Б.ЯЛГУУН

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГ  ГЭЖ ЮУ ВЭ?

 “Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг”

Нэрээр нь дуудахад эргэж хардаггүй, хүний нүд рүү харахаас зайлсхийдэг,  ээжийнхээ заасан үйлдлийг ойлгохгүй байх нь аутизмтай хүүхдүүдийн амьдралд өдөр бүр тохиолддог.

Аутизмын шинж тэмдэг  гурав хүртэлх насанд илэрдэг. Тиймээс хүүхэдтэйгээ өдөр тутам харилцаж буй эцэг эх нь л шинж тэмдгийг анх ажиглах боломжтой байдаг. Эмгэгийг хэдий чинээ эрт илрүүлнэ, засрах магадлал төдий чинээ ихэсдэг тул эрт илрүүлэх маш чухал юм.  Аутизмын шалтгааныг одоо хир нь шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна.  Шалтгаан нь тодорхойгүй байгаа тул эмчлэх, эдгээх, засах, хэвийн болгох гэсэн ойлголтын талаар одоо ярихад эрт.  Эрт оношилж, үнэлгээ хийлгэснээр танин мэдэхүйн төвшин, оюун ухааны чадвар зэрэг нь тодорхой болдог. Ингэснээр хүүхэд бүрд тохирсон санал, зөвлөмжийн дагуу багш, эцэг эх хүүхэдтэй тохирсон арга барилаар ажилладаг байна.

Ийм эмгэгтэй хүмүүсийн хувьд нийгэмд биеэ авч явах чадвар сул, дийлэнх нь харилцаанд орж чаддаггүй тул наад захын бүх зүйлийг нэг бүрчлэн заах шаардлагатай. Аутизм гэдэг нь өвчин биш эмгэг тул насан туршдаа эдгэрэхгүй бас хэн нэгэнд халдахгүй.

Аутизм гэхээр гаднаасаа ямар нэг байдлаар танигдах байх гэсэн ойлголт нийгэмд түгээмэл байдаг. Эсвэл эрх нь дэндсэн хүүхэд байна хэмээн хардаг. Хүссэнээ авах гэж орилно, хүсэл нь биелэхгүй бол уйлна, 4-5 нас хүрсэн ч ярихгүй зэрэг нийтлэг төрх нь нийгэмд буруу ойлголт төрүүлдэг.

Аутизм нь өргөн хүрээний эмгэг тул аутизмтай хүн бүр өөр өөр байдгаараа онцлогтой. Аль ч төрлийн аутизмтай хүнд дараах гурван бэрхшээл заавал байдаг.

  1. Хэл яриа ба харилцааны бэрхшээл
  2. Нийгмийн харилцааны бэрхшээл
  3. Туйлширмал ба баригдмал сэтгэлгээний бэрхшээл

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Хүүхдийн сэтгэл хөдлөл зургаа, долоон сартайдаа их сайн хөгжчихсөн байдаг. Гэтэл аутизмтай хүүхдүүдийн хувьд энэ хөгжил удаашралтай байдаг. Өөрөө хэлбэл бусадтай харилцаж, холбоо тогтоох гэхээр хариу үйлдэл үзүүлдэггүй. Энэ бол хамгийн энгийн шинж тэмдэг. Аутизмтай хүүхдүүдийн хувьд хөлд орох процесс хэвийн явагддаг. Үүний дараа хүүхэд нэг ой 2-6 сар хүрээд хүнтэй харилцаж эхлэхэд харилцаа тогтоохдоо их удаан байдаг. Нүдээр контакт үүсгэх буюу харилцаа тогтоох чадвар тааруу. Өөрөөр хэлбэл дуудаад байхад харахгүй, буруу хардаг, жишүү хардаг, сонсохгүй байгаа юм болов уу гэхээр сонсгол нь хэвийн байдаг. Нэг ёсондоо хүүхдийн нийгмийн харилцаанд хэл яриа үүсэхгүй байгаа учир асуудал доголдол гарч байна гэсэн үг. Дараа нь аутизмтай хүүхдүүд нэг сонирхсон юмандаа анхаарал нь хэт их төвлөрдөг. Өөрөөр хэлбэл гурав, дөрвөн цагийн турш л нэг барьж авсан тоглоомоороо огт уйдахгүй тоглоод байдаг. Хоёр, гурван нас хүрээд гадуур дагуулаад явахаар аутизмтай хүүхдэд айдсын мэдрэмж их бага байдаг. Өөр шинэ орчинд дасахгүй, сандраад орилох, уйлах зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг гэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Аутизм хүрээний эмгэгийн талаар Аутизм ба онцгой хүүхдүүдийн академийн үүсгэх байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Солонготой ярилцлаа.

