Б.ДЭМБЭРЭЛНЯМ

NBA-ийн сүпер од Пол Жорж өөрийн замнал болон бэртлийн талаар дурссан ярилцлагыг орчуулан “Амжилтын эзэн” буландаа хүргэж байна.

 

“Миний замнал нүдний өмнүүр гялбаад өнгөрөх шиг л болов”

Бүгд нам гүм болж, ордон агааргүй болох шиг санагдлаа. Би шоконд орсон байж магадгүй ч хүмүүс амьсгаа даран хүлээж байгааг мэдэрч, тэд нүүрээ халхалсан байхыг харав. Эхэндээ юу ч мэдэрсэнгүй, босоод алхах гэтэл чадаагүй тул хөл рүүгээ харсан. Гэтэл зарим нь утсаараа бичлэг хийж байгаа нь нэг л хачин санагдав. Ингээд л муу зүйл болох нь гэдгийг ойлгосон юм. Эхний хоромд 24 настай Пол Жорж АНУ-ын багт тоглож, Пэйсерстэй аваргын дайралт хийж байгаа дүр зураг харагдаж, дараагийн хоромд миний замнал нүдний өмнүүр гялбаад өнгөрөх шиг л болов. Фресно мужид болсон анхны тоглолтдоо нэг залуугийн дээрээс тохож, Спортс Центрийн шилдэг аравт багтсан мөчийг санаж байна.

Шалан дээр хэвтээд, дамнуурга хүлээж байхдаа “Би урьдынх шигээ  болж чадах болов уу” гэж бодсон. Тэр шөнө ээж хамт байсанд бурхандаа талархъя. Ээж надтай хамт түргэн тусламжийн тэргэнд сууж явахдаа “Зүгээр болно оо, хүү минь” гэж давтан хэлж байв. Хэрвээ өөр хүн ингэж хэлсэн бол тоохгүй ч түүнээс ийм үг сонссон болохоор маш хүчтэй нөлөөлсөн. Учир нь ээж жинхэнэ өвдөлт гэж юу болохыг мэддэг. Бага байхад түүний өвдсөнтэй харьцуулахад минийх юу ч биш. Намайг зургаан настай байхад тэр хоёр удаа цус харвасан. Тэр үед эмч нар түүний үхлийг хүлээн зөвшөөрсөн юм билээ. Тэр амьд үлдсэн нь ямар гайхамшигтай зүйл болохыг ойлгоход би хэтэрхий балчир байж. Харамсалтай нь ээж маань хагас саажилттай болж, маш их өвдөлт, эмчилгээг даван, урт замыг туулсан. Тиймээс би хөлөө хугалахад тэр “Хүү минь, зүгээр болно оо” гэж хэлсэн нь хоосон үг биш гэдэгт бүрэн итгэсэн. Би эдгэрэх явцдаа гутарч, бухимдаж байсан үе бий ч ээжтэйгээ ярилцахад маш их хүч авдаг байлаа. Би үүнийг хийхийг үнэхээр их хүссэн учраас тэр намайг дахин босно гэдгийг мэдэж байсан.

Хайчлаад шорт болгочихсон гэрийнхээ хувцастай талбайд гарсан

Ээжээс намайг асуувал “Олигтой гуталгүй, нинжа шиг хар хувцастай хүү өдөр шөнөгүй тоглодог байсан” гэж хэлнэ. Оройн 23:00 цагт хөл нүцгэн бороонд тоглосоор. Гутал авч чадахгүйдээ биш 30 секундыг үдээсээ үдэхэд зарцуулах нь хайран байсан. Би талбай руу явахдаа ингэж л догдолдог байв. Ахлах сургуулийн лигт анхны тоглолтдоо оролцоход бүх хүүхэд иж бүрэн хувцас, хэрэгсэлтэй гарч ирсэн байхад би өвдөг хүртэл нь хайчлаад шорт болгочихсон гэрийнхээ хувцастай талбайд гарч байлаа. Би өөр зүйлийн талаар бодох ч сөхөөгүй болтлоо сагсан бөмбөгт гүн автсан.

