З.БАТЦЭЦЭГ

Оросын театр, киноны жүжигчин Евгения Крюковагийн ярилцлагыг хүргэж байна.

-Евгения, танай гэр бүлд жүжигчний удам бий юу?

-Манай үеэл саяхан удам угсаагаа сонирхон, судалж үзэхэд өвөөгийн дүү дайнаас өмнө кинонд тоглож байсан юм билээ. Гол дүрд биш л дээ, гэхдээ л. Би өөрөө ч санаандгүй байдлаар жүжигчин болсон. Архитекторын их сургуульд орох гэж байснаа гэнэт “Ээж би театрын сургуульд орвол ямар вэ” гэж асуусан. Охид бүр жүжигчин болохыг мөрөөддөг. Ээж хариуд нь “Чи солиороо юу. Энэ чинь тэс өөр ертөнц, бидэнд таньдаг хүн байхгүй. Чи хэзээ ч орж чадахгүй” гэж хэлсэн. Бидний хувьд жүжигчин болно гэдэг сансарт нисэхтэй л адил байлаа. Тэгээд би архитекорын сургуульд орсон. Нэг удаа Щепкийн дипломын жүжиг дээр иртэл намайг “Дондогмаа” гэж нээх тэнэг кинонд тоглохыг урьсан. Би тракторчин Раисагийн дүрд тоглосон. Намайг бор арьстай болгох гээд нэг муухай шингэн юмаар будаад, дээрээс нь элс шорогоор үлээлгээд. Нөгөөх нь хүйтэн усаар арилдаггүй, буудалд халуун ус байхгүй. Энэ кино дэлгэцнээ гараагүй, миний хэсгийг ихэнхийг нь хасчихсан байсан. Гэхдээ би энэ ажлыг хийхийг хүсэж байгаагаа ойлгосон юм. Би Списевцевын театрт зураачаар ажилд орсон. Тэнд бүх тайзны ажилчдыг бас тайзан дээр гаргаж жүжигт тоглуулдаг байсан юм. Дараа нь театрын сургуульд орох гээд бэлдэж эхэлсэн. ГИТИС-д шууд тэнцсэн дээ. Манай багш Павел Хомский. Бидэнд хуучин кино театрын заалыг гаргаж өгсөн. Тийшээ бидэн дээр ГИТИС-ийн багш нар ирж хичээл заадаг байлаа. Бидэнд самовар, шөлний амтлагч, цагаан талхнаас өөр зүйл байдаггүй байсан. Байнгын өлсгөлөн байдаг хүмүүс. Хивсэн дээр дээшээ харж хэвтээд, цайгаа уугаад, багш нартайгаа хамт таазан дээр тусгасан слайдыг харан хичээлээ үздэг байлаа. Сайхан уур амьсгал.

 

 

-Таныг архитекторын сургуулиа хаяад өөр боловсрол эзэмшихэд ээж тань уурлаж, зургаан сар дугараагүй гэдэг?

-Зөвлөлтийн үед сургуулиа төгссөн бол дээд сургуульд орох ёстой гэсэн ойлголттой байсан. Дээд сургуульд орж чадаагүй бол өнгөрөө, чамайг техникум хүлээж байгаа. Архитекторын сургуулийг орхиход ээжийн хувьд том цохилт болсон. Үүнээс өмнө ээж бид хоёрт нэгэн хурц сэдэв байдаг байсан. Тэр нь би комсомолд зориуд элсээгүй явдал юм. Ээж санаа нь зовоод “Чамайг дээд сургуульд авахгүй болчихно” гэдэг байлаа. Гэхдээ би архитекторын дараа нь театрын сургуульд элсэж чадсан. Ээж маань намайг мэргэжилтэй, сайхан амьдарч байгааг хараад тайвширсан.

-Анх мэргэжлийн тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Миний анхны жүжиг франц найруулагч Кристиан Ле Гийошен найруулсан “Рюи Блаз”, би испани хатны дүрд тоглосон. Анх тайзан дээр гарахад том босоо захтай, хатны даашинз, 10 метр урт хормойтой. Би тайзны гол хүртэл ихэмсэг алхаад, зогсох ёстой байлаа. Оюутан, залуу байж. Намайг зогс гэсэн, би зогсдоггүй ээ. Нүдний өмнө бүх юм бүрэлзээд, шал харагдахгүй байлаа.

-Та нэгдүгээр курсэд байхдаа Карен Шахназаровын “Хааны алуурчин” кинонд тоглосон шүү дээ?