 “Хамгийн эхлээд аутизмтай хүүхэд мөн үү биш үү эсэхийг үнэлгээ хийлгэж байж цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлдог. Үнэлгээ хийлгээд ирэхээр аутизм биш байх тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл хүүхэд нь хэл ярианы хоцрогдолтой, бусад хүүхдээс арай өөр байгаад байна гэсэн шинж тэмдгээр эцэг эхчүүд шууд л аутизмтай гэж итгэх тохиолдол байна. Гэвч бусад төрлийн хөгжлийн эмгэгтэй байж болдог. Тиймээс заавал оношилгоо, үнэлгээ хийлгэж байж өөрийн хүүхдийн онцлогт тохирсон зөвлөгөө, эмчилгээ авна. Манай байгууллагын зүгээс 2019 оноос хойш АВА интервенц эмчилгээ буюу нотолгоонд суурилсан хөгжлийн хоцрогдлыг нөхөх эмчилгээ хийж байна. Энэ нь аутизмтай хүүхдийн хэл ярианы хөгжил, зан авирын бэрхшээл, хөгжлийн хоцрогдол зэргийг багасгах өндөр үр дүнтэй эмчилгээний арга юм. ABA интервенцийн гол онцлог нь нэг багш нэг хүүхэд гэсэн харьцаатай тулж ажилладаг. Бид бүгдийн үйл ажиллагаа нэгдүгээрт. Аутизмтай хүүхдүүдэд ABA эмчилгээнд цаг алдалгүй хамруулах.  Хоёрдугаарт. Эдгээр хүүхдүүдийн  боловсролын тэгш хүртээмжийг бий болгоход хувь нэмрээ оруулах. Гуравдугаарт. Технологийн дэвшлийг ашиглан тенологичих гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаараа бусад байгууллагаас ялгаатай.

2020 оноос бид “Хөөрөх тавцан” бага сургууль байгуулсан. Аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүд үеийн хүүхдүүдтэйгээ суралцах боломж бүрдсэн. Манай сургууль ердийн хүүхдүүдтэй хамт аутизмтай хүүхдүүд сурдгаараа онцлог. Ковидийн улмаас хүндрэл бэрхшээл багагүй тулгарсан ч цахим хэлбэрт амжилттай шилжиж ажиллаж чадсан. АНУ-д хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдийн 95-98 хувь нь ердийн сургуульд сурч боловсролын хөтөлбөрт тэгш хамрагддаг жишээтэй. Гэтэл манайд ажиглагддаг нэг хандлага нь ердийн хүүхдүүдийн эцэг эх нь ангид нь аутизмтай эсвэл бусдаас өөр хүүхэд байвал миний хүүхдэд муугаар нөлөөлнө, янз бүрийн сонин зан авирыг нь дуурайна гэсэн буруу хандлагатай байдаг. Гэтэл бусад өндөр хөгжилтэй, туршлагатай орныг харахад сөргөөр нөлөөлдөггүй харин ч эерэг нөлөө үзүүлдэг нь батлагдсан. Манай улс жил ирэх тусам харьцангуй өөрчлөгдөж байна. Олон сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд аутизмтай хүүхэд авч сургая гэх хүсэлтээ илгээж байна. Ердийн сургуульд сурч, хөгжих боломжтой хүүхдийг гадуурхаж, дээрэлхэж байгаагаас болж боловсролын хүртээмж хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдэд тэгш хүрч чадахгүй байна. Үүнд эцэг эхчүүдийн зөв ойлголт, зөв хандлага маш чухал. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсролыг тэгш хүргэхийн тулд багш олноор бэлтгэх шаардлага үүсээд байна.

