С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” булангийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд уригдаж дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр энэ үеэр “Энэ жилийн төсөвт анхан шатны тусламж үйлчилгээний тарифыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Ер нь өрхийг хувийн эмнэлэг гэж ойлгож болно. Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ хийдэг нөхөрлөлийн журмаар байгуулагддаг. Тухайн орон нутгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газартай гурвалсан гэрээ хийж сонгон шалгаруулалтад тэнцээд даатгалаас санхүүжилт авч байгаа. Гэтэл манайхан яамны харьяанд байдаг гэж буруу ойлгодог. Тэгэхээр энэ жил сонгон шалгаруулалтыг өөрчилсөн. Ялангуяа, даралт ихэсдэг хүн 10 хоног эмнэлэгт хэвтүүлээд, бөөрний архаг үрэвсэлтэй хүнийг 10 хоног эмчлээд үр дүн гарахгүй. Тиймээс шаардлагагүй хэвтэлт, хүний нөөцийн дутагдлыг зохицуулахын тулд тарифыг нэмж, хариуцлагыг өндөрсгөж өгч байгаа. Дээрээс нь мөн л гүйцэтгэлээр санхүүжиж нэмэлт орлого олох боломжтой. 10 мянган хүн амтай хорооны өрхийн эмнэлэгт нэг иргэний тарифыг 60 мянган төгрөгөөр баталж өгч байна. Энэ бол төсөвт суусан мөнгө. Тэр хэмжээгээр тусламж үйлчилгээгээ сайн үзүүлэх ёстой. Яам хяналт тавина. Дүүргийн эмнэлгүүд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд байдаг. Босоо удирдлага нь тэнд гэсэн үг. Эрүүл мэндийн яаманд 21 байгууллага бий. Бид хэчнээн тушаал шийдвэр гаргасан ч удирдлага тусдаа учраас хариуцлага тооцож чадахгүй. Дүүргийн эмнэлэг дээр  нэг эмч алдаа гаргалаа гэхэд шууд хариуцлага тооцох эрх надад байхгүй. Засаг дарга, ЭМГ-ын дарга руу нь хандах ёстой. Тиймээс тусламж үйлчилгээг сайжруулж бодлого хэрэгжүүлэх үүднээс нийслэлд харьяалалтай гурван төрөх эмнэлгийг яамны харьяанд татаж авчирсан” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn