үнээр шилжүүлэхээр тохиролцсон гэж The Guardian бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 150 (6882)