Б.ОД

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.

Тэрбээр "Би тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох, мөн 2018 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөж тооцон тухай хуулийн төслийг өргөн барьсан. Нэлээд тэмцэж байж арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Харамсалтай нь Нийгмийн бодлогын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцээгүй. Энэ хуулийг түүхий хууль гээд байгаа. Тийм биш. 30-40 жил татвараа шударгаар төлсөн иргэд тэтгэврээ таван жилийн дунджаар тооцуулж авдаг болох л тухай хуулийн төсөл юм. Тэтгэврийг таван жилийн дунджаар тооцдог болсноор 140 мянга орчим иргэн сар бүр дунджаар 120 мянган төгрөг нэмж авахаар болж байгаа. Үүнд жилд 16 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол Богд Зонхова бурхан барих төсвийн тал нь шүү дээ. Ийм хэмжээний төсвөөр 140 мянган хүний асуудлыг шийдэх боломж байна. Тиймээс энэ хуулийг арванхоёрдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмж оруулж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn