Ц.МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайханыг урьж ярилцлаа.

 

ҮНДЭСНИЙ ТОМ ҮЙЛДВЭРҮҮД НЬ ЖИЖГҮҮДЭЭ “ЧИРЧ” ХӨГЖДӨГ

Блиц

Ядамсүрэнгийн Эрдэнэсайхан

МЭРГЭЖИЛ:

-Эрх зүйч

-Математикийн багш

-Төрийн удирдлага

БОЛОВСРОЛ:

-1993-1997 онд: Улсын Багшийн Их Сургуулийг Математикийн багш бакалавр.

-1997-2001 онд: Улсын Багшийн Их Сургууль Математик, компьютерийн шинжлэх ухааны магистр

-2008 - 2010 онд: Удирдлагын академи Төрийн удирдлага

-2009-2014 онд: МУИС-ийн Хууль зүйн сургууль Эрх зүйч бакалавр

-2013-2014 онд: АНУ-ийн Виржиниагийн их сургууль Төрийн удирдлага

-2015-2017 онд: МУИС-ийн Хууль зүйн сургууль Эрх зүйн шинжлэх ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

-1998-2000 онд: ХААИС-ийн багш

-2000-2002: УБИС-д багш

-2009 онд: УИХ-ын гишүүний бие төлөөлөгч

-2010-2012 онд: УИХ-ын гишүүний зөвлөх

-2016 - 2018 онд: Гадаадын иргэн харьяатын газрын Хангалт үйлчилгээний газрын дарга

-2018-2020 онд: ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах  газрын дарга

-2020 оноос: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга

-Олборлогч орон хөгждөггүй, үйлдвэрлэгч орон хөгждөг гэдгийг  бид өөрийн орны жишээ бусад орны туршлагаас мэдэрлээ. Үйлдвэрлэгч орон болохыг зорьдог хэдий ч нэгдсэн бодлого, хангалттай санхүүжилт хийж  ахисан түвшинд ажиллаж чадахгүй байна. Хөрөнгө санхүүгийн хангалттай дэмжлэг, хууль эрх зүйн тохироо бүрдэхгүй явсаар ирсэн.

Бид урд хөршөөсөө илүү чанартай, эко  бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж гуравдагч орны зах зээлд өрсөлдөнө. Түүнчлэн манайд  ажиллах хүчний зардал  Хятад улсынхаас өндөр байдаг учраас  нэгж бүтээгдэхүүний өртөг өндөр. Ийм байхад яаж өрсөлдөх вэ дээ. Үнэндээ дотоодоосоо илүү гарч чадахгүй байна. Үүнийг бодлогоор л зохицуулна. Хөгжсөн орнууд дундаас хамгийн сайн хөгжиж буй Вьетнам. Мөн Солонгос, Хятад, Япон бүгд дайны дараа маш хүнд хэцүү байсан. Эдгээр улсын хөгжсөн түүхээс харахад төр нь донор орнуудаас хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл  татаж үйлдвэрлэгчиддээ  бага хүүтэй зээлийг их хэмжээгээр өгсөн. Өгөхдөө шударгаар хуваарилж олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага тавьсан. Ингэснээр  аж ахуйн нэгжүүд нь хөгжиж, ажилтнууд нь тогтвортой цалин, орлоготой болсон байдаг.  Ер нь зээл олгохгүй хэр нь бусад аргаар хөгж гэх нь боломжгүй. Өнөөдөр Солонгос улс жижиг, дунд үйлдвэрлэлээ сонгодог хэлбэрээр хөгжүүлсэн загвар орноор нэрлэгддэг. Тус  улс 1940 -өөд оны үед түүхий эдийн нөөцгүй,  нэг ч үйлдвэргүй, далайн хойгийн нэн ядуу орон байсныг бүгд мэдэх байх. Гэтэл өнөөдөр дэлхийн тэргүүлэх эдийн засагтай топ 10 орны нэг болтлоо үсрэнгүй хөгжсөн. Хамгийн том хүнд үйлдвэрүүд Солонгост бий болсон. Солонгост одоогоор томоохон үйлдвэрүүд нэг хувийг эзэлдэг бол 99 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эзэлдэг. Үндэсний хэмжээний том компаниуд  болох “Хьюндай”, “Самсунг”, “Kиа”  нь бүх бүтээгдэхүүн, ханган нийлүүлэлтээ  дотоодын жижиг, дунд үйлдвэрүүдээсээ авдаг. Төр нь том компаниудаа дэмждэг бол тэд жижгүүдээ дэмждэг. Үйлдвэрүүд нь үндэсний ажиллах хүчээрээ хөгжсөн. Өнөөдөр гаднаас ажиллах хүч автлаа хөгжжээ. Тэгэхээр бэлэн загварыг өөрийн улсдаа нутагшуулах нь хамгийн оновчтой хувилбар. 

