Ч.ОЛДОХ

Монгол ардын уртын дуунд суурилж бий болсон нэгэн сонирхолтой  хэлбэр нь  гүр дуу   юм. Гэвч орчин цагт гүр дуу байхгүй болсон тул  “мөхсөн урлаг” гэж   судлаачид дүгнэх болжээ. . 
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын секторын эрхлэгч, доктор А.Алимаа  хэлэхдээ “Гүр дууны талаарх  судалгаа байдаг боловч хүмүүс юу юм бэ хэмээн  гайхдаг. Уг нь бид Энэтхэгийн йогийг авахын оронд гүр дуугаа хөгжүүлсэн бол бясалгалын дуу, түүнийг дагасан  бясалгах ёс горим байсан. Иймд номын ид шид оршсон дуу  гэж  хэлдэг. Анх  Баянхонгор аймгийн Галуутын хүрээний таван гэгээнтний хоёр нь  зохион дуулсан түүхтэй. Эхэлж үүссэн нь Түвдэд “Мялын буман дуулал” гэж байсан,   түүнээс санаа авч монгол ая дан, шашны ёс заншлаар  дуулсан. Ингэхдээ жирийн хүн бус лам  хуврагууд  дуулдаг байв.  Лувсанноровшарав гэгээнтний үлдээсэн гурван дэвтэр дуу олдсон. Нэмж олдох магадлалтай. Мөн Говийн Догшин ноён хутагт Данзанравжаа  81-тэй гүр дуу зохиосон байдаг. Энэ нь нэг эхтэй  дотроо жижиг хэсгүүдэд хуваагддаг. Аяыг нь  тэмдэглэж үлдээхдээ  ятга хөгжим дээр хэрхэн дуулахыг бичсэн нь саяхнаас судлагдаж байна. Энэ  өвийг бид хадгалж ирсэн боловч мартагдсан нь харамсалтай. Лувсанноровшарав  нэг дууны үгийг бичээд, дор нь ямар байдлаар зохиогдсон тухай түүхийг  бичиж үлдээсэн нь  “Түвдийн газар ном үзээд сууж байтал ээжийнх нь бие тааруу буюу насан эцэслэсэн гэх сургийг сонсоод нутаг буцая гэлгүй эрдэм номдоо шамдая. Би тэндээс ээжийнхээ дэргэд байгаа мэт санан  дуугаараа  хамт байна” гэсэн утгаар бясалган дуулжээ. Шоргоолжийг хараад хүний амьдралтай харьцуулан дуу зохиосон гэхчлэн гүр дуугаар  \шастир дуу мөн адил\ дээд тэнгэр, бурхадын оронд байгаа бурхад, дагинас, өвгөд дээдэстээ дуу \үг, аяар\  өргөл өргөдөг. “Үлэмжийн чанар” гэхэд   тэнгэрийн таван дагинад зориулан зохиосон өргөл дуу юм. Тахилаас гадна дуугаар өргөл өргөж бясалган дуулснаар тэдэнтэй харилцаж байна гэсэн утгатай. Ийм дуу олон. Жирийн нэг морийг магтсан, ийм сайхан биетэй, тийм сайхан дэл сүүлтэй гэхчлэн  дуулж, мөн морио  өргөл болгон  сэтэрлэж тавьдаг уламжлалтай байсан. Дэл сүүл нь туг хиур болтугай, дөрвөн туурай нь цацлын цөгц болтугай, чих нь хонх болтугай гэхчлэн магтаал өргөж дуулсан нь ч бий. Нэг онцлог нь монгол ардын дууны эхэнд заавал морины тухай дуулагддаг “Эрдэнэ засгийн унага” –ыг дуулаад цааш залгуулаад ээжийн тухай дуулах жишээтэй” гэв. 

