З.Батцэцэг

Зохиолч, утга зохиол судлаач Андрей Арьев бол Петербургийн уран зохиолын гол сэтгүүл болох “Звезда”-г 29 жилийн турш удирдсан. “Сергей Довлатовын гурван хот” номыг хамтран бичсэн хүний нэг. Энэ номоо есдүгээр сарын 5-нд “День Д” наадмаар танилцуулсан байна.

-Сэтгүүлч Иван Толстой таныг “Петербургийн соёлын тууштай шүтэн бишрэгч” гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ?

-Намайг ямар нэгэн байдлаар тодорхойлоход би дургүй, эцсийн эцэст хүн өөрөө өөртөө хамааралтай, системийн нэг хэсэг биш. Гэхдээ Петербургийн соёлыг үгүйсгэх утгагүй хэрэг. Энэ соёл XVIII зуунд үүссэн бөгөөд одоог хүртэл амь зогоох төдий л оршиж байна. Энэ бол гоо зүйн давуу тал дээр суурилсан реализм юм. Петербургийнхэн гоо зүйн төлөө ёс суртахууныг үл тоомсорлож чаддаг хүмүүс. Петербург Орост гадны газар шиг хэрнээ Орос орон Петербурггүй оршин тогтнохгүй. Тиймээс Петербургийн соёлыг түгээгч бол илүүдэл хүн, эсрэг дүр, Достоевскийн баатрууд шиг.

-Петербургийн соёл одоо ямар байна?

-Бүх соёл иргэншилт ертөнцийн адил уналтын байдалтай. Үүнд хэн ч буруугүй. Соёлын зам давтамжтай, сэргээлт, уналтын үетэй. Одоо яг уналтын үе дээрээ явж байна. Бид хялбаршуулсан, массын ноёрхлын үед амьдарч байна. Гэхдээ энэ бол амьдрал. Эртний Римийн оршин суугчид ахуй амьдрал, эдийн засаг нь хангалттай хөгжсөн үедээ бүгд Гай Валерия Катуллаг уншихгүй, дуртайяа гладиаторын тулаан үздэг байсан. Одоо тийм л байна. Энэ бол хэвийн үзэгдэл.

-Та Катуллаг уншдаг хүмүүсийн нэг. Катуллаг унших хүмүүс их байлгахын төлөө бүхнийг хийдэг. 1992 оноос эхлээд та Яков Гординтой хамт “Звезда” сэтгүүлийг тэргүүлж байгаа. “Звезда”-гийн зохиолчдын сангаас танд санал болгохоор зохиолч бий юу?

-Уран зохиолоор одоо мөнгө олно гэдэг бараг боломжгүй. Залуу зохиолчид анхны номоо хэвлээд болоо, дахин бичих боломжгүй. Учир нь мөнгө олох хэрэгтэй. Харамсалтай нь “Звезда”-д ийм юм их тохиолддог. Гялалзаж гараад таг болчихно. Гэхдээ надад таалагддаг авъяастнууд бий. Жишээ нь, Петербургийн уугуул Арина Обух. Заримдаа түүнийг дэндүү хөнгөн стильтэй гэж шүүмжилдэг. Гэхдээ тэр драм талдаа ахиж байгаа. Тэгээд ч сонгосон замаасаа буцахгүй гэж амлаад байгаа.

-2020 оны сүүлээр таны “Сергей Довлатовын 3 хот” ном гарсан. Та түүнтэй найзууд байсан. Сергей Донатовичийн хувьд Петербург хэр чухал байв. Тэр өөрөө Петербургт хэр чухал хүн бэ?

-Энэ ном бол гурван зохиолч Довлатовын талаар үзэл бодлоо бичсэн зохиол. Елена Сульская түүний талаар Таллины өнцгөөс бичсэн. Довлатов 1972-1975 онд Таллинд амьдарч байв. Утга зохиол судлаач, зохиолч Александр Генис түүний амьдрал, уран бүтээлийг Нью-Йорк талаас нь бичсэн. Довлатов 1978 онд АНУ руу дүрвэж, 1990 онд нас бартлаа тэнд амьдарсан. Тэрбээр залуу насаа, дүрвэхээс өмнөх хэдэн жилд Петербургт амьдарч байсан. Би энэ талаас нь бичсэн. Энэ хот түүнийг зохиолчийн хувьд бүтээсэн. Харин хот бол түүнд хайртай, түүнийг дурсдаг. “День Д” наадам бол үүний нэгэн жишээ.