 

ЯДУУРЛААС ГАРАХ ХАМГИЙН ЗӨВ БҮТЭЦ ХОРШОО

-Энэ оны  тавдугаар сард УИХ-аар Хоршооны тухай хууль батлагдлаа. Энэ хуулийг батлуулах гэж 2-3 жил болсон. Япон,Солонгос, Хятад, Тайланд зэрэг орны туршлагыг  судлахад иргэд нь  эвлэлдэн нэгдэж хоршоогоо байгуулсан байна. Орон нутгийн иргэд өөртөө байгаа хөрөнгөөрөө /трактортой нь трактороороо газартай нь газраараа, үртэй нь үрээрээ/ хоршин нэгдэж аж ахуй байгуулах явдал. Өөрөөр хэлбэл, ногоогоо хамтарч тариад ашгаа өөрсдөө хувааж илүү гарснаа сум орон нутагтаа нийлүүлэх арга зам. Монгол Улс тархай, бутархай, нүүдлийн мал аж ахуй хосолсон орон. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтод ядуурлаас гарах өлсгөлөнг тэглэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хамгийн зөв бүтэц хувийн аж ахуй болох хоршоо гэдгийг зарласан. Өөрөөр хэлбэл, нэг эзэнтэй, тэр нь менежментээ хийдэг. Ашиг нь нэг орон нутгийн асуудлыг шийдэхгүй. Олон хүн нэгдэж хөдөлмөрлөөд ашгаа тэгш, шударгаар хуваан авдаг, шийдвэрээ хамтарч гарган, хариуцлагаа хамтдаа үүрдэг байгууллага олноор бий болсноор хөгжинө. Энэ бүтэц шинэ зүйл биш. Социализмын үед нэгдэл, хоршоо гэж байсан. Хөдөө аж ахуйн бүх бүтээгдэхүүнээ хоршоондоо өгдөг, хоршоо нь бараа бааздаа нийлүүлдэг, дотоодын үйлдвэрүүдээ түүхий эдээр хангаад илүү гарснаа гадаадад гаргадаг байсан. Тиймээс энэ системийг сэргээе. ХАА-н биржийг амь оруулах бэлтгэн нийлүүлэгч, анхан шатны бүтэц нь хоршоо байх ёстой гэдэг дээр тогтсон. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 4580 хоршоотой. Нэг суманд дунджаар 7-8 хоршоо байна. Гэхдээ нэг суманд олон хоршоо байхын сөрөг тал нь  аль аль нь хөгждөггүй. Тиймээс нэг хоршоотой түүгээрээ дамжуулж зах зээлд түүхий эд, мал, махаа зориулалтын бэлтгэлийн цэг дээр  бэлтгэдэг,  зэрэглэл  тогтоож хадгалдаг, арьс, нэхийгээ элдэж ахуйдаа хэрэглэдэг, байх нь илүү ач холбогдолтой. Өнөөдөр Арьс шир боловсруулагчдын холбооноос гаргасан судалгаагаар үндэсний үйлдвэрлэл авсан арьс ширнийхээ 80 хувь нь гологдол болж байна. Тиймээс нэгж бүтээгдэхүүний өртөг өндөр байх нь мэдээж. Үүний оронд хоршоо нь биржээрээ дамжуулан үйлдвэрлэгч нартаа арай үнэтэй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ  нийлүүлбэл нэгж бүтээгдэхүүний өртөг бага байна. Үүнийг ХАА бирж, хоршоо л хангана. Тэгэхээр анхан шатанд шаардлага хангаагүй арьс шир, нэхий ноосоо  үлдээж жижиг боловсруулалт хийж ахуйдаа хэрэглэдэг. Шаардлага хангасныг нь үйлдвэр рүү явуулдаг байвал суманд байгаа малчиндаа ч, хотын үйлдвэрлэгчдэдээ ч хэрэгтэй. Хуулийн бас нэг чухал заалт хоршоо өөрийн гишүүдийнхээ түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд зуучлан борлуулсан тохиолдолд НӨАТ-аас чөлөөлнө гэсэн зохицуулалт. Өөрөөр хэлбэл, дундын зуучлагч болох ченжүүд гэх хувь хүмүүсийг шахах. Гэхдээ систем буруу байсан учраас ченжийг буруутгахгүй. Тэд малчдаас түүхий эдийг аль болох бага үнээр авч цааш нь үнэтэй зарж, ашиг олох ганцхан зорилготой. Гэтэл тэр ашгийг хүртэх ёстой  малчин, тариаланч хоёр хохирдог. Гэтэл  үндэсний үйлдвэрлэгч хямд авахыг эрмэлздэг. Тиймээс бирж малчдаас түүхий эдийг нь дундын зуучлагчгүйгээр газар дээр нь хамгийн боломжит үнээр худалдан авч үйлдвэрт өгөх нь хамгийн зөв гарц. Энэ шийдлийг ажил хэрэг болгохын төлөө малчид өөрсдөө хоршоондоо нэгдэх хэрэгтэй. Малчид түүхийн эдээ боломжит үнээр бирждээ өгч үндэсний үйлдвэрлэгч хямд үнээр авах боломж бүрдэх нь хэн хэндээ, улс орондоо ач холбогдолтой. Сум бүр хоршоогоор дамжуулаад  мал мах, ноос, ноолуураа бэлтгэдэг болчихвол дагалдаж гардаг олон асуудал цэгцэд орно. Малын хулгай, гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүн, арьс ширээ үнэгүйдүүлэхгүй байх  нааштай олон асуудал шийдэгдэнэ. Зөвхөн эдийн засаг сайжираад зогсохгүй, ажлын байр нэмэгдэж, архидалт, гэмт хэрэг буурна. Нэг суманд 30 орчим ажлын байр нэмэгдэж тэр хэрээр өрхийн амьдрал сайжирна.

