Б.ОД

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай  уулзжээ.Сайд нар өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Манай тал Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Түлэнхийн төвийн барилга болон Өндөрхаан нисэх онгоцны буудлыг сэргээн засварлах ажил хуваарийн дагуу хэрэгжиж байгааг дурдаж, барилга угсралтын ажлыг энэ онд багтааж дуусгахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж ярилцлаа. Мөн Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлд хатуу хучилттай авто зам барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа аж.

Сайд нар Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссуудын хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгааг тэмдэглэж, Комиссын хоёрдугаар хуралдааныг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа манай тал мэдээлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn