Ч.ГАНТУЛГА

 

БТСУХ-ноос “Парис-2024” зуны олимп, паралимпийн наадам болон “Милан-2026” наадамд эх орноо төлөөлөн оролцох боломжтой Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлаж, тамирчид тангараг өргөсөн. Энэ жилийн шигшээ багийн хувьд харьцангуй залуу, шинэ тамирчдаар хүч нэмжээ. Монголчуудын хувьд дэлхийн тавцангаас медаль авах боломжтой жүдо, чөлөөт, бокс, хүндийг өргөлт, буудлага гэсэн топ таван спортын төрлөөр шигшээ багт ямар тамирчид багтсан нь сонирхол татаж байна. Эдгээр төрлүүдэд үндэсний шигшээ багт багтаж буй онцлох жингийн тамирчид болон тэднээс заримыг нь онцлоё.

 

Жүдо

Ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар ажиллана

Эр:

60кг-д Э.Ариунболд

66кг-д Ё.Басхүү

73кг-д Ц.Цогтбаатар

100кг-д О.Цэцэнцэнгэл

Эм:

48кг-д Г.Наранцэцэг

52кг-д Л.Сосорбарам

63кг-д Б.Ганхайч

Онцлох тамирчин Л.Сосорбарам

Шигшээ багийн тамирчин Л.Сосорбарам 2001 оны гуравдугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төржээ. Тэрбээр 17 настайдаа Дьюселдорфийн их дуулгад бүх өрсөлдөгч нараа цэвэр ялсаар мөнгөн медаль хүртсэн юм. Л.Сосорбарам нь Өсвөр үеийн УАШТ алтан медаль, Залуучуудын УАШТ алтан медаль, Турк, Анталья олимпийн эрхийн тэмцээний алтан медаль, ОХУ, Тува  олимпийн эрхийн тэмцээн мөнгөн медаль хүртсэн зэрэг амжилт үзүүлсэн жүдогийн шинэ үеийн, шилдэг тамирчдын нэг юм.


Хүндийн өргөлт

Ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр ажиллана

М.Анхцэцэг

Г.Ануужин

Э.Билэгсайхан

О.Төгс-Эрдэнэ

Онцлох тамирчин О.Төгс-Эрдэнэ

Монголын хүндийн өргөлтийн залуу үеийн шинэхэн төлөөлөл нь ОУХМ О.Төгс-Эрдэнэ юм. Тэрбээр саяхан Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон хүндийн өргөлтийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 71кг-д алтан медаль хүртсэн юм. О.Төгс-Эрдэнэ огцмоор 81, 84, 89 түлхэлтээр 101, 108, 112 кг захиалсан ба 112 кг-г өргөж чадаагүй ч бусдыгаа тэргүүлсэн байна. Азийн аваргын хүрэл медальтай түүний араас Узбекистан, Казахстаны тамирчид удаалжээ.


Чөлөөт бөх

Ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан ажиллана

Эр:

65кг-д Т.Тулга

97кг-д Ө.Батзул

125кг-д М.Лхагвагэрэл

Эм:

50кг-д Д.Отгонжаргал

57кг-д Х.Болортуяа

62кг-д Б.Хонгорзул

Онцлох тамирчин Т.Тулга

Т.Тулга 1998 онд төржээ. Түүний хувьд хувьд 2009 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн. Анх 2016 онд 18 настайдаа улсын аварга болж байв. Тэрбээр 2017 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль, Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээний мөнгө, 2018 онд Тахтийн цом олон улсын тэмцээний алт, 2019 онд  23 хүртэлх насны Азийн АШТ-ий алт, 2021 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байгаа юм.


Бокс

Ахлах дасгалжуулагчаар Жилберто Виарас ажиллана

Эр:

Х.Энхмандах

Б.Мишээлт

Б.Чинзориг

Эм:

М.Намуун

Г.Бадмаараг

О.Есүгэн

Онцлох тамирчин Б.Мишээлт

Улсын аваргын гурван удаагийн аварга Б.Мишээлт ОБЕГ-ын харьяа “Аврагч” биен тамир спортын хорооны тамирчин билээ. Тэрбээр 2019 онд Монголын боксын холбооны шилдэг тамирчнаар шалгарч байсан юм. Б.Мишээлт “China open 2019”, “India open 2019” тэмцээнд тус тус алтан медаль хүртсэн билээ. Түүний хувьд энэ жил улсын аварга болохдоо гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ялсан юм.


Буудлага

Ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат ажиллана

Урт буу Н.Баяраа

Урт буу Э.Даваахүү

Гар буу Т.Баярцэцэг

Гар буу Ц.Анударь

Урт буу О.Есүгэн

Урт буу Г.Нандинзаяа

Онцлох тамирчин Ц.Анударь

Буудлагын спортын шинэ цагийн залуу тамирчдын нэг нь Ц.Анударь юм. Тэрбээр Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон билээ. Анхны олимпдоо 576 оноо авч, есдүгээр байр эзэлсэн юм. Ц.Анударь олимпийн дараа “Энэ удаагийн олимпод хүмүүс сайн буудлаа. Миний хувьд өөрийгөө сайн буудсан гэж бодож байна. Миний контрол ч нэлээн өндөр нэгдүгээрт явж байсан тамирчнаас нэг контрол дутуу байлаа. Гараад ирсэн чинь л есдүгээр байраар таслуулчихсан байсан. Ер нь бол багштай явсан бол зүгээр байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 141 (6873)