Д.ДАРАМБАЗАР
 
Жүдо бол хүндлэл, хүмүүжлийн их урлаг гэдэг. Манай улс энэ спортоор тив дэлхийд нэрээ цуурайтуулдаг. Энэ удаагийн “Утасны анд” булангийн зочноор Женко клубын дасгалжуулагч, Монгол улсын гавьяат багш, ОУХМ Г.Энхбаярыг урилаа. 

-Клуб нээгдээд хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Женко клуб 1995 онд нийслэлийн 34 дүгээр сургуулийн урлагийн зааланд Нисэх, Яармагийн 40 гаруй хүүхдүүдийг цуглуулж нэг дасгалжуулагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан. Эдүгээ 26 дахь жилийн нүүрийг үзжээ. Манай клуб байгуулагдсанаар Монголын жүдо, самбо бөхийн хөгжилд бодит хувь нэмэр оруулан улсдаа тэргүүлэх спортын клубуудын нэг болсон байна. 


-Шилдэг тамирчдын талаар яривал?
-Манай клубээс өдий хүртэлх хугацаанд шинэ, шилдэг тамирчид олон төрөн гарсан. Үүний тод жишээ олимпийн медальт Х.Цагаанбаатар, М. Уранцэцэг нар юм. Мөн залуу тамирчид тив дэлхийд өөрсдийн болоод эх орныхоо нэр алдрыг цуурайтуулж байна.

 
-Тив, дэлхийн тэмцээнд танай клубын тамирчид илүү амжилт үзүүлдэг. Үүний учир нь юу вэ?
-Зөвхөн манай клуб гэлтгүй бусад клуб дээр очиж бэлтгэл хийж байгаа залуусын зорилго бол амжилтад хүрэх. Үүнийг ч бид илүү ойлгодог болохоор маш чанартай бэлтгэл сургуулилт тамирчдаас шаарддаг.  Ингэснээр тамирчдын жинхэнэ чадвар дээшилдэг. Гэхдээ сайн клуб, сайн багш байдаг гээд амжилтад хүрэх биш тухайн тамирчны хичээл зүтгэл хамгийн түрүүнд байх ёстой. Энэ бүхэн нийлсэн цагт тамирчид илүү амжилт гаргах боломжтой. Тиймээс бид сайн зааж зааварлах ёстой, харин тэд сайн сурах ёстой гэсэн зүйл дээр энэ бүхэн тогтдог. Дасгалжуулагч хүн тамирчинд хамгийн сайн туслах нь байх ёстой 


-Ирэх сард ДАШТ танай Женко клубын хэдэн тамирчин оролцох вэ?
-Жүдо бөхийн Дэлхийн аварга аравдугаар сарын 4-8-ны хооронд Италид болно. Тэмцээнд ОУХМ, гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багийг удирдаж оролцох бол миний бие мөн сарын 14-18 хооронд Грекэд болох ДАШТ-нд тамирчидтайгаа оролцоно.


-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийв. Хэр өнгөтэй байна?
-Цар тахлын нөхцөл байдлаас болж бэлтгэл сургуулилт тасалдах үе байсан. Гэсэн ч бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Тамирчдын хувьд чадах бүх боломжоороо бэлтгэл хийсэн. Зарим нь ганц нэгээрээ хувьдаа бэлдэж байсан бол тусдаа заал олж, түүндээ өмнөх хийж байсан зүйлсээ давтаж байсан. Харин одоо бидэнд тэмцээндээ оролцож медаль хүртэх л үлдсэн. Мөн визний асуудал шийдэгдвэл өөр асуудалгүй. Энэ бүхнийг л хүлээж сууна. 


-Танай клуб хэдэн настай хүүхдүүдийг ямар шаардалагаар элсүүлдэг вэ? 
-Манай клуб жүдо, самбо бөхөөр хичээллэх сонирхолтой зургаагаас дээш насны охид хөвгүүдийг бүртгэж байгаа. Хүүхдийг багаас нь бэлтгэх нь ямар ч спортод амжилт үзүүлэх магадлал өндөр байдаг. Ингэснээр олимп дэлхийн наадмын аварга болохыг хэн ч үгүйсгэхгүй. Ямар нэгэн шаардлага гээд байх зүйл байхгүй. Жүдо бөхөөр хичээллэснээр хүүхэд бие бялдрын болон өөртөө итгэх итгэл, ёс суртахууны өв тэгш хүмүүжил,бие биенээ хүндлэх хүндлэлийг олж авдаг. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.27 ДАВАА № 189 (6666)