 

БАНКТАЙ, КИНО ТЕАТРТАЙ, МУЗЕЙТЭЙ ХОРШОО БИЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ

 

-Солонгосын Кёнги мужийн нэг хоршоо 100 гаруй мянган гишүүдтэй. Хоршооны байр нь манай банкнууд шиг олон давхар, шилэн. Гаднаас нь харахад хоршоо гэж хэлэхээргүй. Ихэвчлэн байцаа, ногоо, будаа, загасны чиглэлээр хоршсон. Өөрсдийн банктай, музейтэй, кино театртай, дэлгүүртэй.  Хоршоо анх хэрхэн үүссэн,  газар тариалан яаж хөгжсөн зэргээ баримтжуулж архивлан музейдээ байрлуулж хүүхдүүддээ үзүүлдэг. Түүнчлэн кино театртаа хамгийн сүүлд гарсан шинэ киног гишүүддээ үнэгүй үзүүлдэг зэргээр соён гэгээрүүлэхийн зэрэгцээ хоршооны зардлаар гишүүдээ жилд нэг удаа дотоодын болон гадаадын аялалд явуулдаг.  Зөвхөн мөнгө олох тухай биш жинхэнэ аз жаргалтай амьдралыг нь цогцлоож байна. Мөнгө хэрэгтэй бол хоршооныхоо банкнаас зээлнэ. Зээлээ ургацаараа төлж болдог. Ургацыг нь хоршоо нь борлуулдаг. Гишүүд хэрэгцээтэй бүх зүйлээ өөрийнхөө дэлгүүрээс худалдан авалт хийнэ. Өөр дэлгүүрээс 1000 төгрөгөөр авах юмыг 900 төгрөгөөр авах жишээтэй. Ингэснээр өөрөө өөрөөсөө хямд худалдан авалт хийгээд  жилийн эцэст  хоршооноосоо ашиг хүртдэг. Тус хоршооны жилийн орлого нь тэрбум вон. Манайхаар бол 200 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай. Гэтэл монголд хоршоо гэж цөөн хэдэн хүн, өдөр тутмаа аргацаасан байдалтай явж байгаа дүр зураг харагдаж байна. Мэдээж энэ загварыг нутагшуулахын тулд цаг хугацаа, хөрөнгө санхүү хэрэгтэй. Гэхдээ эхлүүлэх цаг нь болсон учраас бид эхлэлийг тавьсан. Сонгодог хэлбэрээр нь хөгжүүлж чадвал банктай, театртай, музейтэй хоршоо манайд үүсэх боломжтой.

