Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага өөрийн цахим хуудас дээр сэтгүүлчдийн бие махбодийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал болон мэргэжлийн үйл ажиллагааны нөөцийн платформ нээв. 

RSF байгууллага нь Covid-19 цар тахлын талаар мэдээлж, сурвалжилж буй сэтгүүлчдэд зориулж бие даан суралцах мэдээллийн платформ бий болгов. Энэ хүрээнд бие махбодийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, эрх зүйн мэдээлэл, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг өргөн хүрээний асуудлыг хамруулан, одоогийн байдлаар Англи, Хятад хэл дээр training.rsf.org цахим хуудаст байрлуулсан.   

Энэхүү платформ нь  50.000 гар утсыг тагнаж, түүний дотор наад зах нь 180 сэтгүүлчийг мөрдөн мөшгиж байсан Израилийн тагнуул програм болох Pegasus-ын талаар цогц мэдээллийг агуулсан. Мөн RSF-ийн зохион байгуулсан цуврал сургалтын видео бичлэг, ЮНЕСКО-ийн хамтаар сэтгүүлчдэд зориулж эрхлэн гаргасан “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын RSF-ийн хөтөч”-ийн электрон хувилбарыг байрлуулав.

RSF байгууллагын Зүүн Ази хариуцсан товчооны тэргүүн Седрик Алвиани хэлэхдээ "Энэхүү платформ нь RSF-ээс эрхлэн явуулдаг сургалтын хөтөлбөрүүдийг нөхөж, хараат бус сэтгүүлчдэд тулгарах буй өсөн нэмэгдэж буй аюулгүй байдлын асуудалд илүү анхаарал хандуулах зорилготой” гээд "Pegasus-ыг илчилсний дараа сэтгүүлчид өөрсдөд болоод өөрсдийн эх сурвалжид тулгарч буй аюул заналхийллийн талаар мэдэж байх нь урьд өмнөхөөс илүү хамаатай асуудал болоод байна" гэв.

RSF нь арав гаруй жилийн турш аюулгүй байдлын талаарх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн 1800 гаруй сэтгүүлчдэд хүрч ажилласан. Сургалтаас гадна RSF нь аюул заналхийлэлтэй тулгарсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дарамт шахалтад өртсөн, саатуулагдсан, хоригдсон сэтгүүлчдийг хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой шуурхай хариу үйлдлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Эх сурвалж: https://rsf.org/en/news/rsf-launches-resource-platform-journalism-safety