Нью-Йорк хотын прокурорын газраас Хятадын “Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг буруутгасан банкны луйврын хэргийг хэрэгсэхгүй болгохоо баасан гарагт мэдэгдэв. АНУ-д болсон шүүх хуралд Мэн Ванжоу цахимаар оролцож, АНУ-ын прокурортой тохиролцсон гэрээний дагуу Канадад суллагджээ. Түүнчлэн суллагдсаныхаа дараа өөрөө болон өмгөөлөгчид нь нийтэд мэдээлэл хийх ёсгүй. Түүний хэргийг албан ёсоор 2022 оны арванхоёрдугаар сарын 1 -нд хэрэгсэхгүй болгоно. Мэн Ванжоу бямба гарагт эх орон руугаа буцсаныг түүний өмгөөлөгч мэдээлжээ.
Олон улсын хоригийг зөрчиж, Иран улсад тоног төхөөрөмж нийлүүлсэн хэргээр Мэн Ванжоуг 2018 оны арванхоёрдугаар сард Ванкуверт ирэхэд нь АНУ-ын захиалгаар Канадын хуулийнхан баривчилж, саатуулсан юм.Тодруулбал, “Huawei” компани нь Иранд төвтэй “Skycom” компанитай “хэвийн бизнесийн хамтын ажиллагаатай” хэмээн Мэн Ванжоу АНУ-ын санхүүгийн институтад мэдүүлсэн боловч үнэн хэрэгтээ “Huawei” нь “Skycom” компанийг удирддаг, өөрийнх нь ажилчид ажилладаг байсан юм.Түүний  хэрэг АНУ, Хятадын хоорондох зөрчилд нэлээд нөлөө үзүүлсэн. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Хятадын даргатай Их-20 бүлгийн чуулганы үеэр уулзаж, худалдааны дайныг зогсоохоор ярилцсан өдөр түүнийг баривчилсан юм. Өнгөрсөн хугацаанд тэр Ванкувер дэх хувийн байрандаа хоригдож, АНУ руу шилжүүлж өгөх Канадын шийдвэрийг эсэргүүцсээр ирсэн юм.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.27 ДАВАА № 189 (6666)