Б.БЯМБАЖАРГАЛ

Монгол Улсад жилд 1.4 сая тонн хог хаягдал бий болдог гэсэн судалгаа байдгаас, 60 хувийг ахуйн хог хаягдал эзэлж байна. Харин ахуйн хог хаягдлын 30 гаруй хувийг органик хог хаягдал буюу хоол хүнс, малын гаралтай хог хаягдал эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл Улсын хэмжээнд 2019 оны байдлаар бүртгэлтэй мал төхөөрөх 69 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Мал, мах бэлтгэлийн улирлын хамаарлаас шалтгаалан 90-150 хоногт нийт 5.1 сая толгой бог, 1.3 мянган толгой бод мал төхөөрдөг байна. Эдгээр мах нядалгааны үйлдвэр, Эмээлт орчмын мал бүхий иргэдээс их хэмжээний өтөг бууц болоод органик хог хаягдал гардаг. Органик хог хаягдал нь дэлхий нийтийн гол асуудал болоод буй уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлдөг хог хаягдал. Гэтэл манай улсад  эдгээр малын гаралтай органик хог хаягдлыг ил задгай хаяж, байгаль орчинг бохирдуулсаар байна. Энэ асуудлыг олон жил ярьсны үр дүнд малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулах бордооны үйлдвэр ажиллаж эхэллээ.

 

МАЛЫН ӨТӨГ БУУЦЫГ АШИГЛАН БОРДОО ХИЙЖ БАЙНА

Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хувийн хэвшлийн компаниудтай хамтран мал нядалгааны газруудаас гарч буй хаягдал болон малын өтөг бууцыг ашиглан бордоо хийх төслийг эхлүүлжээ. Малын гаралтай хог хаягдлаар бордоо үйлдвэрлэх энэ төслийг “MCPT” ХХК, “Эко тайхи”, “Усан болор хангай” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн 5га газарт хэрэгжүүлэх юм байна. Харин төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлыг компаниуд өөрсдөө бүрэн хариуцах аж. Үйлдвэрлэлээс гарах бордоог хотын ногоон байгууламж, хот орчмын газар тариалан, хөрсний бохирдол доройтолтой газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Улаанбаатар хотын хамгийн баруун захын хэсэг болох Сонгино хайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны мал нядалгааны газар, мал бүхий иргэдээс гарч буй малын гаралтай хог хаягдлыг бууруулах тал дээр өнгөрсөн оноос ажиллаж ирсэн. Судалгааны үндсэн дээр малын гаралтай хог хаягдлаар бордоо хийх ажлыг эхлүүлж байна. Компостлох аргаар дахин боловсруулснаар маш сайн чанарын ялзмаг бүхий бордоо гарч буйг мэргэжлийн хүмүүс хэлж байв.

 

КОМПОСТ БОРДОО УРТ ХУГАЦААНДАА САЙН НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ДАВУУ ТАЛТАЙ

Компост бордоо гэдэг нь ургамал, амьтны гаралтай органик түүхий эд, хог хаягдлыг ашиглан, тэдгээрийн задралын үр дүнд гаргаж авсан органик бордоог хэлдэг. Бусад бордооноос ялзмаг буюу молекулт органик нэгдлийн агууламж өндөр. Шим тэжээлээ ургамалд удаан хугацаанд жигд өгдөг онцлогтой. Түүнчлэн хөрсний бүтэц, үржил шимд урт хугацаандаа сайн нөлөө үзүүлдэг давуу талтай юм. Төсөлд хамрагдаж буй компаниуд 10 гаруй малын тэжээлийн ургамлыг компост бордоогоор бордож туршилт хийсэн байна. Туршилтаар компост бордоогоор бордсон хэсэг нь 25 хувиар илүү ургалттай, хөрсний ус чийг хадгалах чанар сайн, хөрс сийрэг болсон эерэг үр дүн гарчээ.

Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай, дулааны улирал богино учраас малын гаралтай хог хаягдал ялзмагшиж бордооших үйл явц нь удаан байдаг аж. Бордоо хийх ажил ирэх жилээс үр дүнгээ өгнө гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Мөн бордоо үйлдвэрлэж буй компаниудын хэлж буйгаар одоогийн үйлдвэрлэж буй бордооны чанар өндөр, үр дүн сайн байгаа. Цаашлаад бордооны микро организмын орчныг сайжруулахад анхаарч ажиллана гэв.

 

МАЛЫН АРЬС ШИР, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ОРГАНИК БОРДОО ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ

Төсөлд хамтран ажиллаж буй “MCPT” компанийн ерөнхий менежер Ч.Пүрэв “Mанай компани нь жилд 12 мянган тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Компост бордоо нь 5-6 сарын хугацаанд бэлэн болж, эцсийн бүтээгдэхүүн болдог. Одоогийн байдлаар 7 мянга орчим тонн өтөг бууц цугларсан байна. Бордоонд үртэс, самрын яс, чийгийн улаан орж ирдэг. Мөн 5 мянган тонн үртэс, самрын яс цугларсан. Дараа жилээс бордоо бэлэн болж худалдаанд гарна. Тухайн үеийн зах зээлийн үнэлгээг хийж үнийг тогтооно” гэв. “МСРТ” компанийн органик бордоо үйлдвэрлэх төслийг Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба дэмжиж 27 мянган м2 талбайтай газрыг органик бордоо үйлдвэрлэх зорилгоор эзэмшүүлэхээр өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд гэрээ байгуулсан юм. Мөн “Эко Тайхи” компанийн технологич Р.Гэрэлт-Эрдэнэ “Өнгөрсөн оноос Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай Эмээлтийн мал нядалгааны үйлдвэрээс гарсан нойтон хог хаягдлыг цуглуулан бордоо болгох төсөлд хамтран ажиллаж байна. Бордоондоо Японоос оруулж ирсэн ашигтай бактерит бордоог ашиглан компостын процессийн аргаар нойтон хог хаягдлыг бордоо болгодог. Нойтон хог хаягдалд цус, үүдэл цөвдөл, дайвар бүтээгдэхүүн, арьс, толгой, шийр  ордог” гэв.

 

ЭМЭЭЛТ ОРЧМЫН ХУР ХОГИЙГ БҮРЭН УСТГАЖЭЭ

Эмээлт дэх мал нядалгааны газруудаас малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр гарч, ил задгай хаягдан, Эмээлт орчмыг олон жил бохирдуулсаар ирсэн. Малын сэг зэмээс үүдэн махчин шувууд ихээр цугларснаар онгоцны хөөрөх, буух хөдөлгөөнд саад учруулдаг асуудал ч гарч байв. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ил задгай хур хог хаягдлыг цэвэрлэх, мал нядалгаа хийдэг аж ахуй нэгж, байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж эхэлжээ. Түүнчлэн нэгдсэн хогийн цэгийг шийдэж, хог хаягдлыг тогтмол ачиж, тээвэрлэх олон арга хэмжээ авсны үр дүнд малын гаралтай ил задгай хур хог хаягдлыг бүрэн устгаад байгаа аж. Ингэснээр Эмээлт орчмын хур хог, малын гаралтай хог хаягдлын асуудал цэгцэндээ орж байна гэж хэлж болох юм. Дахин боловсруулж, нэмүү өртөг шингээх боломжтой хог хаягдлын ердөө 3-5 хувийг дахин боловсруулдаг. Энэ нь тун чамлалттай үзүүлэлт. Тиймээс ялангуяа нүүрс хүчлийн хий ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нөлөөлдөг органик хог хаягдлын дахин боловсруулалтыг нэмэгдүүлж, энэ талын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.17 БААСАН № 183 (6660)