Д.ЦЭРЭННАДМИД

Төрийн шагналт, зураач С.Саранцацралтын уран бүтээлийн нэгэн өвөрмөц шинэ үзэсгэлэн нээгджээ.Сүүлийн үед хүчээ аван хөгжиж байгаа контенпирари урлагийн төрлөөр гаргасан уг үзэсгэлэнг үзэхэд зураач гэгддэг энэ бүсгүй зүгээр нэг бийр будаг нийлүүлдэг, баримал хийдэг нэгэн биш жинхэнэ сэтгэгч уран бүтээлч юм гэдэг нь харагдаж байгаа юм. Ингээд жинхэнэ өөр зочныхоо шинэлэг уран бүтээлийн тухай бяцхан сурвалжлагаа толилуулъя.

ХААН банкны “Арт галлерей”-д ормогц хоёр сандал бүхий ширээ байх юм.  Тэнд нь сууж зочинтойгоо хэдэн үг солих минь гэтэл биш юмаа үзэсгэлэнгийн нэгээхэн хэсэг тэр болж таарав.
Ширээн дээр өлгий маягийн дөрвөлжин дэвсгэр дээр сарвайсан     нүцгэн хүүхэд байх нь цочирдом.
С.Саранцацралт тайлбар хэлж байна аа.
-Энэ бол “Намайг төрүүлэх апликейшн” гэдэг бүлэг. 
Ширээн дээр байгаа жижиг хүүхэд бол сүнс. Төрөхийн өмнө ижий, ааваасаа асуух 16 асуулт нь дэргэд нь байна. Тэдгээр асуултад хариулт өгсөн нөхцөлд хүүхэд төрүүлж болно. Болзол хангагдсан гэсэн үг. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл төлөвлөөгүй хүүхэд төрүүлж тэр нь чанаргүй иргэдийг бий болгож байна.

Өвчтэй хүүхэд олон төрдөг. Яагаад  гэвэл ижий, аав нар өөрсдөө эрүүл байж чадаагүй.
Хэрэв хүүхэдтэй болъё гэж байгаа бол хүүхдээ өсгөх орон зайгаа бэлд, цаашлаад оюун санааг нь хэрхэн хөгжүүлэх юм. Ямар хүн болгох чадвар надад байхнав гэдгээ бод гэж байгаа юм.                            
Төлөвлөөгүй хүүхэд төрүүлснээс тэр аав, ижийгээ болоод эргэн тойрны хүмүүсээ шаналгаж байна.
Чимгээ, Батаа хоёр хүүхэдтэй болъё гэе. Хүүхдээ ижийгээрээ харуулдаг, өсгүүлдэг. Энэ бол өмнөх зуунтай хамт халагдсан байх ёстой зүйл гэж хэлнэ гэлээ. 
“Намайг төрүүлэх апликэйшн” гэх хуудасны асуулгын төгсгөлд хүүхдийн анхааруулга байгаа нь “Миний бие яаж ийж байгаад хүн болдог зүйл биш” “Хэн нэгний бодлоос үүдэлтэй өөрийнхөө жижиг хувилбарыг харах зорилгоор гаргаж ирсэн тоглоом биш !!! гэсэн харагдана билээ.
Цааш хэд алхтал уул овоо шиг хог хаягдал цаад талд нь буй хана дүүрэх дэлгэц дээр сонин дүрсүүд жирэлзэнэ. Энэ тухай уран бүтээлчийн тайлбар бас сонин л доо.
-Тэр дэлгэц дээр буй жирэлзээн бол монголчууд бидний оюун санаа ийм эвдрэлд орсон байна гэдгийг илэрхийлж байгаа юм. 
Наана нь олон толгойгүй хүн  зүрхэн дээрээ гараа тавиад “Халуун элгэн нутгаа” дуулж байгаа нь зүгээр хэлбэр төдий.
Тиймээс оюун санаа нь хоцрогдож муухай намаг балчигт живснээс болж ийм их хогийг хаа сайгүй хаяж уул усаа, байгаль орчноо буртаглаж байна.
Би асар их хогийг их хотынхоо эргэн тойрны дөрвөн уулнаас түүсэн юм. Багахан хэсэг нь энэ гээд бод доо. Муухай үнэртэй нь ч жигтэйхэн. Гэхдээ энэ хогийг галлерейд авчраад тавьчихаар уран бүтээл болж байгаа юм л даа. 
Үүнийг үзсэн хүн лав байгаль дэлхийгээ бохирдуулж хог хаяхгүй болоосой гэж би бодно. Урлагийн бүтээл үзнэ гэж ирсэн олон хүн цочирдож байгааг анзаарлаа. Энэ бол олз юм. 
Эх орон минь, байгаль орчин минь ариун сайхан байгаасай гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэж л хог хаягдлыг уран бүтээл болгосон минь энэ. 

*           *         *

Үзэсгэлэнгийн нэг хэсэг нь хана түшүүлэн тавьсан нэг шат байх юм. Ажиглавал шатны хөл дор нь боодол, боодол доллар, төгрөг, юань ивээтэй. Үүнийг С.Саранцацралтын тайлбаргүйгээр хэн ч ойлгож болохоор.
Өнөөгийн Монголын улс төрд албан тушаалын үнэ цэнэ энэ л дээ. Мөнгөөр, хээл хахуулиар албан тушаал ахьдаг тийм л цаг болсон гэдгийг аяндаа ойлгуулж байгаа нь тэр шат, бөөн мөнгө, валют. Үнэн шүү дээ. Мөнгөтэй хүн алба хашдаг, албан тушаал дэвшдэг гэдэг нэг бичигдээгүй хэрнээ үнэн Монголд бий болчихсон. Энэ тухай яриад л байдаг ч засардаггүй нь оюун санааны нэг хоцрогдол юм гэдгийг үүгээр харуулжээ. 

*           *         *

Нэг тасалгааны голд хоёр алтан суултуур байх юм. Дэргэд нь байгаа гэрийн углааш, нойлын цаас бас алтан өнгөтэй. Үүнийг С.Саранцацрал ингэж тайлбарласаан.
-Бидний Монголчууд гангараанд хэтэрхий дуртай болчихжээ. Энэ бол сэтгэхүй, оюун санааны хоцрогдол юм.
Илүүц учир утгагүй гангараа их байна. Барьсан гар утас, унадаг машинаараа за тэгээд зүүсэн цаг, өвөр дэх хөөргөөрөө гээд л ...
Бусдаас тансаг орон сууцанд амьдрах  гэж ийм алтан суултуур дээр суух гэж эрмэлздэг хүн олон болсон.  Энэ чиг бас л оюун санааны үгүйрэл юм л даа. Үүнийг хараад хүмүүс ямар гоё юм бэ? Нэг суугаад авахсан гэхийн оронд ийм хүсэл эрмэлзлэлтэй амьдрах гэж дээ гэж бодох болов уу гэлээ.  Та үүнийг сонсдоо гэж таазнаас унжин байгаа чихэвчийг надад өглөө. 
Сонслоо, Монгол ардын “Хэеэнхуар” гэдэг дууны ая эгшиглэж байх юм. Гэтэл харин үгийг тэр утга учиргүй гангараанд тааруулан өөрчилсөн нь тун сонин байлаа. Өнөө үеийнхний оюун санаанд нэвт шингэчихээд байгаа хоосролыг шүүмжилсэн үгс тэр аянаа хөвөрнө.