 

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГ ТАТАН БУУЛГАЖ ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САН БОЛГОНО

 

-Хоршооны тухай хуулийг дагаж 2-3 журам гарна. Сум хөгжүүлэх санг хоршоо хөгжүүлэх сан болгох зохицуулалттай болгосон. 330 суманд дунджаар 400 саяас нэг тэрбум  гаруй  төгрөг хүртэл авлагатай сан байна. Гэхдээ сангийн үйл ажиллагаа буруу байсан учраас 2019 онд улсын үзлэг зохион байгуулж чанаргүй зээлийг илрүүлж өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Учир нь нэг иргэнд  5-10 орчим сая төгрөг олгодог. Бие биеэ дагаж талхан цех хийгээд дампуурчихдаг. Тиймээс үүнийг халж  нэг суманд 1-2 талхан цех л хангалттай. Тэр нь хоршооных бол сайн. Талхан цехийн ашиг олон  хүнд хүртдэг бол хүн болгон талх барих шаардлагагүй. Ес, аравдугаар сард журмаа батлуулна. Ингэснээр Сум хөгжүүлэх санг хоршоо хөгжүүлэх сан болгоно. Түүнчлэн Хоршоо хөгжүүлэх сангаас хэрхэн зээл олгох, эргэн төлөлт зэргийг журмаар зохицуулна. Гэхдээ социализмын үеийнх шиг нэг суманд нэг хоршоо, нэгдэл байна гэж болохгүй. Хоршоо ардчилсан зарчимтай. Өөрөөр хэлбэл, есөөс дээш  хүнтэй бол хоршоо байгуулах эрхтэй.  Гэхдээ  нэг суманд арван хоршоо байгаад арвуулаа ажиллахгүй  байх нь хэрэгтэй юу, эсвэл нэг сайн хоршоотой бусад нь сайн дураараа нэгдээд явах нь үр дүнтэй байх нь дээр үү. Малчин өнөөдөр малаа хариулна, нядална, борлуулна, ноолуураа зарна, менежер, жолооч, хотод ирээд ченж  зэргээр бүгдийг хийж байна. Ийм тохиолдолд нэг хүний хүч хүрэхгүй. Тэгэхээр хоршоонд нэгдчихвэл нэг малаас гарах ашиг шимээ нэмэгдүүлэхээ зориод бэлчээрээ зөв ашиглаад аз жаргалтай үр хүүхэдтэйгээ амьдраад явах нь чухал. Түүнээс биш аймагт кг махыг 5000 төгрөгөөр авъя гээд байхад хотод үүнээс ахиу өгчих гэж ирээд 4000 төгрөгөөр өгөөд буцаж байгаа олон жишээ бий. 30 жил явсан энэ тогтолцоог өөрчлөх шаардлага, хуулиар бий болсон. Хоршоонд нэгдчихвэл нэг малчны, нэг сум, аймгаас нийлүүлэх  мах, ноос, ноолуур бирж дээр тодорхой болно.  Ингэснээр үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх түүхий эдийн нөөц, багтаамжаа тооцно. Өнөөдөр жилд 10 сая ширхэг арьс шир нийлүүлнэ гэвэл талыг нь ашиглаад үлдсэнийг нь яахаа мэдэхгүй хаяж байна. Гэтэл урд хөршөөс арьсан биш гутлыг 100, арай гайгүйг 400-500 мянган төгрөгөөр авч байна. Тэгвэл яагаад өөрсдөө арьс ширээ боловсруулаад хямд гутлаа хийж болохгүй гэж. Нөгөөтэйгөөр, илүүдэл түүхий эдээ гаднын ХАА-н бирж дээр борлуулах боломж байна. Манай ХАА бирж Хятадын биржид арилжаа хийх боломжтой ч чадахгүй байна. Хоршоог сонгодог хэлбэрээр нь зөв хөгжүүлбэл иргэд сайн дураараа нэгдэж орон нутагтаа сайхан амьдрах боломжтой.

