1915 онд Монголд ирсэн Оросын эрдэмтэн Майский “Орчин үеийн монгол” гэдэг номоо бичихдээ-Улаанбаатараас 30 бээрийн зайтай газарт Налайхын нүүрсний ордыг орос нөхдийн оролцоотойгоор уурхай маягаар 40 ажилчинтай ажиллуулах болсон гэжээ.
Энэ бол Монголын уул уурхайн эхлэл байлаа. Уурхайнхан гаргаж авсан нүүрсээ морин тэргээр Нийслэл рүү зөөж Богд хааны ордон, Хятадын пүүсүүд зэрэг газруудад хүргэж өгдөг байв. 
Үүний дараа 1922 оны арванхоёрдугаар сард Ардын Засгийн газрын шийдвэрээр Налайхын уурхайг улсын мэдэлд авсан байдаг юм. 
Энэ үед ердөө найман ажилчинтай жилд 870 тонн нүүрс гаргах хүчин чадалтай үйлдвэр байж.
Анхны даргаар нь орос хүн тавигджээ. Учир нь уул уурхайн талын мэдлэгтэй монгол хүн байсангүй л дээ. Сонин нь гэвэл лааны гэрэлд жоотуу зээтүүгээр нүүрсээ ухаж байсан.

Тэгвэл энэ нь үнэн болохыг 1970-аад онд уурхайд ажиллагсад хятадуудын асааж байсан лаа, дэнгийн үлдэгдлийг олсноор баталсан гэдэг.
Уурхайн хөгжлийн дараагийн шат ямар байсан бэ гэвэл хөрсийг хуулангуут уклон нэртэй налуу малталт хийж ороод хоёр талаараа штрик гарган ухаж холболт хийгээд нүүрсээ гаргаж авдаг болсон. Энэ үеийг налуу уурхайн үе гэдэг байв.
Удалгүй 60 квт-ын станц баригдсан. Бас уурхайд төмөр замтай болж нүүрсээ троссоор татаж гаргадаг дэвшилттэй аргад шилжжээ. 
Бас  тун удалгүй өрөмдлөг, шигшдэг дамжлагатай болсон. Гэхдээ уурхайд тээврийг мориор гүйцэтгэдэг байлаа. Тийм болохоор нэртэй зартай сайн морьд олон. Ударник цолтой морь байв. 

Цаашид улс оронд хувьсгалт шатны зорилтыг дагаад хөгжлийн хандлага бүр өөр болов. Тухайлбал, аж үйлдвэрийн талын үйлдвэрүүд байгуулагдаж нүүрсний хэрэглээ ч өссөн учир нам, засгаас Налайхын уурхайг хөгжүүлэхээр зарим шийдвэрийг гаргажээ.
Ер нь Налайхын уурхай улс орны хөгжилд нэг том үүрэг биелүүлсний нэг нь Монголын ажилчин ангийн үр хөврөлийг бүрдүүлсэн гэж үздэг. 
Уурхайн гурав дахь үе шат гэвэл 1954-1968 он. Энэ үед Налайх бүрэн өргөтгөгдөж капитал маягийн уурхай болсон. ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламж их байв. 
Тэгвэл 1970-аад онд уурхайд деспетчерийн удирдлагын систем нэвтэрч өндөр хүчин чадалтай дамжлагуудтай болсон үе юм. 
Энэ хөгжлийг авчралцсан уурхайн дарга У.Мавлет, хэсгийн дарга Н.Лувсанчоймбол, машинист Ц.Дорж нар төрийн шагнал хүртэж байсан бол Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар цолыг уурхайчин Д.Даваажав хүртсэн байдаг. Тус уурхайгаас төрсөн есөн Хөдөлмөрийн баатрын олонх тэр үеийнхэн.
Уурхайчдын дунд ээлжиндээ 1000 тонн нүүрс гаргах хөдөлгөөн өрнөж аварга амжилтууд гарч байлаа. А.Орногвайн бригад сард 10 мянга 500 тонн нүүрс гаргасан амжилтыг  төр, засгаас үнэлж хэсгийн дарга  гавьяат уурхайчин болж байсан түүх бий. Мөн Д.Балдорж даргатай хэсгийнхэн хоногт 6000 тонн, сард 60 мянган тонн, жилдээ 3800 мянган тонн нүүрс олборлосон нь ЗХУ-ын ижил нөхцөлтэй уурхайд гарсан амжилтыг эвдсэн юм гэдэг.
Бас нэг сонин нь 1970-1990 онд Налайхын их уурхайд эмэгтэйчүүд олноороо ажиллаж эрчүүдээс дутахгүй амжилт гаргаж байсан баримт бий. Үүнээс үзэхэд тус уурхайн түүхэнд нийт 196 эмэгтэй газрын гүнд ажиллаж байжээ гэдгийг мэдэж болно.
Монголын аж үйлдвэрийн эхлэл Налайх юм. Хамгийн өндөр сахилга баттай, ухамсартай ажилчин анги мөн л эндээс үүссэн гэж өнгөрсөн үеийн түүхэнд бичигдсэн байдаг.
Энэ утгаар Налайхын уурхайгаас бий болсон уул уурхайн өв соёл, оюун санааны эхлэл нь Монголын уул уурхайн хөгжлийн бодлого, үзэл сургаалийг бий болгосон гэж үздэг юм билээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)