-Шахназаров намайг нэгдүгээр курсэд орохоос өмнө шийдсэн байсан. Хааны гэр бүлтэй төстэй царайтай хүн олдохгүй байсан юм билээ. Хаа сайгүй хайсан гэсэн. Жишээ нь, залуу хатан Александрагийн дүрийг загварын агентлагаас олсон. Владимирт зураг авалтын үеэр бидэнд “Одоо Малколм Макдауэлл ирнэ. Та нар түүн рүү ойртож болохгүй шүү” гэж сануулсан. Охидууд бид айгаад буланд зогсож байтал Макдауэлл гүйж ирээд, биднийг тэвэрч үнсээд бөөн юм болсон. Түүнд бүх зүйл таалагдаж байсан. Хар хорын цаасаар буурал үсийг нь будсан чинь их гайхаж байсан. Тэр хэлэхдээ холливудад үс будна гэж бөөн ажил гэсэн. Дараа нь буудалд халуун ус байдаггүй, үсийг нь хувинд угаасан чинь бөөн баяр болсон. Түүнд орос ресторан, орос хоол, банш их таалагдаж байсан. Биднийг бууддаг хэсгийн дараа гүйж ирээд биднийг босгож байлаа. Буудалцаантай хэсгийн үеэр нэг гипс ирээд Янковскийн хүзүү, толгойг гэмтээсэн юм. Бид ч хөх няц болсон байлаа. Макдауэлл бидний төлөө их санаа зовж билээ. Миний хувьд энэ кино их том сургууль болсон. Дараа нь би Янковскитой “Анна Каренина” кинон дээр тааралдсан.

-Та энэ кинонд тоглохыг хүсэхгүй байсан гэж үнэн үү?

-Тийм ээ, би Соловьевд “Би театрт Анна Каренинад тоглож байгаа. Нэг бүтээлд хоёр зэрэг тоглож яах юм” гэсэн. Гэвч тэр “Надад заавал чамайг тоглуулах хүсэл байна” гэж хэлсэн. Дараа нь би энэ дурд тоглосондоо огт харамсаагүй. Соловьевын “хайрын тухай” гэж бас нэг сайхан кино бий. Соловьев киног хийдэг биш, зурдаг хүн. Нэг удаа ирээд “Шөнөжин нойр хүрсэнгүй. Хүүг мөрөвчтэй дотуур өмд өмсгөөд, үхсэн ялааг харуулж зогсоох хэрэгтэй байна” гэв. Тэгсэн манай хувцасны дизайнер “Би хаанаас мөрөвчтэй дотоож олох юм бэ” гэж уурлаж билээ. Гэхдээ уурлаж, үглэсэн ч олоод ирсэн. Үхсэн ялаа хаанаас олох уу. Соловьевд үхсэн ялаагаар мэргэшсэн хүн байсан. Ойд очоод модон доороос янз бүрийн цох авчирч байсан юм. Нэг удаа талбай дээр ирээд тэр хүн хэлж байна “Маргааш эрвээхэй төрнө. Би эрвээхэйтэй болно”. Соловьев тэгсэн “Эрвээхэйгээ аваад ир” гэлээ. Абдулов, Збруев хоёр бильярд тоглоод, би жирэмсэн гартаа цэцэг барьсан тэр хоёрыг хараад сууж байдаг хэсгийн зургийг авлаа. Миний үсэн дээр дөнгөж өчигдөр төрсөн том эрвээхэй. Над руу камер дөхөөд ирсэн чинь эрвээхэй нисээд, миний хажууд диван дээр суучлаа. Би гараа явуултал, миний гар дээр гарч ирээд суучихаар нь би эвтэйхэн толгой дээрээ тавилаа. Зураглаач Юрий Клименко энэ бүх үеийг кадрт буулгаж чадсан. Ер нь Клименко заримдаа дөрвөн цаг гэрлээ тохируулаад таг болчихдог ч кадр бүр нь хананд өлгөчихмөөр зураг шиг гардаг.

-Өөр ямар найруулагч таньд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Мэдээж, Эльдар Рязанов. Кино хийж байх үедээ яг хүүхэд шиг болчихдог. Жижигхэн загасны сандал дээр заан шиг суучихдаг. Амрахаа мэддэггүй. Жүжигчид импровизац хийхэд их дуртай. Би тэгж чаддаггүй. Би текстээ цээжлээд, найруулагчийн тайлбарласныг хийдэг. Рязанов бид хоёр олон янзын зүйл сэтгэж, их хөгжилдсөн. Жишээ нь, би миний баатар үргэлж ухаан алдаж унадаг болгож дүрсэлсэн. Коля Фоменко сэрээх гэж янз бүрийн арга хэрэглэх жишээтэй. Үлээнэ, хөл хаалганд хавчина. “Андерсон. Хайргүй амьдрал” киноны үеэр сонирхолтой юм болсон. Зураг авалтын эцсийн өдөр, маш том павильонд, их гоё орчин босгосон байснаа маргааш өдөр нь нураах ёстой байсан юм. Бид тагтан дээр зураг авалт хийгээд, бичлэгээ үзлээ. Рязанов асууж байна “Яагаад гүнж хомхой долоосон байдаг билээ”. Би “Үгүй дээ, би зүгээр байгаа” гэв. “Дахин зураг авна”. Гэтэл бүх гэрэл, техникээ буулгасан байсан юм. Түүнээс долоо хоногийн дараа миний зав гарахаар дахин тэр хэсгийн зураг авалтыг хийсэн. Энэ бүх хугацаанд павильоныг нураахгүй хүлээж байлаа.

