П.АМГАЛАНБАЯР

“Ээж ээ, Та энэ зангиаг Шагдар ахад өгсөн юм уу. Тэр зангианаас аавын минь үнэр үнэртдэг юм аа" гэж өгүүлэх охины дүр “Гарын таван хуруу” киноны нэгэн утга санааг гайхалтайгаар зангидаж чаддаг. Гэрлээ хэмээх охины дүрд 10-хан настайдаа тоглож, урлагийн замналд хөл тавьсан нэгэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа. Тэрбээр МҮОНРТ хэмээх том айлын босгыг 19 настайдаа алхаж, айл бүрийн хойморт саатан, өдгөө 33 жил телевизийн салбарт гэрэлтэж явна. Аав С.Бужгар нь “Нийслэл хүү”, “Нүгэл буян”, “Говийн зэрэглээ”, “Хонины найр” кинонд чадварлагаар дүр бүтээж дэлгэцнээ мөнхөрсөн авьяаслаг жүжигчин.

Харин ээж Ш.Дэлгэржаргалыг нь “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр мэднэ. Тэрбээр “Гэрлэж амжаагүй явна”, “Үүрийн цолмон”, “Бодлын хулгайч” кинонд тоглож ард түмнийхээ дунд дүрээрээ амьдарч буй нэгэн.

Мөн олон кино, нэвтрүүлэг, найраглалыг дуу хоолойгоороо урласан байдаг. Урлагийн салбарт охь болсон авьяаслаг жүжигчдийн үргэлжлэл өнөөдөр телевизийн салбарт ийнхүү гялалзаж явна. Эцэг эхээс заяасан давтагдашгүй дүр төрх, дуу хоолой, авьяасаараа тодорч яваа түүнийг энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа урьж, ярилцлаа.

-Олон жилийн цаг хугацаа, хөдөлмөрийг тань үнэлж, Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх цолыг олголоо. Шагналаа гардах мөч амьдралд тань сайхан мэдрэмж төрүүлсэн агшин байсан болов уу?

-Шагналаа гардаж авах мөчид сандрал, догдлол хосолсон сайхан цаг хугацаа байсан. Бас өнгөрсөн дурсамжууд тэр үед сэтгэлд минь хөвөрч, халгилаа. Аавыгаа, хайртай хүмүүсээ дэргэд минь байсан бол гэж бодсон. МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болоход аав минь надад захидал явуулсан юм. Тэр үед манайх Дарханд амьдардаг байлаа. Ёстой шувуу болгонд үг дайгаад, шуудан бүрийд захиа дайгаад гэдэг шиг Улаанбаатар руу хүн ирэх бүрийд надад захидал явуулдаг байв. Намайг  нэвтрүүлэгч болсны дараа  явуулсан захиандаа “Аав ээжийнхээ  ангаахай охин

Ард түмний мэлмийн тусгалд туслаа

Төрүүлэхүйн биеийг нь бид мэдсэн

Төөрөг заяаг нь тэнгэр  мэдсү” хэмээн миний хувь төөргийг гайхалтайгаар буулгасан. Аав минь охиныгоо МҮОНРТ гэх том айлаас ажлын гараагаа эхэлсэнд  их баярласан. Шагналаа гардах мөчид аавын минь охиндоо дайсан мөртүүд сэтгэлд минь тод буусан. Мөн надаас илүү баярласан хүн бол миний ээж. Ээж минь таяггүй  бараг гүйхээрээ ордны  тэр өндөр шатаар  өгсөж явсан.  Эхийн сэтгэл гэж тийм л агуу. Ээжийгээ баярлуулсандаа, тэр гайхалтай мэдрэмж бүхий цаг хугацааг бүтээсэндээ хамгийн жаргалтай байна. Нэвтрүүлэгч мэргэжлийг төрийн дуу хоолой гэж ярьдаг шүү дээ. Төрийнхөө дуу хоолой болж явсаныхаа үр шимийг хүртлээ гэж бодож байна.

-Нэг гэр бүлээс гурван гавьяат төрнө гэдэг сайхан тохиол  шүү?

