Д.ДАРАМБАЗАР

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой ирэх онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нар оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна. “Уурхайчдын нэрэмжит талбай”-г 1.28 га газрыг хамруулан тохижуулах бөгөөд үүнд уурхайчдын нэрэмжит талбай, ил болон далд уурхайн хэсгээс бүрдсэн задгай театр, уул уурхайн машин механизмын үзүүлэнгийн хэсгийг хийх аж. Мөн хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх хэсэг, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Тус ажил ирэх оны наймдугаар сард дуусах юм байна.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойших 12 жилийн хугацаанд хамгийн том бүтээн байгуулалт, тохижилтыг хийхээр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан санаачлаад байна. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын 30 гаруй төрийн болон төрийн бус байгууллага өөрсдийн нэрэмжит тохижилтын ажлыг хийж байсан. Энэ дундаас хамгийн том хэмжээний цогц бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг уул уурхайн салбарынхан хийх гэж байгаагаараа онцлог юм” хэмээв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жилдээ давтагдсан тоогоор нэг сая гаруй иргэн амарч, спортоор хичээллэдэг.  Түүнчлэн нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг бүс юм. Түүхт 100 жилийнхээ ойг тохиолдуулан уул уурхайн салбарт ажиллаж байсан ахмад уурхайчид, коронавируст цар тахлын хүнд нөхцөлд зогсох эрхгүй ажиллаж байгаа 60 мянган уурхайчдынхаа нэр алдрыг ард түмэнтэйгээ хуваалцах үүднээс талбайг тохижуулж эхэлжээ.

Эх сурвалж www.polit.mn