Б.ДОЛЖИНЖАВ

Аливаа улс орон дэлхийд танигдахын үндэс суурь нь тухайн орны талаарх мэдээлэл хэдэн улсад түгэж буйтай салшгүй холбоотой байдаг. Ингэхдээ мэдээллийн чанар чансаа, хурд, үнэн зөв, тэнцвэртэй байдал гэсэн олон зүйл нөлөөлнө. Монгол хэмээх улс дэлхийд оршин тогнож буй гэдгийг МОНТА хэмээх агентлаг анх 1921 онд тунхаглаж байв. Монгол Улсыг дэлхийд сурталчлах, дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж байсаар ирсэн Монголын анхны МОНЦАМЭ агентлаг ийн үндэс сууриа тавьж байлаа. Ийн “Монголын цахилгаан мэдээ” нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн мэдээллийн ууган  агентлагийн 100 жилийн ойд зориулсан  “МОНЦАМЭ-100” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өчигдөр нээлээ.
 Үзэсгэлэнг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг “Энэ жил олон байгууллагын 100 жилийн ой тохиож байна. Үүний дотор тэргүүн түүчээ болсон хэвлэл мэдээллийн байгууллагын нэг бол Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг юм. Бид 100 жилийн ойгоо техник технологийн шинэчлэл хийж, ажил үйлсээрээ амжилттай угтлаа. Энэ үзэсгэлэнд МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулсан түүх, баримт бичиг, гэрэл зургийн арвин баялаг сангийн дээжээс оюун санааны эрхэм түнш болсон үзэгчиддээ зориулан дэлгэж байна” гэсэн юм. 
Үзэсгэлэнд монгол, англи, орос, хятад, япон хэлээр хэвлэн гаргаж буй сонин хэвлэлүүд, үндэсний монгол бичгээрх “Хүмүүн бичиг” сонин гэсэн агентлагаас эрхлэн гаргадаг бүтээгдэхүүнүүдийг дэлгэжээ. Мөн цахилгаан мэдээ дамжуулж байсан морзын аппарат, МОНЦАМЭ агентлагийн ойн медалиуд, энгэрийн тэмдэг, “МОНЦАМЭ-гийн алтан дүрэм”, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчдын ашиглаж байсан аппарат хэрэгслүүдийг  үзэсгэлэнгийн танхимд байршуулсан байв.Үүнээс гадна МОНЦАМЭ агентлагийн орлогч захирал, ерөнхий редактор, Москва дахь сурвалжлагч, сонин, сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.Түмэнжаргалын бичгийн машин, үзгийг тус үзэсгэлэнд дэлгэсэн нь сэтгүүлчдийн үе үедээ хэрэглэж байсан бичгийн хэрэглэгдэхүүний сонирхолтой үзмэр болжээ.
МОНЦАМЭ агентлаг Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай үйл ажиллагаа явуулахаас гадна  англи, орос хэлээр  “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол хэвлэн гаргадаг. Мөн ОХУ-ын ИТАР-ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин улсын Укринформ, Америкийн дуу хоолой, Азербайжан улсын Азертак, Казахстан улсын Казинформ, Иран улсын Мер, БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг гэсэн мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг юм. Эдгээр агентлагтай өдөр тутам мэдээ, мэдээлэл солилцон, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан айлчлуулж улс орноо гадаадад таниулан сурталчилдаг билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.23  ПҮРЭВ № 187 (6664)