Б.БЯМБАЖАРГАЛ

 

Энэ удаагийн “Start-up” буландаа үндэсний үйлдвэрлэгч “Toodog baby shoes” брэндийн үүсгэн байгуулагч, гутал хувцасны загвар зохион бүтээгч, дизайнер Н.Отгонцэнгэлийг урилаа.

 

-Олон салбарт үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Яагаад гутал үйлдвэрлэлийн салбарт орох болов. Бизнесийн санаагаа яаж олсон бэ?

-“Toodog baby shoes” бол амьдралаас урган гарсан бизнес. Би өөрөө хувцас, гуталны загвар зохион бүтээгч, дизейнер. Мэргэжлээрээ 10 гаруй жил багшилсан. Том охиноо хөлд орох үед нь дэлгүүрээс гутал хайсан ч санаанд нийцээгүй. Бандгар хөлтэй хүүхдэд тулгууртай, хөлд эвтэйхэн гутал өмсүүлэхгүй бол биеэ дааж тавхайн дээрээ тогтож явахад хүндрэлтэй байдаг. Монголд зарагдаж буй гутал ихэвчлэн  Оросын домашки эсвэл импортын, тулгуургүй хэрнээ үнэтэй байсан. Хүүхэд маш хурдан өсөж том болдог учраас дөрвөн сар өмсөөд л багадах үнэтэй, импортын гутлыг Монгол Улсын нийт хүн амын хэдэн хувь нь авч чадах билээ гэсэн бодлоос бизнесээ эхлүүлээд явж байна.

Хамгийн анх охиндоо гутал хийж өгч байлаа. Охины минь өмссөн гутлыг хараад эцэг эхчүүд захиалга өгснөөр энэ салбарт Монгол арьс, ширээр урласан чанартай гуталны эрэлт, хэрэгцээ байгааг ойлгосон. Өнгөрсөн оны аравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч хөл хорионы улмаас хэдэн сар түр завсарлаж саяхнаас л тогтворжиж байна.

-“Start-up” компаниудад тулгамддаг хамгийн том асуудал нь бизнесээ эхлүүлэх үйл явц буюу эхлэлийн хөрөнгө байдаг. Эхлэлийн хөрөнгөө яаж босгосон бэ?

-Улсаас олгож байгаа хөнгөлөлттэй зээлд хамрагдаагүй. Өөрсдөө боломжоороо компанийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн тогтвортой үйл ажиллагаа явуулж эхлээд гурван сар болж байгаа учраас одоогоор зээл авахаар хөөцөлдөөгүй байна. Зээл авахын тулд доод талд нь зургаан сар тогтвортой үйл ажиллагаа явуулж татвараа төлсөн байх ёстой.

Одоогоор манайх зургаан хүнтэй ажиллаж байна. Мэдээж эмэгтэй хүний хувьд гутлын үйлдвэрийг ганцаараа үүсгэн байгуулаад өөрөө бүх зүйлээ хариуцаад явах нь маш том ачаа байдаг юм байна лээ. Тиймээс найздаа хэлтэл өөр компанид нягтлан бодогчоор ажилладаг байсан ч ажлаасаа шууд гараад надад итгээд ирсэн. Би загвар, дизайны ажлаа, манай найз санхүү, маркетинг, захиалгын ажлаа хариуцдаг. Одоогоор манай компани нэрийн дэлгүүртэй болоогүй байгаа учраас цахимаар хүүхдийн хөлнөөс нэг бүрчлэн хэмжээ авч  тохирох гутлыг санал болгож зөвлөгөө өгөх том ажлыг Д.Сэлэнгэ маань “нугалдаг”. Амьдралын найз, ажлын алтан хамтрагчтайгаа компанийнхаа ачааг тэнцүүхэн хуваагаад үүрдэг учраас өдий зэрэгтээ ажиллаж байлаа.

-Ижил төрлийн үйлдвэрлэгчдээс ялгарах онцлог, давуу тал болон танай гутлыг худалдаж авах шалтгаан гэвэл юуг онцлох вэ?

-Хүүхдийн хөл насанд хүрсэн хүнийхээс өөр. Гадуураа өөхөн давхаргатай, бандгар, дөрвөлжиндүү хэлбэртэй. Ялангуяа Монгол хүүхдийн хөл боомоороо өргөн, бандгар, европжуу хэлбэртэй байдаг учраас импортоор орж ирсэн Солонгос, Орос, Хятад гутал сайн таардаггүй. Харин Итали, Европ гутал илүү зохицдог. Тиймээс бид “Toodog” гутлаа Итали, Чех гутлын хийцээр Монгол хүүхдүүдэд тохиромжтой, тухтай байдлаар урладаг. Манайх хүүхдийн хөлний ясны бүтэц, хөдөлгөөн, материалын агаарын солилцоо, чанар, улын өсгий, хатуулга ямар байвал эвтэйхэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх вэ гэдгийг судалж шинжлэх ухаан дээр үндэслэн гуталны загвараа боловсруулдаг. Тухайлбал, хүүхэд алхахад жин яаж тархах, тавхайн яс хаана таарч байна, зуузайн өндрийг тооцоолох зэрэг жижиг деталь бүрийг нарийвчлан тогтоож шигтгэдэг нь бидний ялгарах, онцгойрох гол давуу тал. Ялангуяа хүүхдийн гутал нь тавхайд яг таарсан, биеийн жингийн тархалт өсгий, өлмийд жигд тархахаар бүтээгдсэн байх ёстой юм. Гэтэл одоо импортоор орж ирж байгаа гуталнууд яг насанд хүрсэн хүний гутал шиг гурвалжин хоншоортой, улгүй, чийг татдаг байгааг нь харахаар мэргэжлийн хүний хувьд сэтгэл өвддөг.