“Би уулын нөгөө талд гарахыг хичээж байлаа”

Би холливүүд, Беверли Хиллс биш тэндээс хол орших уулсын нөгөө талд амьдардаг байсан. Цөлийн дундах цэнхэр захтнуудын бяцхан хот. Миний эгчийг Тейоша гэдэг. Надаас таван насаар эгч. Аав “Миний машины цонхыг бөмбөгөөр цохиод хагалчихав” гэдэг байсан. Тиймээс бид зөөврийн шийдээ мухар зам руу чирнэ. Цагираг нь доошоо унжчихсан, шонгийн хэсгийг бүхэлд нь цахилгааны лентээр ороочихсон, элэгдэж хуучирсан нь гунигтай ч бидний өмч. Юу ч болсон хамаагүй цаг наргүй тоглоно. Эгч Тим Данкан шиг дундын зайн шидэлттэй. Түүний тоглолт үнэхээр галзуу учраас би ахлах сургуулийн хоёр дахь жил хүртлээ ялж үзээгүй. Харин түүнээс хойш үргэлж өрсөлдөх болсон. Жаахан том болж “Youtube” гарч ирэхэд Лос Анжелес, Нью Йоркын том залуусын бичлэгийг үзэхэд тэд тэс өөр ертөнцөд амьдарч буй мэт санагдаж байлаа. Лэнс Стефенсон, ДеМар, Жрү Холидей нар надтай насаар ойролцоо байсан ч миний хувьд бараг л алдартнууд гэсэн үг. Надад баг, дасгалжуулагч байгаагүй учир бие дааж бэлтгэл хийдэг байв. Тейоша зул сарын баяраар бэлтгэлийн гутал авах үед нь зээлж аваад, “Би гарцаагүй тохох болно” гээд л ойр хавиар гүйдэг байсан. Үүнээс зургаан сарын дараа би тохож сурав. Заримдаа үүргэвчээ чулуугаар дүүргээд, гэрийн ард байдаг элстэй хэсэг рүү гүйж, түлхэлтийн дасгал хийдэг байлаа. Зүгээр л салхины чимээ сонсогдоно. Би уулын нөгөө талд гарахыг хичээж байлаа.

Хэн ч LA-н гадна баруун уулнаас ирсэн залууг NBA-н од болно гэж бодоогүй

Би ахлах сургуулийн хоёр дахь жил хүртлээ олны анхааралд өртөөгүй. Харин Дана, Дэвид нар намайг олж хараад, өөрсдийн AAU-н багт тоглохыг урьсан. Тэд LA-н өөр өөр хэсэгт бэлтгэл хийдэг тул би очих боломжгүй байв. Аав завгүй ажилладаг, ээж машин жолоодож чаддаггүй. Харин тэд намайг бэлтгэл болон гэрт хүргэж өгөхийн тулд машин явуулдаг байсан. Хэрэв тэд үүнийг хийгээгүй бол би энэ түүхийг ярих боломжгүй. Би хэзээ ч  нэгдүгээр дивизонд эсвэл лигт тоглож байгаагүй. Анх удаа бэлтгэлд оролцоход багийнхан маань “Чиний талаар огт сонсоогүй юм байна. Чи хэн бэ” гэж байсан. Тэр үед хэн ч LA-н гадна баруун уулнаас ирсэн залууг NBA-н од болно гэж бодоогүй байх.

Би 10 жилийн өмнө гэрээ орхиод гарахад гэр бүл маань ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Тэд анх удаа агентаас дуудлага хүлээн авч, миний нэрийг драфтын самбар дээр байгааг хараад, ухаан нь балартсан гэхэд болно. Тэд миний тоглолтыг үзэж, надтай биечлэн уулзахын тулд долоон цаг зарцуулдаг байсан. Гэсэн ч тэдний хувьд би бяцхан хүү хэвээрээ. Би ээждээ Клипперсийн төлөө тоглох болсноо хэлэхдээ үнэхээр баяртай байсан. Сүүлийн хэдэн жил намайг тоглохыг харах гэж хол зам туулах нь түүнд хэцүү байсан юм. Тэр дайчин, хэзээ ч гомдоллодоггүй. Гэвч онгоцонд суух нь ээжид амаргүй тул аав түүнийг Стэйплс рүү хүргэж өгдөг. Элсэн дунд том цүнхтэй чулуу үүрч, уулын нөгөө талд гарах, Стэйплст тоглох, тод гэрлүүдийн тухай мөрөөддөг байлаа. Эцэст нь би аварга болохын  төлөө мэрийх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 91 (6823)