*           *         *

Нэг сандал дээр орчин цагийн хүний хэрэглээний гялгар цалгар зүйлүүдийг өржээ. Сандлын ар дээр булган дээл тохож, доор нь алтан өнгөтэй туфль тавьжээ. Үүнд тайлбар сонслоо. 
-Дээр үед дайн байлдаанд явж байгаа баатрууд   хөө хуягаас эхлээд элдэв төмөрлөг зүйлээр биеэ хамгаалдаг байсан даа. Тэгвэл өнөөгийнхөн элдэв эд зүйлээр хуягладаг болж.  Юунаас хамгаалж байгаа нь бүү мэд. Магтаад шагшраад байх юм огт биш. Үүнийг үзүүлж буй далд санаа нь гэвэл хүн энгийнээр амьдрах нь зөв гэсэн санаа юм. 
Энд тавигдсан орчин үеийн сайхан брэндүүд хэрэггүй юм биш. Үгүйсгээгүй ээ. Зөвхөн уран бүтээлийнхээ  хэрэглэгдэхүүн болгон ашигласан юм шүү дээ.
Цааш нь хэлэхэд орчин үеийн эдгээр брэндүүдийг эдлээгүй хэрэглээгүй бол хүн биш юм шиг харагддаг, ад үзэгддэг маягийн буруу ойлголт байдаг Энэ мөн л нөгөө оюуны гажиг юм.

*           *         *

Ингээд үзэсгэлэнд тавигдсан бүтээл бүхэн дээр тайлбар сонсох гэсэнгүй л дээ. Монголчуудын тэр дотор залуучуудын дунд байдаг элдэв бүдүүлэг үг хэллэг, хараалыг “ширээн дээр байх хоёр бакалан гутал” хэлж  байх юм.
“Ална шүү ...” гэсэн танхай үг, бас п ... толгойтой хараал гээд л ...
Ингээд С.Саранцацралтаас цөөн асуултад хариу хүссэн юм.
-Өөрөө нэг хэсэг чимээгүй л байв уу даа?
-Уран бүтээлч хүн чимээгүй байна гэж байдаггүй л байхгүй юу. Би чимээгүй байгаагүй ээ. Бүтээсээр байсан.
Хэн нэгэн чимээтэй байгаа нь энэ гээд л өдөр, шөнөгүй олны өмнө гарч хашгираад радио, телевизээр яриад л байх нь зохимжгүй. Үзэгчээ уйдааж байгаа хэлбэр.
Харин уранбүтээлч хүн үе үе шинээр гарч ирж байх учиртай гэж би боддог. Ховорхон гарч ирэхдээ хүний оюун санааг сэрдхийлгэсэн бүтээл гаргаж ухаарал өгдөг байх нь чухал. Миний энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг зорилго энэ л дээ. 
Уран бүтээлч л юм бол аль нэг шалтаг шалтгааны улмаас бүтээхээ зогсоож болохгүй. Миний хувьд 40 жил уран бүтээл туурвилаа. Усгүйгээр загас амьдрахгүй шигээр би бүтээл хийхгүй бол яаж юугаар амьсгалж явах билээ.
-Үзэсгэлэнгийнхээ зорилгыг товчхон хэлнэ үү?
-Би сүүлийн үед контенпирари чиглэлээр ажиллаж ирлээ. Үүний маань нэгээхэн багц нь энэ үзэсгэлэн.
Юуг харуулсан юм бэ? гэвэл өнөөгийн Монголын нийгэмд маань ийм юм болохгүй байна. Хүний оюун санаа нь хоцрогдсноос улс орны хөгжилд муугаар нөлөөлж байна. Байгаль орчноо буртаглаж байна. Үзэсгэлэн маань бүхэлдээ бидний хэрэглэдэг юм бүхэн бүтээгдэхүүнүүд бүгд уран бүтээлийн эдэлхүүн болдог юм шүү гэсэн санаа.
Харин бидний амьдарч буй нийгэм, орчин, хүмүүсийн хоорондын харилцааны гажуудал, оюун санааны хоцрогдол гэх мэт үзэгдлүүдийг эдгээр эдлэл хэрэглэл, хог новшийг ашиглаж үзүүлж хүнд юм бодуулах, сэнхрүүлэх гэж байгаа  урлагийн бүтээлүүд нь Концентуал Рейд-мейд чиглэл юм шүү дээ. Энэ чиглэлийн урлаг бол бидний дунд өрнөж буй үйл явц, нийгмийн харилцааны байдлыг шүүлтүүргүйгээр бодитоор нь харуулж үзэгч түмэнд дүгнэлт хийх боломжийг олгох өөртөө цэнцүүртэй хандахыг сануулах цаашлаад элдэв буруудал гажуудлыг засах өөрчлөн шинэчлэх хүсэл эрмэлзлэлийг хүн бүрт бий болгох зорилготой юм л даа. Үзэсгэлэнг маань “Оюун санааны хоцрогдол, живэлтээс аваръя” гэсэн уриатай байгаа. Үзэсгэлэнг үзсэн бүхэн аливааг харах өнцгөө өөрчлөөсэй гэж хүсэх байна. Бас нэгийг хэлэхэд хувь хүний оюун санаа цэвэр, ёс зүйтэй байж чадсан нөхцөлд улс нийгэм маань аяндаа хөгжинө гэсэн санааг үзэсгэлэнгийн бүтээлүүд хэлж өгч байгаа юм шүү дээ. 
-Энэ нэг хана дүүрэн текст “Уран бүтээлч хэн бэ” гэсэн асуултад хариу өгч байгаа юмаа даа?
-Эдгээрийг би олон жилийн өмнөөс судалж цуглуулсан юм. Залуу уран бүтээлчдэд гарын авлага болог гэж энд дэлгэлээ.  Уран бүтээлч гэдэг бол асар өргөн ойлголт. Зөвхөн зураачийг, шүлэг тэрлэгчийг, нэг дуучныг уран бүтээлч гэх нь алдаа. Тэр хүн бийр будаг нийлүүлээд л, магтаал маягийн шүлэг урсгаад л, нэг янзаараа дуулаад л байвал үзэгчээ уйдаана шүү дээ.
Тиймээс зөвхөн зураач гэдэг нэрнээс  ч татгалзмаар санагддаг. Иймээс олон төрлөөр бүтээхийн төлөө явж байгаа хүний нэг нь байхыг хичээдэг.
Хамгийн гол нь хүний оюун санааг өөрчлөхгүй бол болохгүй. Оюун санааны бэлтгэлгүй хүнд юм хэлээд ч ойлгохгүй. 
Германы нэрт сэтгэгч, уран бүтээлч Йосеф Войс гэдэг хүн энэ тухай бичихдээ: Үхсэн туулай тэвэрсэн, нүүрээ зөгийн балаар булдаж алтан царайлсан хүн оюун санааны тухай ярьж ухуулж байгаа тухай нэг сэдвийг би уншсан. Үхсэн туулай яаж ухаарахсан билээ. 
Тэгэхээр оюуны хоосрол гэдэг үхсэн туулайтай ижил. Гэхдээ уран бүтээлч бид шантралгүйгээр хийх бүтээх, олон түмнийг гэгээрүүлэхийн төлөө байх ёстой. 
Үзэсгэлэнг маань үзсэн хүн бүр ийм ойлголт аваасай. 

*           *         *

Сурвалжлагч миний бие С.Саранцацралтын өвөрмөц өнгө төрхтэй үзэсгэлэнг үзээд манай өнөөгийн нийгэмд байгаа гажуудал, хүний оюун санааг өөрчлөхийн төлөө хүчтэй оролдлого гэж үзээд түүний “чимээгүй хашгираан”  энэ юм гэж бодсон юм.
За тийм ээ, уран бүтээлчийн “Чимээгүй хашгираан”-ыг үзээрэй. Ухаарч бодоорой гэдгийг уншигчиддаа захъя. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.17 БААСАН № 183 (6660)