2021 он бол түүхэн чухал үйл явдлуудын тэмдэглэлт  жил юм. Энэ нь Монголын сэтгүүл зүйн салбарт ч мөн нэгэн адил хамаарна. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож байна. Мөн Монголын хэвлэлийн хүрээлэн үүсэн байгуулагдаад 25 жил өнгөрчээ.

Эдгээр түүхт ойг тохиолдуулан “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ, судалгааны төв /ТББ/-ийн удирдлага МОНЦАМЭ агентлаг, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн удирдлагыг хүлээн авч баяр хүргээд Монголын сэтгүүл зүйн салбарын өнгөрсөн 107 жилийн түүхэн дэх үе үеийн шилдэг нийтлэгчдийн сор бүтээлийг эмхэтгэж дээжилсэн “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийн дээжээс өргөн барив.

“Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ, судалгааны төв /ТББ/-ын Удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ, доктор, профессор Т.Баасансүрэн хэлэхдээ энэхүү цувралыг бид 2010 оноос хэвлэж эхэлсэн юм. Эдүгээ 60-аад боть нь уншигчдын гарт очоод байна. Хот, хөдөөгийн номын сангууд, сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын номын сан, Сэтгүүл зүйн тэнхимүүдэд боть тус бүрээс хоёр хоёр ширхэгийг үнэ төлбөргүй хүргүүлдэг. Мэргэжлийн сургалт, бичлэгийн арга барилын дадлага олгох болон эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулаад 10 жил өнгөрлөө. Эргэлт хэрэгцээ ихтэй цувралын нэг болсон.

Монголын хэвлэлийн хүрээлэн, МОНЦАМЭ агентлагийн номын сангууд ном зохиолоор элбэг баян, залуу сэтгүүлч боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургахад өөрсдийн их хувь нэмэр оруулж байдгийг бид сайн мэднэ. Ариун ном эрдмийн өргөө, үе үеийн шилдэг сэтгүүлчдийг төрүүлж өсгөж хөгжүүлэх үнэт уурхай болж ирсэн МОНЦАМЭ агентлагийнхаа 100 жил, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн 25 жилийн ойг “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ, судалгааны төвийнхөн шилдэг нийтлэлийн цуврал дээж бичгүүдээр мялааж байна. эдгээр ботиудыг анхааралтай уншиж судлаж үзэх юм бол Монголын сэтгүүлзүйн салбар билэг авьяастнууд, уран үгийн мастеруудаар халгиж бялхаж ирснийг аяндаа мэдэрч, өөрийн эрхгүй баярлаж бахархах сэтгэгдэл төрөх болно гэж онцлон тэмдэглэв.

МОНЦАМЭ агентлагийн дэд дарга Ш.Батболд, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах нар хариу талархал илэрхийлэн “Монголын шилдэг нийтлэл” цувралаар номын сангаа баяжуулж байгаадаа баяртай байна. Эдгээр ховор нандин бүтээлийг эрдэм шинжилгээ, сургалтдаа өргөнөөр ашиглуулна гэлээ.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын хэвлэлийн хүрээлэн түүхт ойгоо угтаж үзэсгэлэн гаргах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах олон төрлийн ажил зохион байгуулж байгаагаа энэ үеэр сэтгүүлчдэд мэдээллэв.  

Эх сурвалж: www.polit..mn