-Сүүлд хүмүүс хэлэхэд нь л анзаарсан. Манай удам төдийгүй урлагийн орон зайд  үлдэх сайхан түүх юм даа гэж бодож, бэлгэшээсэн.

-Мэргэжлийнхээ үнэ цэн, мөч чанарыг юу гэж тодорхойлох вэ?

-Нэвтрүүлэгчид үзэгчдийн өмнө ил гарч байгаа болохоос биш олон хүний хүч хөдөлмөрийн үрээр бүтдэг ажил. Дууны найруулагч, эфирийн инженер, тайзны ажилчид, зураглаач, зураач, үйлчлэгч гээд олон хүн бий. Сэтгүүлч, сурвалжлагч нарын бэлтгэсэн материалууд нэвтрүүлэгчийн дуу хоолойгоор дамжин үзэгчдэд хүрдэг. Нэвтрүүлэгчдийг олон сайхан мэдээ мэдээлэл, бичвэрээр орой бүр цэнхэр дэлгэцээр уулзуулдаг сэтгүүлч, сурвалжлагч, найруулагч, зохиолчиддоо талархаж байна.  Унших сайхан нийтлэлүүд арвин бий.  Гэхдээ зарим хүн нэвтрүүлэгчийг хүний бичсэн материалыг уншдаг хүн гэж хардаг. Сэтгүүлч, зохиолч, яруу найрагчид хэчнээн сайхан материал бичсэн ч гэсэн үзэгчдэд тэр бүр хүргэж чаддаггүй. Тухайн материалыг үзэгчдийн чихэнд хүргэж амилуулах нь нэвтрүүлэгчийн ажлын онцлог. Гайхалтай өнгө аясыг шингээсэн бичвэр, найраглал, хөрөг уншихад ямар сайхан гэж санана. Бүр дотроосоо хөглөгдөөд ирдэг. Миний мэргэжлийн хүнд өгч, бас өөрөө мэдэрч байгаа гайхалтай мөн чанар  үүнд орших байх. Сэтгүүлчээрээ тухайн үед ажилласан бол өөрийн гэсэн брэнд нэвтрүүлэг, ток шоутай байх байсан болов уу. Гэхдээ би нэвтрүүлэгчийн замналаар алхсандаа хэзээ ч харамсаж байгаагүй. Миний дурласан, зүрх сэтгэлээ  зориулсан  ажил шүү дээ. Тийм болохоор ажлаасаа үргэлж сайхныг мэдэрч явна.

-Таны амьдралын олон сайхан дурсамж мэргэжилтэй тань салшгүй холбоотой байх. Ямар цаг хугацаанд нэвтрүүлэгч болсноороо хамгийн их бахархаж, баярлаж байв?

-МҮОНРТ-ийн 25 жилийн ойгоор Б.Цэенханд багшийгаа Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд магнайгаа тэнийтэл баярласан. Багш минь салбартаа олон жил хөдөлмөрлөж, зүрх сэтгэлээ зориулсан хүн. Тэтгэвэрт гарсныхаа дараа гавьяат  болсон. Би тухайн үед яагаад багшийн минь хөдөлмөрийг сүүлд үнэлж байгаа юм бол гэж гайхаж байсан. Хэрэв ид хийж бүтээж явсан цаг хугацаанд нь урамшуулаад өгсөн бол энэ мундаг хүмүүсээс илүү олон сайхан бүтээл гарах байсан болов уу. Мөн телевизийнхээ 50 жилийн ойгоор их баярлаж байлаа. Сая Ерөнхийлөгчийн зарлигаар хариуцлагатай, хүндтэй цолыг гардаж аваад хамгийн их баярласан. Ээжийгээ баярлуулж чадсан минь хамгийн сайхан цаг хугацаа. Бас Бямбаа эгч, Бадарч гуай хоёр “Болор цом-33” яруу найргийн наадмаас эхлээд албан ёсоор хөтлөх эрхийг хүлээлгэн өгч, би хадаг барьж хүлээж авсан. Энэ цаг хугацааг хэзээ ч мартагдашгүй, гайхалтай орон зайд намайг хөтөлсөн том шагнал.