-Удахгүй “Россия” сувгаар “Дуурайгч” цуврал кино гарна. Та гол дүрд нь тоглосон. Юун тухай кино вэ?

-Би өмнө нь ийм дүрд тоглож байгаагүй. Миний баатар найман хүн алсан. 25 жилийн ялаас 20-ийг нь эдлээд байгаа. Олон жилийн өмнө өөрийх нь үйлдсэн гэмт хэрэгтэй маш адил хэрэгт туслуулахаар түүнийг дууддаг.

-Та дүрдээ яаж бэлдэв?

-Шоронд удаан суусан хүмүүстэй уулзсан. Миний төсөөлж байснаас тэс өөр байлаа. Жишээ нь, би хүнд гэмт хэрэг үйлдээд 10 жилийн ял эдэлсэн бүсгүйтэй уулзсан. Их цайрайлаг, боловсролтой хүн байсанд би гайхсан. Сайн мэргэжилтэн учраас энэ бүх хугацаанд түүнийг ажил дээр нь хүлээж байсан байгаа юм. Зарим нэг асуулт асуухдаа би санаа зовж байхад тэрбээр юу ч нуухгүй, илэн далангуй хариулж байсан. Их аймшигтай зүйлийн талаар юу ч болоогүй юм шиг ярьж байв.

-Та ганцхан жүжигчин ч биш. Та өөрийн шаазангийн үйлдвэртэй, хувцасны загвар зохион бүтээдэг. Ер нь та алтан гартай юм аа?

-Би үргэлж гараараа юм хийхийг хүсдэг. Жаахан байхдаа хүүхэлдэй хийдэг байлаа. Хоёрдугаар ангид байхдаа модоор Буратино хийсэн. Дараа нь зусландаа мебель хийсэн. Тэгэхэд жирэмсэн байсан ч мод үүрээд явж байлаа. Модоор юм хийхийг аав надад зааж өгсөн. Манайх жижигхэн завьтай байсан, тэрүүгээрээ их аялдаг байлаа. Аав надад мөн модоор завь хийхийг заасан. Нэг удаа алдартай загвар зохион бүтээгчид гэрлийн бүрхүүл хийх тэмцээнд оролцлоо. Гэрлийн үйлдвэрт очиж би гэрлийн бүрхүүлээ хийж байлаа. Төмрөөр том сарнай хийх шаардлагатай болсон юм. Би бээлийгээрээ төмрийг нугалж, хайлуулж байв. Хийхэд хэцүү ч их гоё гэрлийн бүрхүүл болсон. Нэг хэсэг тоглоом хийдэг моод болсон байхад би хулгана хийж үзсэн. Дараа нь нөхрийнхөө төрсөн өдрөөр урт саглагар үстэй арслан хийсэн. Хийж чадах юм байна гэдгээ мэдмэгцээ больсон. Охиноо төрөхөөс өмнө би хээтэй плита гэртээ наамаар санагдаад, тэр үед тийм юм байдаггүй байлаа. Тэгэхээр нь өөрөө цагаан плита аваад гараараа зураад, шарах шүүгээнд халаасан. Одоо энэ плита 20 жил зүв зүгээр байна.

-Таньд сэтгэлзүйч хэрэггүй байдаг байх. Гараараа янз бүрийн юм хийгээд тайвширчихна?

-Тийм шүү. Би юм сэтгэж хийх, юм оёх дуртай. Хүүхнүүд Бурда сэтгүүл харж байгаад оёдог байсан. Нэг шөнийн дотор оёод, маргааш нь өмсөх юм бэлэн. Тэр үед чинь хувцас олдохгүй, даавуу ч ховор байсан. Нэг удаа бүр өвөөгийн унтлагын хувцсаар юм оёж өмсөж байлаа. Нэг удаа манай найз Георгий Юнгвальд Хилькевич “Манай эхнэр Надирад хуримын даашинз оёод өгөөч” гэхэд нь би хуучны даавуугаар оёж өгч байсан.