Элэгдэж нурах байшин, эзэн  хоёрын тавилан  ижил

А.Алимаа доктор гүр дуу,  тэр дотроос “Шавар байшин” дууг онцлон судалж, гүн ухааны, тэгэхдээ  шашны дуу гэж дүгнэжээ. Учир нь энэ дуу буддын шашны гүн ухаанаар тайлбарлагддаг байна. Бурханы шашны нэг гол чанар нь хоосон чанар юм. Бидний харж байгаа, барьж байгаа, үзэгдэж буй юмс бүгд хуурамч. Нэгэн цагт тэд бүгд алга  болно. Эд  эдлэгдэж дуусдагтай адил   эзэн нь ч мөнх биш. “Шавар байшин”  дуу энэ зарчмаар бичигджээ. Дуунд хүний биеийг шавар байшинтай адилтгаж,  “Шавар бол хүний арьстай адил. Байшин хэмээвээс нүд нь  цонх, хаалга нь уруул юм. Хэрэв  шавар  байшин  нураад уначихвал шороо болно. Хүн үхвэл түүнтэй  адил. Шавар байшингийн цонх хагарвал, юм  харж чадахгүй. Хүн харж болохгүй бол тэрийг авъя, үүнийг авъя, энэ ямар сайхан, тэр ямар муухай юм бэ  гэж ялгах юмгүй болно. Ялгахгүй байх аваас хүн нэг талаас амар. Тиймээс хүний таалж байгаа бүхэн хоосон чанартай. Хэдий эвдэрч хэмхрэх боловч хүн байшингаа тордоод явдаг шиг өөрийн биеэ  тордож явбал эрүүл байж урт насална”   гэсэн  утгыг тус   дуунд шингээжээ. 

Хүний дотоод мөн чанарыг илэрхийлсэн бясалгалын дуу

“Шавар байшин”  дууны үг нь “Гур дууны дэвтрүүд” болон дууны бичмэл дэвтрүүдээр  уламжлагдан ирсэн ч   аман хэлбэрээр үлдсэнгүй. Энэ дууг  “Гүр дуу”, “Шашдар дуу” хэмээн ялгаж үзсэн байдаг бөгөөд энэ талаас нь  доктор Л.Хүрэлбаатар, академич Д.Цэрэнсодном, доктор Л.Эрдэнэчимэг нар тусгайлан судалжээ. Харин А.Алимаа доктор  “Шавар байшин” гүр дууг зургаан мэдрэхгүй, таван махбодийн зарчмаар бичсэн нь” хэмээх судалгааны бүтээлдээ дууны шүлгийн зохиомж, онцлогийг дорно дахинд өргөн дэлгэрсэн махбодийн онолын үүднээс тайлбарлажээ. 
Тэрбээр  “Шавар байшин” дуу нь хүний дотоод мөн чанарыг утга төгөлдөр илэрхийлсэн, бясалгалын зорилготой дуу хэмээн товч тодорхойлж болно. Тэгэхдээ буддын шашны гол номлол болох хоосон чанарт тулгуурлан өгүүлснээрээ өвөрмөц утга агуулгатай юм. Шүлэгт хүний бие махбодь бүхэлдээ шавраар бүтээсэн байшин мэт юм гээд энэхүү байшинд нүд, хамар, ам, чих, арьс зэрэг хүний мэдрэхүйн эрхтэн оршиж байдаг гэдгийг
…Энэ бие өнөд шавар байшин адил
…Тэр зургаан эрхтэн нэгэн балгасанд суувч
Хамт нэг үл суун зургаан тусгаар суумой 
гэж өгүүлжээ. Хүний тэрхүү мэдрэхүйн эрхтэн тус тусын үүрэгтэй бөгөөд, тэрхүү үүргээ цэрэг мэт цаг ямагт гүйцэтгэж байдгийг дараах байдлаар өгүүлжээ. Үүнд:
Нүд эрхтнээр -өнгө дүрсэд гүймүй
Хамрын эрхтнээр-үнэр бүхнээ гүймүй
Хэлний эрхтнээр –амтнуудад гүймүй
Биеийн эрхтнээр –хүртэхүйд гүймүй
Сэтгэлийн эрхтнээр-мэдрэхүйнүүд бүхэнд гүймүй г.м. 
Дуу чимээ сонсох үүрэгтэй чих эдгээр дээр нэмэгдээд /эх бичигт орхисон/ мэдрэхүйн зургаан эрхтэн болно. Энд гарч буй “Мэдрэхүйнүүд бүхэнд гүйгч”-сэтгэлийн эрхтэн гэж юуг өгүүлнэ вэ? “Сэтгэл” гэдэг бидний өнөөгийн ойлголтоор бие бодгүй зүйл. Харин шүлэгт нүд, хамар, хэл, арьс зэрэг өвөрмөц дүрс хэлбэр бүхий эрхтнүүдтэй зэрэгцүүлэн сэтгэлийг бодитой болгон дурдсан байна. Мөн түүний гүйцэтгэх үүргийг “Сэтгэлийн эрхтнээр-мэдрэхүйнүүд бүхэнд гүймүй” хэмээн тодорхойлжээ. 
Бид “хүний таван мэдрэхүй” гэж ярьж бичиж, хэвшиж дадсан. Харин уг дууны шүлэгт сэтгэлийн эрхтнийг зургаа дахь  мэдрэхүйд оруулан тооцож үзсэн нь “сэтгэлийн эрхтэн” гэгч бодитой оршиж байдаг, басхүү өөрийн дүрс хэлбэртэй эрхтэн болохыг зааж байна.Сэтгэлийн эрхтэн гэдэг нь уламжлалт анагаах ухаанд өгүүлсэнчлэн хүний бүх мэдрэхүйнүүдийг удирдан залж байдаг гурван судлыг хэлсэн мэт санагдана. Уламжлалт эмнэлгийн онолд хүний биед “хий гүйлгэгч” /мэдрэл/ Наран судал буюу Ром /roma/, саран судал буюу Жом /rkyang ma/, Төв судал буюу Ум /dbu ma/ гэсэн үндсэн гурван судал бий гэж үздэг. Энэ гурван судал нь хүний биеийн гол нуруу, нугасны байрлалын дагуу хоорондоо ороон сүлжилдсэн байдлаар оршиж байдаг ажээ. Гурван судал хүний биеийн хоолой болоод зүрх, хүйс, үржлийн эрхтний харалдаа дөрвөн  хэсэг газарт бие биеэ ороон дөрюөн  зангилаа үүсгэж байрладаг байна. Энэ судлуудын эхний зангилаа хүний амьсгалах, идэж уух, ярих рефлексийг зохицуулдаг бол хоёр дахь нь хөдлөх, босох суух зэрэг үйлийг, гурав дахь нь хоол ундыг боловсруулах үйлийг, дөрөвдөх нь ялгаруулах зэрэг үүргийг тус тус гүйцэтгэдэг ажээ. Ром, Жом, Ус гэсэн гурван судлаар хийнүүд хоногт хүний биеэр зургаан удаа эргэлддэг гэж үздэг байна. Тиймээс дууны шүлэгт сэтгэлийн эрхтэн гэгч нь чухамдаа үүнийг заан өгүүлжээ.Нүд, чих, хамар, ам болоод мэдрэхүйн эрхтэн цугаар нэгдэж сэтгэлийн эрхтэнд хураагддаг байна. Энэ талаар дууны шүлэгт өгүүлэхдээ “Өнгө, дуун, үнэр, амт, хүртэхүй, мэдрэхүй эд нь
Юу гэж хэлбээс сэтгэл даган одмой” гэжээ. Сэтгэл булаам дүр төрх, өнгө дүрс, уянгалаг дуу, анхилам үнэр, тааламжтай хүртэгдэхүүн хүнд зохистой, сайн сайхан нөхцөл мөн ч түүнд шунан дурлаж, хэт эрхэмлэвээс шунал, хар хор үүдэж, улмаар эрх мэдэл, дайн тулаан ч дэгддэг. Энэ талаар “Шавар байшин” дууны шүлэгт мэдрэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагаанаас үүдэж хүнд янз бүрийн мэдрэмж, сэтгэлийн хөдлгөөн үүсдэг тухай цааш өгүүлэхдээ:
    
“Сэтгэл даган одсоор нүүр царай хувилан

Таван хор нисванис зэргээр хөдөлнөм” хэмээн товч боловч өргөн утгатайгаар тайлбарлажээ. Хүний мэдрэхүйн эрхтэн нүд, чих, хамар, ам, арьс мөн  мэдрэхүйн үйл ажиллагаа харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх үйлийг Дорно дахины анагаах ухаан, зурхай, яруу найргийн онолд дөрөв болон таван махбодийн онолоор тайлбарлаж иржээ. Тиймээс уг шүлэгт хүний биеийг шороо, ус, гал, хий-гээр бүтсэн байшин гэж өгүүлжээ.
... “МЭӨ VII зууны орчим амьдарч байсан эртний Энэтхэгийн гүн ухаантан сэтгэгч Капилагийн үндэслэсэн Сахьяагийн буюу тоотны чиглэлийнхэн бодисын зүйгээс шороо, ус, хий, огторгуй гэсэн таван  махбод үүснэ. Түүнээс хэл, нүд, чих, хамар, арьс зэрэг таван  эрхтэн үүсэх, мөн дүрс, дуу, үнэр, амт хүрэлцэх таван  орон үүснэ гэж үзсэн” байна. Энэ үзэл онол буддын шашны онол сургаалаар дамжин монголчуудын ертөнцийг үзэх үзэл, улмаар шүлэг яруу найргийн урлахуйн ухаанд туссаныг “Шавар байшин” шүлгээс  харж болно. Үүнд:
“Бий” хэмээн батлахын хоосон байшин нь
Шороо, ус, гал, хийгээр бүтсэн байшин буй
Энэ дөрвийн аль ч жич бие биш байтал
“Би” хийгээд “миний” хэмээн эндүүрсээр явмой
Үйлийн үр/-ээр/ бүтсэн энэ хоосон байшин нь
Эвдэрч орхихуйд тус бүр одмой
Гал хийгээд хий нь дээшээ одмой
Шороо хийгээд ус нь доошоо одмой
Ямар мэт үйлийн үр, сэтгэл хийгээд сүнс
Зургаан зүйл амьтны нэгэн төрөл авмой” хэмээн урнаар өгүүлжээ. 
Мэдрэхүйн таван эрхтнээс дуу, дүрс, үнэр, амт, хүрэлцэхүйн таван орон үүсэх харьцааг зурхай, ангаах ухаанд тайлбарлахдаа: 
“Дуун чанараас огторгуйн махбод үүснэ. 
Дуу,  мэдрэхүй нэгдэн хийн махбодийг үүсгэнэ. 
Дуу, мэдрэхүй, өнгө нэгдэж гал махбодийг үүсгэнэ. 
Дуу, мэдрэхүй, өнгө, амт дөрөв дээр үнэр нэгдэж шороон махбодийг үүсгэнэ. Шороон махбод нь таван чанарыг эзэмдэгч махбод юм” гэж тайлбарлажээ. 
Дуу нь-огторгуй, мэдрэхүй-хий, өнгө-гал, амт-ус, шороо-үнэр гэсэн дөрвөн махбод тус тусын гол шинж чанартай ажээ.Энэтхэгийн таван махбодийн үзэд сургаал эхэн үедээ зурхайн ухааны суурь болж байснаа аажмаар сав, шим ертөнцийн бүхий л үзэгдэл, түүгээр зогсохгүй буддын гүн ухааны гол салбарууд болох дуун ухаан, яруу өгүүлэхүй, урлахуйн ухаан буюу дуу хөгжим, бүжгийн ухаанд гүнзгий нэвтэрчээ. Монголын бичгийн их мэргэд, ухаантнуудын хүч оролцоотойгоор таван махбодийн онол Монгол нутагт өргөн дэлгэр тархсан юм. Монгол нутагт урган төлжсөн махбодийн онол сургаал буюу таван махбодийн онол бичгийн мэргэдийн зохиосон шүлэг яруу найргаас жирийн иргэний яруу найрагт ч тусгалаа олсон байдаг” -ийг  А.Алимаа доктор өөрийн судалгаагаар нотлон дүгнэжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.17 БААСАН № 183 (6660)