Б.ОД

Хүүхдүүдтэйгээ зүй бус харьцсан Архангай аймгийн цэцэрлэгийн багшийн диплом хуурамч байсан гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Тухайн багшид ямар хариуцлага тооцсон талаар яамнаас тодрууллаа.

БШУЯ-ны СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар  "Архангай аймгийн удирдах ажилтны ёсзүйн зөвлөлөөс ямар арга хэмжээ авах шийдвэрээ бидэнд танилцуулж ирүүлээгүй байна. Цалингийн 20 хувь хасах биш ёсзүйн дүрмийн хүрээнд зохих хариуцлагыг тооцох юм. СӨБ-ын тухай хуулиар цэцэрлэгийн багш нь дөрвөн жилийн бакалаврын боловсролтой байх ёстой. Харин цэцэрлэгийн багшийн техникийн сургуульд суралцаж төгссөн бол дараа нь бакалаврын чиглэлээр суралцахыг шаарддаг.  Архангайн хариуцлага алдсан багшийн хувьд өмнө нь цэцэрлэгийн багшийн техникийн сургуульд суралцаж 1987 онд төгсөөд 2018 онд бакалаврын зэргээ хамгаалсан буюу дипломын зөрчилгүй байсан. Манай сан дахь мэдээлэлд түүний үндсэн диплом нь хуурамч биш гэсэн үг. Өөрөөр хэлбэл сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багш юм. Харин цэцэрлэгийн удирдлага буюу эрхлэгч болон аргазүйч нар бага ангийн багшийн мэргэжилтэй байсан. Тэгэхээр мэдээллийн сан дахь тэдний диплом нь хуурамч гэсэн үг. ЕБС, СӨБ-ын хариуцлага алдсан хүмүүст аймгийн дэргэдэх ёс зүйн зөвлөл ямар арга хэмжээ авах талаар тодорхойлсон БШУ-ны сайдын тушаал бий. Тиймээс тус аймгийн ёс зүйн зөвлөл нь энэ хүрээнд хариуцлага тооцох бүрэн эрхтэй" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn