Б.ДОЛЖИНЖАВ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочин  БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгын онцлох эшлэлээс хүргэж байна.

-Улаанбаатар хотын агаар бохирдуулагчийн эх үүсвэрийн 80 хувь нь гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн яндан, 10 хувь нь дулааны станцын яндан байдаг. Харин зургаа орчим хувь нь авто тээврийн хэрэгсэл, дөрвөн хувь нь хөрсний эвдрэлээс үүсдэг шороо тоос юм.

-Байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлын тухай ярихын тулд давхар экосистемийн үнэ цэнийн тухай ярих шаардлагатай. Хүн төрөлхтөн байгалийн үр өгөөжийг өдөр тутмын амьдралдаа хүртэж амьдардаг. Тэр ч утгаараа байгалийг унаган байдлаар нь хадгалах, үнэ цэнийг нь алдагдуулалгүйгээр ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь маш чухал юм.

-2024 он гэхэд цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 25 хувь, 2030 онд 30 хувьд хүргэнэ.

-Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай улсад сүүлийн 80 жилд уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдлаа. Тодруулбал, энэ хугацаанд агаарын дундаж температур дэлхийн дундажаас хоёр дахин их буюу 2.25 хэмээр дулаарсан. Мөн  жилийн хур тунадасны хэмжээ долоон хувиар буурсан нь үүний нотолгоо юм.

- Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай оронд цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж 20-43 өдрөөр нэмэгдэн, гол, мөрөн хурдацтай ширгэлээ. Мөн мөнх цэвдэг сүүлийн 50 гаруй жилд 34 орчим хувиар хумигдсан байна.

-Уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь буюу 120.3 сая га талбай тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртсөн судалгаа гарсан.

-Тал хээр, говийн бүсийн хур тунадас багатай аймгууд цөлжилтөд хамгийн их өртөж газар нутгийн 50-70 хүртэл хувь нь цөлжилт, бэлчээрийн доройтолд оржээ. Үүнээс үүдсэн шар шороон шуурганы тоосжилтын асуудал хөрш орнууд, цаашлаад бүс нутгийн хэмжээний томоохон асуудлын нэг болоод байна.

-Уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орны нэг Монгол Улс дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг ялгаруулдаг.  Үүнээс харахад дэлхийн хүлэмжийн хийн ялгаралд эзлэх хувь бага хэдий ч нэг хүнд болон нэгж дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох ялгарлын хэмжээгээрээ дэлхийн болон бүсийн дунджаас харьцангуй өндөр байдаг. Иймд төр, засгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох асуудлыг тэргүүн зэрэгт авч үздэг.

-НҮБ-аас 2015 онд баталсан Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг үндэсний хэмжээнд 2030 он гэхэд 23 орчим хувиар бууруулах зорилт тавиад байна. Зорилтыг хүлэмжийн хийн ялгарал ихтэй эдийн засгийн зургаан салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг нийгэм, эдийн засгийн долоон чиглэлд үе шаттай хэрэгжүүлэхээр арга хэмжээний төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

-Монгол орны төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг улс орнууд дангаараа даван туулах боломжгүй. Харин нэгдмэл зорилго, хамтын хүчин чармайлтын үр дүнд амжилтад хүрнэ. 

-Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт байгаль орчныг хамгаалах, газар, ус, байгалийн ургамал, ой, ан агнуур, агаар, хог хаягдал, химийн бодис, аялал жуулчлал гэсэн 36 хууль, 22 олон улсын гэрээ конвенц, 100 гаруй хоёр талт гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.

-Манай улс “Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг 1998 онд баталсан нь даян дэлхийн үйл явцыг соргогоор мэдэрч, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлсэн бодлогын анхны цогц баримт бичиг болсон гэж үздэг.

-“Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль”-д нийцүүлэн Монгол Улсын дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах ажлын дэд хэсэг ЗГХЭГ-ын даргын 2021 оны 50 дугаар тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсэг нь ногоон хөгжил, ус, ой, тусгай хамгаалалттай газар, биологийн төрөл зүйл, орчны бохирдол, аялал жуулчлал гэсэн зургаан бүлэгт хуваагдан ажиллаж байна.

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ногоон хөгжил” гэсэн тавдугаар бүлэгт 12, “Эдийн засаг” гэсэн гуравдугаар бүлэгт аялал жуулчлалын есөн зорилтыг тусгасан. Үүнээс гадна хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 77 арга хэмжээ тусган, хэрэгжүүлж байна.

-“Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн Эх байгаль, анхдагч экосистем, байгалийн нөөцийн хамгаалал, зохистой ашиглалт, хүрээлэн байгаа орчны чанар, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон нүүрстөрөгч багатай ногоон хөгжил гэсэн үндсэн дөрвөн агуулгын хүрээнд боловсруулж байна.

-Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хувьд салбар дундын зохицуулалт шаардсан олон асуудал байдаг. Тиймээс зорилтот хөтөлбөрийг эдийн засаг, дэд бүтцийн, бүс нутгийн хөгжлийн болон бусад салбар дундын шинжтэй зорилтот хөтөлбөрүүдтэй уялдуулан төлөвлөхөд анхаарч байна.

-Зорилтот хөтөлбөрийг боловсруулахад баримтлах суурь зарчим бол “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат буюу 2030 он хүртэл хэрэгжүүлэх зорилго, зорилттой нягт уялдуулах, байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдийн тэргүүлэх арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж, орхигдуулалгүйгээр цогц байдлаар боловсруулах асуудал гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй болов уу.

-“Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр урт хугацааны бодлогод туссан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын зорилтууд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг нэгтгэн тусгах, шинээр үүсэж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлттэй болох юм.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн ойн сан бүхий газрыг нийт газар  нутгийн есөн хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, ашиглалтад өртөмтгий ургамал, амьтны тархац, нөөцийн судалгааг улсын хэмжээнд шинэчилж, хамгаалал, зохистой ашиглалтын менежментийг хэрэгжүүлнэ. 

-Хот, суурин газрын агаар, орчны бохирдлыг бууруулж, агаарын чанарыг стандартын түвшинд хүргэж сайжруулна. Хог хаягдлыг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулан булж устгах хог хаягдлыг 60-аас доошгүй хувь бууруулж, дахин боловсруулсан хог хаягдлын хэмжээг 40-өөс доошгүй хувьд хүргэнэ.

-Нүүрстөрөгч багатай ногоон эдийн засгийг хөгжүүлж, эдийн засгийн хөгжил өнөөгийн хандлагаар явна гэсэн төсөөлөлтэй харьцуулахад хүлэмжийн ялгарлыг 22 хувиар бууруулахаар зорин ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn