Б.ОД

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлтийн хүрээнд хийж буй ажлын талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг Авлигын эсрэг үндэсний чуулганы үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр  "Хууль зүй дотоод хэргийн яаман дээр боловсруулж байгаа хуулийн төслийн 22 дугаар бүлэгт 11 гэмт хэрэг багтдаг. Эдгээрт дүн шинжилгээ хийгээд зарим гэмт хэргийн торгох ялыг хасаж байгаа. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэргээс торгох ялыг хасаад зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялтай болж үлдэнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтны нийтийн албанд томилогдох эрхийг дээд тал нь найман жилээр хасдаг. Үүнийг өөрчилж бүх насаар нь хязгаарлах эсэх асуудлыг бид судлаад, хуулийн төсөлд тусгаад явж байна. Гэхдээ ингэлээ гээд бүх асуудал шийдэгдэхгүй. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг буцаагаад төрийн өмчит компанид ажилд авдаг, шат шатны улс төрийн сонгуульд оролцуулдаг энэ байдлыг арилгахын тулд нөгөө институтууд манлайлж ажилласнаар хууль эрхзүйн орчин бүхэлдээ хэрэгжих боломжтой" гэж ярив.

Эх сурвалж:www.polit.mn