Б.БЯМБАЖАРГАЛ

Бяцхан үрсээ цэвэр агаарт эрүүл чийрэг өсгөхөөр хөдөө орон нутгийг зорьсноор бизнесийн гараагаа эхлүүлсэн “Ерөөлт Гансүлд” компанийн талаар танилцуулж байна. Манай улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь “Ерөөлт Гансүлд” компанийнхан. Тэдний бизнесийн санаа амьдралын шаардлагаас урган гарсан гэж хэлж болох юм. Тухайлбал, зургаан хүүхэдтэй өнөр айл хүүхдүүдээ цэвэр агаарт өсгөж эрүүл бүтээгдэхүүн хэрэглүүлэхээр 2016 онд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутагт зуслангийн газар авсан байна. Энэ нь тэдний бизнесийн эхлэлийг тавьсан чухал шийдвэр байв. Энэ талаараа “Ерөөлт Гансүлд” компанийн менежер П.Баярмагнай “Бизнесийн үйл ажиллагаагаа гурван жилийн өмнөөс явуулж эхэлсэн. Хүүхдүүддээ цагаан идээ, эрүүл бүтээгдэхүүн хэрэглүүлэхээр үхэр авч байлаа. Тухайн үедээ сүү, цагаан идээ элбэг, хэрэглээгээ давж байсан учраас илүү гарсан сүү, сүүн бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн. Уламжлалт аргаар боловсруулсан болохоор хүмүүс ам сайтай, худалдаж авах дуртай. Тиймээс энэ чиглэлээр бизнес эрхэлбэл боломжтой санагдсан” гэв. “Ерөөлт Гансүлд” компанийг үүсгэн байгуулсан гэр бүлийн хоёр мал аж ахуй, бизнесээс хол. Эмзүйч, нөгөө нь аялал жуулчлалын мэргэжилтэй. Тэд багадаа сурсан сүү, цагаан идээ боловсруулах уламжлалт аргаараа бизнес эрхэлж байгаа нь энэ. 
Одоогийн байдлаар “Ерөөлт Гансүлд” компани нь монгол хар тарлан болон сементал үүлдвэрийн 50 гаруй үхэртэй. Хар тарлан үнээнээс нэг саалиндаа 10, сементал нь таван литр сүү гаргадаг. Саалийн оргил үе буюу зуны улиралд өдөрт 200 литр сүү авч боловсруулдаг байсан бол одоо намрын сэрүү орж сүү татарчээ. Түүнчлэн “Ерөөлт Гансүлд” компанийнхан нутгийн 60 гаруй айлаас сүү худалдаж авч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар “Сүүтэй” брэндийг үүсгэн байгуулж ааруул, сүүн ааруул, аарц, хайлмаг, шар тос үйлдвэрлэж байна. 

ЖДҮГ-аас зээл авч бизнесээ өргөжүүлжээ

Тэд фермийн байр, сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэрээ өөрсдийн хөрөнгөөр босгосон. ЖДҮГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 сая төгрөгийн зээл авч энэ жилээс бизнесээ өргөжүүлжээ. Одоогийн байдлаар “Ерөөлт Гансүлд” компанийнхан тогтмол таван ажлын байр бий болгосон бол зуны оргил үедээ гэрээт ажилчдыг ажиллуулдаг аж. Харин борлуулалтын хувьд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах химийн бодис ашигладаггүй, уламжлалт технологитой учраас зөвхөн захиалгаар үйлдвэрлэдэг байна. “Сүүтэй” брэндийн цагаан сарын тавгийн идээ, сүүн ааруул, шар тос хэдийнэ зах зээлд танигдсан учир үйл ажиллагаагаа 2-3 дахин өргөжүүлж том хүнсний сүлжээ дэлгүүр, захуудаар борлуулахаар болжээ. 