Энэ жил олон зүйлийн хослол бэлгэдэлтэй сайхан жил байна. Цаг хугацааны хувьд 2022 он,  Монголын радиогийн 88 жилийн ой,  МҮОНРТ 55 ой тохионо. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг ангиасаа хоёулаа, ажлаасаа хоёулаа авсан нь их бэлгэшээлтэй. Бид гурав нэг багшийн шавь. Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа гээд надад хэлэхэд ээж минь “алба, амины хоёр охин хоёулаа эрхэм цол хүртлээ” гээд баярлаж байсан. Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ээжийн албаны охин. “Цөвүүн цагийн Богд” киноны Ногоон дарь эхийн дүрд Ч.Ичинхорлоо маань тоглосон. Тэр үед Ногоон дарь эхийн аав ээж хоёр нь манай аав ээж хоёр болж байсан сайхан тохиол бий. Ээжийгээ алба, амины хоёр охин цол хүртлээ гэхэд нь л анзаарсан. Эх хүн тийм агуу, нарийн мэдрэмжтэй.

-Та ээждээ зориулж шүлэг бичсэн байдаг. Хайртай хүндээ зориулж бичсэн үг бүхэн үнэ цэнтэй байсан байх даа?

-Москвад ажиллаж байхдаа ээждээ зориулж шүлэг бичсэн. Гэхдээ шүлгээ төгсгөж чадаагүй. Дуусгах гэхээр худлаа болчих юм шиг санагдаад. Тэгээд ирснийхээ дараа ээжийгээ хараад төгсгөлийг нь гүйцээж бичсэн дээ.

-Таны амьдралаас яруу найраг, утга уран зохиолыг ялгаж салгахын аргагүй. Яруу найргийн ямар мэдрэмж таныг татдаг вэ?

-4-5 настай байхад ээж минь надад Д.Сэнгээгийн “Тагтаа” шүлгийг зааж өгсөн. Тэгээд би цэцэрлэгтээ шүлгээ уншдаг байлаа. Энэ цаг хугацаанаас би шүлэг яруу найрагтай танилцаж эхэлсэн байх. Яруу найргийн дотогшоо өнгийсөн торгон мэдрэмжүүд гайхалтай санагддаг. Сонсоод, уншихад сэтгэл догдлуулж, эмзэглүүлж, омогшоосон тэр мэдрэмжийг өгч чаддаг дүрслэл, бичлэгийг өөрийнхөө зоргоор авах юмсан гэж боддог. Зохиолч, яруу найрагчдын сэтгэл хөдлөл, догдлол, гутрал гунигийг дэргэдээс нь харж, мэдрэх ямар сайхан гэж санана. Тэдэнтэй нэг тайзан дээр, нэг микрофоны ард зогсох нь хүртэл сайхан мэдрэмж төрүүлдэг.  Хүн бүр өөртөө тохирсон бичээч, зохиолч байдаг. Гэхдээ яруу найрагч, зохиолчтой ойр ажиллахаар тэд тэнгэрээс өгөгдөлтэй, өөр ертөнц, орчин, мэдрэмж, оюун ухаантай байдаг болов уу гэж бодогдсон. Бас хөдөө, ахуйгаас сайн зохиолч, найрагч төрдөг юм шиг санагддаг. 

-Хүнд өөрийгөө олсон цаг хугацаа гэж байдаг. Таны хувьд амьдралынхаа аль агшинг гэж хардаг вэ?

-Би хүүхэд байхаасаа өөрийгөө олсон байх. Биеэ даасан хүүхэд байсан. Ирээдүйд ямар мэргэжилтэй болох, аль салбар руу орох вэ гээд өөрийгөө олсон байсан болов уу. Гэхдээ хүн өдөр тутам өөрийгөө нээж, суралцаж, хөгжиж явдаг.

-Таныг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг олоход өссөн орчин, аав ээжийн тань мэргэжил нөлөөлсөн байх?

