С.УЯНГА

 

Галлагааны улирал угтсан өвөлжилтийн бэлтгэл хаа сайгүй өрнөж байна. Тэгвэл төр өнтэй өвөлжих үйлчилгээг иргэдэд илүү ойртуулсан нэг цонхны үйлчилгээг НЗДТГ  болон Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан зохион байгууллаа. Иргэд ч өвлийн бэлтгэлээ базаахаар Сүхбаатарын талбайд  хоёр өдөр өнжсөн юм. “Өнтэй өвөлжье” өдөрлөгийн үеэр агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулсан. Түүнчлэн байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, шинэлэг техник, технологи, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгжийн үйлчилгээг сурталчилснаараа онцлогтой. “Өнтэй өвөлжье” өдөрлөгт Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар, “Тавантолгой түлш” ХХК тэргүүтэй төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага  оролцож иргэдэд дулаахан өвөлжих шинэ шийдэл санал болголоо.

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ЯЛГАРАХ ТООСОНЦОР, ХҮХРИЙН ХЭМЖЭЭ 4.8 ДАХИН ЗӨРҮҮТЭЙ БАЙВ

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Иргэдэд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангах тухай мэдээлэл, сурталчилгаа хүргэх, өрхийн хэрэглээний дулааныг цахилгаанаар орлуулан, агаарын бохирдлын эсрэг технологийн шийдлүүдийг санал болгохын сацуу төрийн үйлчилгээг газар дээрээс нь үзүүллээ. Жишээлбэл, НҮБ-ын  Хүүхдийн сан, Дэлхийн банкны “Цэвэр агаар” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй гэрийн дулаалгын төсөлд хамрагдах иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, гэрээ байгууллаа. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах цэг байгуулсан. Зарим өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэсэн” гэлээ.

Өдөрлөгт орчны агаарын чанарын явуулын хэмжилтийн станцыг байрлуулан, дизель болон цахилгаан хөдөлгүүрт автобуснаас ялгарч буй тоосонцор, азотын хүчил, хүхэрт хэмжилт хийж үзүүллээ. Гэтэл хөл хорионы үед болон хэвийн хөдөлгөөний үед хэмжилт хийхэд тээврийн хэрэгслээс ялгарах тоосонцор, хүхрийн хэмжээ 4.8 дахин зөрүүтэй байв. Энэ талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Отгонбаяр “Дизель хөдөлгүүрт автобусыг дахин дизель хөдөлгүүрт автобусаар солиод ямар ч нэмэргүй. Бүх автобусыг цахилгаан хөдөлгүүрт болгон парк шинэчлэлт хийх хэрэгтэй. Ингэснээр ялгарч буй хорт бодисын хэмжээ буурах, тээврийн хэрэгслийн утаа, бохирдлоос үүдэлтэй иргэдийн стресс, бухимдал багасах болно” гэлээ.

 

ЦАХИМААР ДУЛААЛГА ХИЙЛГЭЖ БОЛНО 

“Өнтэй өвөлжье” өдөрлөгт ирсэн иргэд түлш хэрэглэхгүйгээр дулаан өвөлжих боломжтой технологийн шийдлүүдийг илүүтэй сонирхож, гэрийн дулаалгын хөнгөлөлттэй төсөлд хамрагдах талаар мэдээлэл авч байв. Энэ тухайгаа “Зуух галлаж, түлш хэрэглэх агаарын бохирдлыг бий болгодог. Тиймээс иргэдийн ирүүл мэндэд ч тустай, өөрсдөд ч аюулгүй хялбар үүднээс технологийн шийдэл сонирхож, мэдээлэл авахаар ирлээ. Дээврийн болон хана, суурь, агааржуулалт зэргээр цогц дулаалга ч байна. Материал нь бэлэн ирнэ. Бригад нь өөрсдөө дулаалга хийгээд өгөх юм байна” гэж байлаа. Харин дулаан шийдэл төслийг сонирхож байгаа бол dulaalga.mn сайтын дулаалгын тооцоолуур цэс рүү орж эрчим хүчний зөвлөхөд цаг захиална. Тэгээд барилгын үнэлгээ хийлгэх цагийг утсаар товлож, дүгнэлт авах ёстой. Үүний дараа арилжааны банкинд ногоон зээл хүсэх материалаа хүргүүлж, нийлүүлэгчтэй гэрээ байгуулснаар эрчим хүчний хэмнэлттэй сууцандаа тухлах боломжтой гэдгийг Таван толгой түлш компанийн ажилчид хэлсэн юм. 

Мөн “сайн” сайжруулсан түлшний карт болоод угаарын хийн мэдрэгчээ шинээр захиалж байгаа нь ч цөөнгүй байв. Иргэд шахмал түлш худалдан авах эрхийн картаа өрхийн аль нэг гишүүнийхээ иргэний үнэмлэх дээр бүртгэлжүүлж баталгаажуулах юм. Энэ үеэр иргэдэд уламжлалт болон сайжруулсан зуухны янданг хөөлөх зөвлөгөөг өгч байв. Галлахын өмнө яндангаа буулгаж үзүүр хэсэгтээ арзгар, тросстой урт саваагаар хөө, тортгийг цэвэрлэнэ. Цэвэрлэсний дараа яндангийн нэг үзүүрт битүү уут углаж, зөөлөн түншинэ. Эдээр үйлдлийг 2-3 давтах юм.

Энэ мэтээр цаг үеэ мэдэрч бүх үйлчилгээ мэдээллийг нэг дор авчирсан өдөрлөгийг тогтмол зохион байгуулах, дүүрэг бүрд хийж, иргэдэд илүү ойртон ажиллахыг хүсч байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.13 ДАВАА № 179 (6656)