 

МАЛЧДЫН, ТАРИАЛАНЧДЫН МӨН  ХОСОЛСОН ХОРШООНЫ ЗАГВАР ГАРГАСАН

 

 -Нэг хоршоог 800 орчим сая төгрөгөөр байгуулна. Агуулахтай, мал нядалгааны хэсэгтэй, дэлгүүр, зочид буудалтай байхаар. Сэлэнгэ, Дарханд тариаланчдын мөн бусад аймагт малчдын, малчин тариаланчдын гэсэн хосолсон  гурван загвар гараад байна. Гол эх үүсвэрийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийнэ. Ерөнхийдөө хуулийг нь батлууллаа. Хөрөнгийн эх  үүсвэрийг нь шийдвэрлэсэн.Түүнчлэн иргэдийн дунд хүлээлт үүссэн байгаа. Гагцхүү энэ боломжийг 330 сумын Засаг дарга, удирдлагууд  иргэдийн оролцоог хэрхэн ашиглах, хүсэл эрмэлзлэгээс ихээхэн  шалтгаална. Мэдээж технологийн шийдлээр хоршооны үйл ажиллагааг хялбаршуулж удирдана. Сумын хоршооны дарга ХАА-н биржтэйгээ цахимаар захиалгаа өгч борлуулалтаа хийнэ. Жилийн өмнөөс цахим платформд суурилсан хөдөө аж ахуйн борлуулалтын программ хийсэн. Одоогоор нэлээд ахицтай яваа. Энэ ондоо багтааж Сум хөгжүүлэх санг татан буулгах техник ажиллагааг хийнэ. Ирэх оны нэгдүгээр сараас Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорьж байна. Ингэснээр хоршооноос гаргах зээл, санхүүжилтийг иргэнд биш хоршоо аж ахуй нэгжид Хоршоо хөгжүүлэх сангаас олгоно. Нөгөөтэйгүүр, Хоршоо хөгжүүлэх санд ирэх жилийн төсөвт 50 орчим тэрбум төгрөг суулгах саналыг Сангийн яаманд тавьж байгаа. Хоршоологчдын нэгдсэн холбооны удирдлага, УИХ-ын зарим гишүүд дэмжиж байгаа. Хэрэв энэ төсөв батлагдвал ирэх жилд арван аймагт  арван загвар хоршоо байгуулна. Сум бүрийн онцлог, хүн амын тоонд тохируулж байгуулна. Хоршоогоо удирдах хүнийг нь зааж сургана. Тэд цааш нь аймаг, сумандаа бусдыгаа сургах, үлгэрлэх байдлаар хөгжүүлнэ. Хамгийн гол нь бизнесийн эргэлтийг үүсгэх, гэрэл асааж өгөх нь л чухал. Анхнаасаа зөв хөдлөөд эхэлбэл цааш хэнээс ч хамааралгүй биеэ даагаад явчихна. Хэн нэгэн эзний хамааралгүй олон хүнээс хамааралтай учраас нэг гишүүн гараад явлаа гэхэд цаана нь 100 хүний нэг нь удирдаад явах боломжтой. Хүнээс хамааралгүй систем өөрийн инерцээрээ явдаг тогтолцоотой.

