С.САРУУЛ
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхлэх гэж байна. Амралтын хугацаа урт байгаа нь хоёр жил орчим танхимын сургалтаас холдсон хүүхдүүдэд дахин сөргөөр нөлөөлж, хичээлийн хоцрогдол даамжирч магадгүй гэж үзэж буй эцэг, эх олон байна. Иймд хичээлийн жилийн бүтцийн талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон дараах хариултыг өглөө. Тэрбээр "Тухайн хичээлийн жил эхлэхээс өмнө БШУЯ-наас бүтцээ батлан гаргадаг. Энэ дагуу 2021-2022 оны хичээлийн жилийн эхний улиралд сурагчид 16 долоо хоног хичээллээд, зургаан долоо хоног амрахаар зохицуулагдсан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 17-ны Баасан гарагт хичээллээд, арванхоёрдугаар сарын 20-ны Даваа гарагаас нэгдүгээр улирлын амралт эхэлж байгаа юм.

Сурагчид 16 долоо хоног тасралтгүй хичээллээд амрах гэж байна гэсэн үг. Түүнчлэн нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар улирлын хичээл эхлэхээр байгаа ч Цагаан сар таарч байгаа тул баярын амралт дуусгаад, хоёрдугаар сарын 7-ноос хичээл эхлэх төлөвтэй байна" хэмээн мэдээлэв. Улирлын амралтын хугацаанд ямарваа төрлийн хичээл оруулахгүйгээр амраана” гэв. Мөн "БШУЯ-наас аймаг, нийслэлийн Боловсролын газруудад амралтын хугацаанд сурагчдыг бүрэн амрааж, ном уншуулах чиглэл өгч байгаа. Ялангуяа бага ангид улирлын амралтаар маш олон хуудас хуулан бичлэг, цээж бичиг хийх даалгавар өгчихдөг. Үүний улмаас хүүхдүүд ч амарч чадалгүй, хичээл эхлэхэд сурах сонирхолгүй орж ирэх нь бий. Тиймээс сурагчдаа амраах, цахимаас холдуулж, номтой нөхөрлүүлье гэх чиглэлийг өгч байгаа юм" гэв.

Эх сурвалж: www.polit.mn