Б.БЯМБАЖАРГАЛ

Сүүлийн жилүүдэд физикийн чиглэлээр элсэн суралцах оюутан цөөрснөөр энэ салбарт ажиллах боловсон хүчин, хүний нөөц том асуудал болоод байгаа. Үүнд сурагчдын сонирхол чиглэл өөрчлөгдөх, ажлын байр, цалин хангамжийн асуудал төдийгүй боловсролын алдаатай бодлого нөлөөлж байгааг багш, мэргэжилтнүүд хэлсээр байна. Тэгвэл энэ талаар Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн Цацрагийн физикийн лабораторийн судлаач, доктор Ж.Эрдэнэтогтох “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Физикч мэргэжлийг тасалдуулахгүйн тулд бодлогоор анхаарч ЕБС-аас нь бэлдэх шаардлагатай байна. Физикч мэргэжлээр ажиллахад ажлын байр хомс, цалин бага учраас үүнээс шалтгаалж хүүхдүүд сонирхохгүй байж болно. Тиймээс тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгож физикийн ангид элсэн суралцуулах нь зүйтэй. Мөн их сургуульд эхний жил ерөнхий эрдмийн хичээл үздэг тогтолцоотой байхад физикийн нарийн салбар орхигдох нь гарцаагүй. Яагаад гэвэл физикийн салбар олон жил тасралтгүй “нухаж” суралцдаг. Тиймээс нэг жил тасраад эргээд ороход хүнд салбар. Нэг шийдвэр гаргахдаа олон талыг биш өөрсдийн гаргасан саналаа батлах гэж зүтгэдэг үйлдлийн сөрөг үр дагаврын тод жишээ нь энэ тогтолцоо юм” гэжээ.

Эх сурвалж www.polit.mn