 

ЖДҮ-ИЙН КОРПОРАЦИ БАЙГУУЛНА

 

-Монгол Улсыг глобал гурван түвшинд хөгжүүлэх хэрэгтэй санагддаг.  Нэгдүгээрт,  дэлхийн түвшинд боловсрол эзэмшсэн хүмүүсээ монголдоо ажиллуулах хэрэгтэй. Мэдээж суурь боловсролоо сайжруулах шаардлагатай. Гэхдээ энэ нь олон жилийн дараа үр дүн нь гарна. Яг өнөөдрийн тухайд дунд богино хугацаанд үр дүн гарах салбар бол үйлдвэрлэл. Үүнд хоршооноос гадна үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих. Нэг үеэ бодвол манайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсон. Одоо зах зээлд гаргах  борлуулалт, хүний нөөц дутагдаж байна. Хэт хавтгайрсан халамж  нь ажиллах хүчийг сааруулж байна. Цар тахлыг хохирол багатай давахын тулд дэлхийн бүх орон богино хугацаатай халамжийн бодлого барьсан. Гурван хүүхдийн 300 мянган төгрөг авч гэдэс цувдайгаар хооллож ямар ч ажил хийдэггүй олон гэр бүл байгааг статистик харуулдаг. Тиймээс халамжаас хөдөлмөр рүү шилжүүлэх ажлыг бодлогоор хийж эхэлсэн. Ирэх оны эхнээс ЖДҮ-ийн корпораци байгуулахаар зорьсон. Алдаа оноотой ч арав гаруй жил үйл ажиллагаа явуулсаар ирсэн ЖДҮХС нь төсвийн мөнгөөр  төрийн  өндөр албан тушаалтнууд   үйлдвэрлэгчдэд зээл олгодог байдлыг өөрчлөх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоотой корпораци байгуулах юм. Эдгээр байгууллагууд бүгд хувь хөрөнгөө корпорацид оруулна. Мөн сонгон шалгаруулалтаа явуулна, хяналтаа тавина. ЖДҮХС эргэн төлөгдөх нөхцөлтэй 250 тэрбум төгрөгийн авлагатай. Үйлдвэрлэгчдийн гар дээр олгосон  энэ мөнгөө таван жилийн хугацаанд татаж  хөрөнгө оруулна. Мөн Банкны холбоотой хамтарч ажиллах хөрөнгө босгох талаар ярилцсан судлаад хариу өгөхөөр болсон. Олон улсын байгууллагууд болох ЖАЙКА, Европын Сэргээн босголтын банк зэргээс нэг хувийн хүүтэй эх үүсвэр  бүрдүүлэх боломжтой. Гэхдээ энэ санхүүжилтийг ЖДҮХС-нд өгөхгүй. Харин корпорацийн үйл ажиллагаанд оролцож хяналт тавих боломж олговол зээлээ өгнө. Буцааж төвлөрүүлээд явах бүтцийг хийсэн. Ингэснээр тэд хүлээн зөвшөөрөөд байгаа.Өнөөдөр ажлын байрыг дэмжих зээлд 265 аж ахуй нэгжид 75.6 тэрбум төгрөгийн зээлд 37.2 тэрбум төгрөгийн балтлан даалт гаргасан. Хэдийгээр энэ онд ЖДҮХС-нд төсвөөс мөнгө хуваарилаагүй ч Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүрээд манай үйлдвэрлэгчид гурван хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж ажлын байраа хамгаалсан. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой байгаа. Энэ хүрээнд наймдугаар сарын 12-ны байдлаар Зээлийн батлан даалтын сангаас 265 аж ахуйн нэгжид 75.6 тэрбум төгрөгийн зээлд 37.2 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргаад байна. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд дийлэнх буюу 80 гаруй хувь нь хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт олгогдоод байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.30 ДАВАА № 169 (6646)