-Та охиндоо чадвараасаа зааж өгсөн үү?

-Охин өөрийгөө эвсэлгүй гээд байдаг. Тэгсэн гэнэт ээмэг, зүүлт хийгээд эхэлсэн. Одоо хоол хийж сурч байгаа. Дуня надаас тэс өөр. Өөрийнхөө үзэл бодол дээр хатуу зогсдог. Би ээжтэйгээ маргалдаж чаддаггүй, шууд хаалга саваад гараад явчихдаг байсан. Дуня заавал учрыг нь олно. Их эрт таван настай сургуульд суусан. Өөрт нь хэцүү байгаагүй. Зарим нэг зүйл дээр надаас илүү няхуур.

-Моссоветын нэрэмжит театрт таньтай хамт тайзнаа гарсан байх аа?

-Саяхан л жижигхэн амьтан тайзны ард гүйж байлаа. Гэтэл одоо надтай хамт тайзан дээр гарч байдаг. Анх энэ театрт 11 сартай ирж байсан. Их эрт хэлд, хөлд орсон л доо. Георгий Тараторкин “Чи явж бай. Бидэнд ярих юм байна” гэдэг байлаа. Тэгээд хоёулаа юм ярьж гарна. Бид охиноо найруулагч болох байх гэж бодож байсан. Гэвч Дуня жүжигчин болохоор шийдсэн. Одоо ГИТИС-ийн дөрөвдүгээр курст сурч байгаа.

-Биеэ даачихжээ?

-ГИТИС-д ороод ойрхон учраас эмээтэйгээ амьдарч байгаа. Манайх хотын захад. Өдөр бүр тийм хол явалтай биш. Би охиноо хажуудаа их удаан байлгасан. Одоог хүртэл ирчихлээ, явлаа гэж ярьдаг. Мэдээж надад охиноо явуулахад их хэцүү байсан. Би их удаан өөрийгөө ятгасан. Тэгэхгүй бол над шиг гэрээсээ явчихна гэж айсан. Охиноосоо тусдаа амьдарсан чинь бүр илүү дотно ч болчих шиг болсон. Харин саяхан хүүгээ гурав хоног сургуулийн аялалд явуулсан. Эрэгтэй хүүхэд арай өөр юм.

-Та гэрийнхээ талаар яриач?

-Миний хувьд гэрийн бүх зүйл “дулаахан” байх нь чухал. Хаа сайгүй хүүхдүүдийн зурсан зурагнууд өлгөөтэй байгаа. Гурван нохой, таван мууртай. Ихэнхийг нь асрамжийн газраас авсан. Би үргэлж “Манай гэрт шөлөн дотор үс явж байвал битгий гайхаарай” гэж хэлдэг. Өдрийн таван удаа тоос соруулсан ч үс ноос барагдахгүй. Хавар модон доороос хоёр сохор хэрэм олсон. Одоо тэд том тарган амьтад болсон. Гэртээ амьтангүй байж чаддаггүй. Хүүхэд байхдаа нохотой л байлаа.

-Гэр бүлийн улажлал бий юу?

-Шинэ жилээр ойгоос гацуур авчирдаг. Мод тайрах зөвшөөрөл авдаг. Гацуураа хуучны тоглоомоор чимэглэн. Би сүүлийн 25 жил цуглуулж байгаа юм. Хагарчихаар нь шинэчилдэг. Зургадугаар сард миний төрсөн өдрөөр гадаа томоос том цэргийн майхан барьж байгаад тэмдэглэдэг. Бүх хоолыг өөрөө хариуцдаг. Хөл хорионы үеэр манай нөхөр кавказ мангал авсан, өөрөө тэрэн дээрээ хоол хийдэг. Мах, ногоо, бүр каша хийгээд зогсож байдаг шүү. Мөн би гадаа цэцэрлэгтээ гараараа юм тарих дуртай. Бүгд гэртээ байхад би дуртай. Гэхдээ өглөө аяга кофегоо бариад ганцаараа 30 минут суух дуртай. Дулааны улиралд гадаа гараад суучихдаг. Би шатан дээр суух дуртай. Тэгэхээр бүгд дагаад гараад ирнэ, ноход, муур, хүүхдүүд. Энд тэндээс асуулт тасрахгүй. Энэ чимээ шуугиан ч бас уламжлал. Хэн ч ирж ноолохгүй бол би гайхна. Насан туршдаа гэр минь амьд байгаасай гэж хүссээр ирсэн. Амьд байгаа. Цаашдаа ч энэ хэвээр үргэлжлээсэй.

 

Эх сурвалж: www.dn.ru