-Тэгэхээр өсгийн өндөр, хоншоорын хэлбэрийг хүртэл анхаарах ёстой байдаг юм байна. Загвараа яаж гаргадаг вэ?

-Шинээр зохион бүтээсэн загвар бүр шууд төгс болно гэж хэзээ ч байдаггүй. Ямар ч загварыг гаргасны дараа туршаад үзэхэд дахин шинээр засч, боловсруулах асуудал гарч ирж байдаг. Тиймээс шинэ загвараа охиддоо өмсүүлж туршиж сайжруулдаг. Хамгийн анхны загвараа нэг жил гаруйн хугацаанд бодож засч байж зах зээлд гаргаж байлаа. Одоо тэр гутлыг манай захиалагчид “хөлд оруулдаг гутал” гэдгээр нь эчнээ мэддэг болсон. Хүүхэд гэртээ өдөржин өмсөхөд хөл ядраахгүй, хөнгөн, чийг татахгүй байх ёстой. Дан арьсан гутал өдрийн турш өмсөхөд чийг татдаг. Харин даавуу арьсыг бодвол агаарын солилцоо сайн явагддаг, чийг бага татдаг онцлогтой. Энэ мэт материал бүрийн чанарыг бодолцож гутлын түрийгээ даавуугаар, хамар зуузай хэсгийг арьсаар хийж өгсөн. Мөн загвараас гадна хүүхдийн гуталны материалын чанар хамгийн чухал. Цэвэр арьс, агаарын солилцоо сайн явагддаг хөвөн даавуу, цэвэр шир, хонины ноосон эсгий гэсэн 13 төрлийн материалаар гутлаа хийж байна. Хүүхдийн сөхлөг нумыг хамгаалж, хөлд ороход нь нумтай гутал өмсүүлснээр биеэ дааж зөв алхах болон эрүүл мэндэд чухал нөлөөтэй.

-Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Монгол хүмүүсийн хоолой амархан өвддөг, хоолойны өвчтэй байдаг. Яагаад гэвэл доороосоо даардаг, чийг татдаг пүүз өмсдөг учраас шүү дээ. Мөн нумгүй гутал өмсөх нь хүүхдийг нурууны суулт үүсгэх үндэс болдог. Тиймээс материалын шинж чанар хүүхдийн бие, эрүүл мэндэд хамгийн чухал. Байгалийн гаралтай, цэвэр арьс, шир, эсгий, хөвөн даавуугаар өртөг өндөр хэдий ч гутлаа урладаг. Мөн мэргэжлийн хүний үүднээс зөвлөхөд хүүхдийнхээ гутлыг сонгохдоо дөрвөлжин хоншоортой, өсгийн өндрийг 8-10 мм байхаар тооцож авах нь зүйтэй.

-Гутлын түүхий эд, материалиа хаанаас авдаг вэ. Үнийн тухайд?

-Гутлын материалын дэлгүүр олон бий. Тэндээс гуталныхаа стандартад нийцсэн сайн материалыг сонгож авдаг. Монгол эсгийний үйлдвэрээс хольцгүй эсгий авч бүтээгдэхүүндээ ашигладаг бол даавуугаа Солонгосыг сонгодог. Харин арьс ширний тухайд ихэвчлэн Монгол арьс, шир ашигладаг ч зарим шаардлагатай хэсгүүдэд импортын арьс авдаг. Материалын олдоц сайн учраас хүндрэл үүсдэггүй. Харин хил дээр үүссэн ачааллаас болж материалын үнэ 20-30 хувиар нэмэгдсэн. Бид үнэ тогтворжих байх гэсэн хүлээлттэй байсан ч тасралтгүй өсөж байгаа учраас есдүгээр сараас гутлын үнээ жаахан нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Уг нь эдийн засгийн нөхцөл байдал муу байгаа энэ үед үнээ нэмэхгүй байя гэсэн ч аргагүй боллоо.

-Одоогоор хэдэн загварын гутал гарч байгаа вэ. Бүтээгдэхүүнээ танилцуулахгүй юу?

-Манай загварууд улирлын чанартай. Дөрвөн улирлынх дундаа эрэгтэй, эмэгтэй, урт, богино түрийтэй, наалттай, наалтгүй гээд улирал тутамд загвараа шинэчилдэг. Тухайн улиралд тохиромжтой хэлбэрээр тренд болж буй өнгөөр сонгоно. Үнийн тухайд зуны гутал 50 мянга, “хөлд оруулдаг гутал” 55 мянга, арьсан гутал 70-95 мянган төгрөгийн хооронд худалдаалагддаг. Зарим нь үндэсний үйлдвэрлэл байж өндөр үнэтэй байна гэж шүүмжлэх нь бий. Гэхдээ худалдан авсан хойноо бүгд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлдэг.

-Бизнесийн цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?

-Хүмүүс “Toodog”-ийн гутлыг дөнгөж мэдэж эхлэж байна. Эх орондоо хайртай бол хийж чаддаг зүйлээ дор бүрнээ хамгийн сайнаараа хийх гэдэгтэй санал нийлдэг. Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл гутал урлах учраас хамгийн сайн гутлыг сэтгэлээ шингээн урлахыг хичээн ажиллаж байна. Цаашдаа зөвхөн гутал төдийгүй хүүхдийн хувцас урлахыг зорьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.31 МЯГМАР № 170 (6647)