Фермийн онцлог: Дэлхийд трэнд болоод буй “Аз жаргалтай үхэр” 

Дэлхий нийт эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлагатай болоод байна. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгож хашаанд хоригдож “зовсон” малын бүтээгдэхүүнийг биш харин бэлчээрт идээшилсэн, “чөлөөтэй, аз жаргалтай” малын бүтээгдэхүүнийг сонирхдог хэрэглэгчид нэмэгдсээр байгаа юм. Энэ ч үүднээсээ “Ерөөлт Гансүлд” компанийнхан өвлийн улиралд ферм дотроо үхрээ тэжээхдээ чөлөөтэй байхаар барьсан байна. Тодруулбал, ус уух, өвсөө идэх үедээ л нэг эгнээнд жагсдаг. Бусад үед жижиг талбайд хашигдахгүй, чөлөөт маллагааны зарчмаар фермээ тохижуулсан нь тэдний нэг онцлог юм. Ингэснээр мал “стресс”-дэхгүй, сүүний гарц, шим тэжээл улам нэмэгддэг байна. Мөн “Ерөөлт Гансүлд” компанийнхан эрүүл ахуйн шаардлага хангасан жишиг үйлдвэр болох зорилготой. Энэ үүднээс сүүлийн хоёр жилд нь өөрсдийн хэрэглээний ногоон тэжээлээ тариалж эхэлжээ. Энэ талаар “Ерөөлт Гансүлд” компанийн ерөнхий захирал Ө.Ганбаатар “Өнгөрсөн жил уринш бэлдэж энэ жил тариалалт хийсэн. Нийт 350 га талбайтай. Үүний 200 га талбайд нь ногоон тэжээл тариалсан. Энэ нь манай фирмийн хэрэгцээг бүрэн хангадаг учраас илүүг нь борлуулдаг. Тариалангийн талбайд 12 хүн ажиллаж байна” гэсэн юм. 

Дөрвөн улиралд тасралтгүй үйлдвэрлэл эрхлэх зорилготой

Манай улс жилд 900 гаруй сая литр сүүг мал аж ахуйгаас бэлтгэх, үйлдвэрлэх нөөцтэй ч нөөцөө бүрэн ашиглаж чаддаггүй. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нөлөөлдөг гол асуудал нь улирлын хамаарал юм. Тодруулбал, Зун, намрын улиралд сүүний гарц сайн, сүүний үйлдвэрлэл оргил үедээ хүрч өвлийн улиралд саардаг. Махны салбар ч мөн адил. Өнгөрсөн онд гэхэд нийлүүлсэн нийт шингэн сүүний 70 хувийг дулааны улиралд, 30 хувийг сэрүүний улиралд бүрдүүлсэн гэсэн тооцоо бий. Тиймээс хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарынхан улирлын хамаарлыг багасгаж эрчимжсэн, тусгаарлагдсан аж ахуйг хөгжүүлэх талаар яриад эхэлсэн. Энэ талаар “Ерөөлт Гансүлд” компанийнхан жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж сүүний чиглэлийн үнээтэй болох зорилго тавьж байгаа аж. Хэрэв сүүний чиглэлийн үнээтэй болбол улирлын хамааралтай байдал багасаж өвөл ч цагаан идээ боловсруулах боломжтой болно. Энэ тал дээр ХХААХҮЯ болон холбогдох газруудаас фермийн аж ахуй эрхлэгчдээ дэмжих шаардлагатай байгаа тухай ярьж байв. Сүүний чиглэлийн үхэр нь ойролцоогоор 12 сая орчим төгрөгийн үнэтэй байдаг. Энэ нь энгийн монгол үхрээс зургаа дахин үнэтэй гэсэн үг юм. Хэрэв мал аж ахуйн бүх салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн улирлын хамаарлыг багасгаж жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаатай болговол тогтмол ажлын байр бий болохоос гадна бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой. Үндэсний үйлдвэрлэгчид, мал аж ахуйн салбарынхан энэ мэтээр өөрсдийн боломжоор бизнесээ эрхэлж хөгжүүлсээр байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.12 МЯГМАР № 200 (6677)