-Тэгэлгүй яах вэ. Гэр бүлийн минь сайхан дурсамжууд Дархан хотод өнгөрсөн. Миний хүүхэд насны дүрслэлд буудаг Дархан хотын өнгө төрх хэчнээн сайхан гэж бодож байна. Тайван, амгалан, бүх зүйл нь ёс зүйтэй, соёлтой. Одоо ч хэвээрээ. Аав ээж хоёр минь театрт ажилладаг байсан. Тэгээд дандаа хамт явдаг байлаа. Урлагийн сайхан орчин, хүмүүсийн авьяас, хүсэл мөрөөдөл оргилсон тэр театрт би өссөн. Театрын булан тохой бүрт миний хөлийн мөр байдаг байх. Надад тэр  булан тохойны үнэр одоо ч үнэртэх шиг болдог. Тайз их өвөрмөц гоё үнэртэй  илүү сайхан мэдрэмж төрүүлдэг. Тухайн үед аав ээжийгээ тайзан дээр байхыг нь хараад баярлаж, омогшдог байлаа.

-Та олон кино, нэвтрүүлэг, найраглалд дуу оруулсан. Тухайн дүрийнхээ баяр, гунигийг мэдэрч байж үзэгчдэд хүрдэг байх?

-Тухайн дүрд жүжигчнээс дутахааргүй дуу оруулж байж дүрээ гаргаж чадна. Дүрстэй сайн ажиллах хэрэгтэй. Аль дүрсний араас ямар өнгө аястай хэлэх вэ, тухайн зураглал дээр хэрхэн уншиж байна гэдгийг харна. Бас харааны ой шаарддаг. Сүүлийн үед киноны дуу оруулалтын албанд мэргэжлийн жүжигчид ажиллуулдаг болсон. Энэ зөв шийдэл гэж хардаг. Өмнө нь хүүхэлдэйн, уран сайхны, баримтат кино, концерт зарим нэвтрүүлгийг эфирт шууд уншдаг байсан. Үзэгчдэд кино хүрч байхад дуу оруулагчид ард нь чихэвчээ зүүгээд текстээ чимээ гаргахгүй уншдаг байлаа. Тэр үед буруу авиа гаргаж, дуугарч, цаасны чимээ гаргаж болохгүй. “Халтар царайт” киноноос хойш кино дуу оруулалтыг бичдэг болсон.

-Таны амьдрал кино урлагтай салшгүй холбоотой. Аав ээжийнхээ тоглосон киног үзэх сайхан мэдрэмж төрүүлдэг байх?

-Наадам, цагаан сараар аав ээж хоёрын минь тоглосон кино их гардаг. Кино гарах болгонд дахин үздэг. Аавыгаа бурхны оронд үдсэнээс хойш бараг 10-аад жил аавынхаа тоглосон кино, аавын тухай дуу шүлэг сонсож чаддаггүй, зангираад байдаг байсан. Одоо л гайгүй болсон доо. Кино үзэх бүртээ шинэ мэдрэмж, утга санааг олж хардаг.

-Кино урлаг илүү хөгжихөд юун дээр илүү анхаарах хэрэгтэй гэж хардаг вэ?

-Уран зохиол, жүжиг, кино шүүмжгүйгээр хөгжихгүй. Өнөөдөр шүүмж дутагдаад байгаа юм шиг харагддаг. Шүүмжийг хүмүүс доромжлол, гутааж байна гэсэн утгаар хүлээж авдаг. Эсрэгээрээ зүйл шүү дээ. Шүүмжгүй бол тухайн салбар нэг бол зогсоно эсвэл цаасан малгай өмсөөд тэнгэрт хөөрсөн хүмүүс явна гэсэн үг. Тиймээс шүүмж судлалыг сайн хөгжүүлбэл уран зохиол, театр, киног хүмүүс унших, үзэх дур сонирхлыг төрүүлж, дуртай болгоно гэж хардаг. Ингэж байж нийгэм зөөлөрнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 144 (6876)