-Довлатов хаана аз жаргалтай байсан бэ. Петербургт, Нью-Йоркод?

-Хаана ч биш. Сережа аз жаргалтай байхаар зантай хүн байгаагүй. Тайван биш, юманд амархан санаа зовдог. Ленинградад түүний бүх найз байсан ч өөрийнх нь ном хэвлэгдэхгүй байна гээд энд бүр солиорох шахаж байсан. Авьяасыг нь хүлээн зөвшөөрч, магтдаг байсан ч ном нь хэвлэгддэггүй. Сережа зүгээр хэвлүүлээд зогсохгүй мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч байж хүссэн зүйлээ бичихийг хүсэж байсан. Гар бичмэлүүдээ бүх редакцид илгээдэг байсан. Тэр надад хэлэхдээ бүр 2-3 жил шоронд суухад ч бэлэн байна. Үүний дараа түүнийг хэвлэж магад гэж байсан. Мэддэг байсан учраас шоронгоос айж байгаагүй. (Сергей Довлатов гурван жил цэргийн албаа засан хүмүүжүүлэх ангийн хамгаалах албанд хашсан. Энэ үеэ “Шорон: харгалзагчийн зурвас” зохиолдоо тусгасан байдаг). Би түүнд шоронд суух нь хэвлэлтэд яаж нөлөөлөхийг ойлгохгүй байна гэхэд тэр азаар надтай санал нийлсэн. Харин АНУ-д түүнийг бүр “Нью-Йоркер”-т хэвлэсэн. Түүнийг цензурдэж байгаагүй. Курт Воннегут түүнийг магтдаг, ер нь тэр Нью-Йоркт хайртай байсан. Гэхдээ тэр зөвхөн Орос хэлээр бичдэг байсан болохоор зөвхөн цагаачдын цөөхөн хүрээлэлд түүнийг мэддэг байсан. Яагаад цагаачдын цөөхөн хүрээлэл гэхээр Нью-Йоркийн орос хэлтнүүдийн олонх нь ном уншдаггүй. Харин тэр хүрээгээ тэлэхийг хүсэж байлаа. Би 1989 онд тэднийд зочлоход тэрбээр Оросод зохиолчийн хувиар очоод ирмээр байна гэж хэлж байсан. Америкуудын хувьд оросууд хамгийн түрүүнд коммунизмаас зугтсан дүрвэгчид гэдгээрээ сонирхол татдаг. Дараа нь зохиолч, жүжигчид гэдгийг нь сонирхдог гэж Сережа хэлж байсан. Ганцхан Бродский, Барышников нарт өөрөөр хандаж байсан.

-Тоймлож хэлбэл Довлатов нэр хүнд хүсэж байжээ?

-Үгүй. Амжилт, тарган цатгалан байдлыг тэр үзэн яддаг. Энэ бол сэтгэлийн доромжлол гэж үздэг байсан. Тэр уран бүтээлээ туурвиж, зохиолоо хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байв. Алдар нэр хүндтэй энэ бол холбоогүй.

-Жил бүр Петербургт хуульч Лев Лурьегийн санаачилсан, Довлатовт зориулсан “День Д” наадам зохиодог. Та үүнд яаж ханддаг вэ?
-Эерэг. Зохион байгуулалтад нь Засгийн газар оролцдоггүй, дээрээс тушаалгүй. Энэ бол Сережад хайртай доод хүмүүсийн зохион байгуулсан наадам. Би яаж үүнд муу хандах юм.

 

Андрей Арьев, Яков Гордин нар бол “Звезда”-гийн сэтгүүлийн редакцаас сонгогдсон анхны ахлах редакторууд. Зөвлөлтийн үед зөвхөн Кремлиэс томилсон хүн энэ сэтгүүлийн редактор хийдэг байсан. Довлатовын адилаар Андрей Арьев “Михайловск” байгаль музейд хөтчөөр ажиллаж байсан.

Эх сурвалж: www.sobaka.ru