Манай ABA интервенцэд хамрагдах хүсэлтэй 200 гаруй эцэг эх байдаг. Танхимаар ABA интервенцэд хамрагдаж байгаа хүмүүст нэг багш нэг хүүхэд гэж явдаг учир мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд удаан хугацаа шаардагддаг. Тиймээс хүсэлт гаргасан эцэг эх болгоны хүүхдийг авч ажиллах боломжгүй байдаг. Энэ хүндрэл дээр үндэслэн бид  ABA интервенцийнхээ тодорхой хэсгийг цахим хэлбэрээр бэлтгэх ажлыг хийж эхэлсэн. Ингэснээр манай эмчилгээ энэ олон хүүхдэд хүртээмжтэй хүрэх боломжтой. ABA эмчилгээний үр дүн бол маш сайн. Харин маш их хөдөлмөр, сэтгэл, тууштай байдал шаардагддаг. Аутизмтай хүүхэд 3 наснаас өмнө эмчилгээгээ сайн хийлгэсэн бол оношоо гээх тохиолдол ч байна. 5 наснаас хойш оношилсон тохиолдолд эмчилгээний үр дүн бага байдаг талтай. Тиймээс цаг алдалгүй оношилгоо, эмчилгээ хийх шаардлагатай.

ABA эмчилгээнд мэргэжлийн хүний нөөц хангалтгүй байна. Олон хүүхдийн амьдралыг эерэгээр өөрчлөхийг хүссэн сайн дурын байгууллага, оюутан залуус, цаашлаад аутизм хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдтэй ажиллах хүсэлтэй хэн бүхэнд манай байгууллага үргэлж нээлттэй гэдгийг энэ дашрамд хэлье”

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг Аутизмыг таниулах дэлхийн өдөр хэмээн олон улсад хүлээн зөвшөөрч 2008 оноос үйл ажиллагаа зохиож байна.

-ДЭМБ-аас мэдээлснээр, дэлхийн хүн амын нэг хувь нь буюу 70 сая хүн аутизмын хүрээний эмгэгтэй байна

-1989 онд 10 мянгад нэг гэж тооцоолж байсан бол 2020 оны байдлаар 64 хүүхэд тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй байж болзошгүй гэж үзэж байна.

-2020 оны байдлаар манай улсад Монголын аутизмын холбоонд бүртгэлтэй 785 гэр бүл байгаагаас эрэгтэй 627 буюу 79.87 хувь, эмэгтэй 158 буюу 20.13 хувь, насанд хүрсэн аутизмтай хүн 23, 6-15 нас буюу ЕБС-ын насны 387, СӨБ буюу 3-5 насны 375 хүүхэд бүртгэлтэй байна.

-Охидтой харьцуулахад хөвгүүд аутизмын эмгэгтэй төрөх магадлал 4-5 дахин илүү.

-Аутизмтай хүүхдүүдийн 40 хувь нь хэл ярианы бэрхшээлтэй буюу хэлд орохгүй байх, оройтож хэлд ордог.

-Аутизмтай хүмүүс оюуны чадвар сайтай ч нийгэмших чадвар султай учраас арван хувь нь ажил хийдэг, таван хувь нь найзтай ба гэр бүлтэй байдаг. Энэ нь аутизмтай хүмүүс амьдралын чанар маш доогуур байна гэсэн үг.

Монгол Улсын хувьд 2011 оноос албан ёсоор аутизмын эмгэгийн судалж, олон улсын стандартын дагуу оношилгоо, үнэлгээг хийж эхэлжээ. Өдгөө манай улсад СЭМҮТ, эцэг эхчүүдийн байгуулсан Монголын аутизмын холбоо, “Аутизм Монгол-Анд” ТББ болон холбогдох эмнэлэг, сургуулиуд аутизмыг олонд таниулах, оношлох, эцэг, эхчүүдийг чадваржуулах ажлыг хийж байна.

Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Бидний амьдралд урьдчилан таамаглахын аргагүй янз бүрийн асуудал, бэрхшээл юу ч тохиолдож болно. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн 78 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлэх, бусдад шоглуулах явдалд өртөх магадлалтай аж. Мөн тэдний сэтгэл гутралд орох магадлал бусадтай харьцуулахад 70 хувиар илүү тул нийгмийн зүгээс ойлгож, хүлээн зөвшөөрөх нь чухал юм.

Ихэнх хүүхдийн хувьд АХЭ-тэйг нь оношлон тогтоосон цаг хугацаа нь 2-4 настайд байдаг ба энэ нь эрт оношлогоо, засал сургалтад хамруулах цаг хугацаатай яг тохирдог. Иймээс хэрэв таний хүүхдэд дээрх шинж тэмдгүүд илэрвэл хугацаа алдахгүй  оношлуулах, өөрт нь тохирсон сургалт авах хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn