Б.ДОЛЖИНЖАВ

 

Хакерууд “Poly Network” платформоос 613 сая ам доллар цахим мөнгө хулгайлсан нь түүхэн дэх хамгийн их хэмжээний цахим мөнгө хулгайлсан хэргээр бүртгэгджээ. Ингэхдээ 24 цагийн дараа 260 ам долларыг нь компанийн данс руу буцаан шилжүүлсэн байна. Үлдэгдэл 353 сая ам доллар хаана байгаа нь тодорхойгүй байна.Олонд нэг их танигдаагүй “Poly Network” нь төвлөрсөн бус санхүүгийн платформ бөгөөд хэрэглэгчдэд өөр өөр блокчейнээр мөнгөө шилжүүлэх, солилцох боломжийг олгоход анхааран ажилладаг. Жишээлбэл, хэрэглэгч тус платформыг ашиглан “Binance Smart Chain”-ээс “Ethereum” блокчейн рүү шилжүүлэг хийх боломжтой. Одоогоор тус платформыг хэн удирддаг, хаана байрладаг нь тодорхой бус байна.  Криптовалютын “Coindesk” цахим сайтад Хятадын блокчейн төслийн “Neo” энэ платформыг үүсгэн дараа нь худалдаалсан тухай бичжээ. Тус платформын цахим хуудсандаа мэдээлснээр хакерууд хэрэглэгчтэй байгуулсан ухаалаг гэрээний сул талыг ашиглан криптовалютыг хулгайлсан гэсэн урьдчилсан дүн гарсан байна.

“Ethereum” блокчейны программист Келвин Фичтер “Хакерууд гурван өөр блокчейны гэрээний зааврыг хүчингүй болгож, мөнгийг гурван өөр цахим хаяг руу шилжүүлсэн бололтой. Үүнийг “Poly Network” дараа нь хянаж, хэвлэн нийтэлжээ” гэж ярьжээ. Хакерчид биткойн болон этер гэсэн 12 өөр төрлийн криптовалютыг хулгайлсныг блокчейн компани “Chainalysis” мэдээлжээ. Ингэхдээ криптовалютаа хөрвүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Ямар хүмүүс хакердсаныг илрүүлээгүй байна. Криптовалютын аюулгүй байдлын фирм “SlowMist” хакерчдын  мэйл хаяг, интернет протокол хаяг,  төхөөрөмжийн хурууны хээ зэргийг илрүүлсэн боловч хүн тус бүрийн нэрийг зарласангүй. Гэхдээ тус фирм “Удаан хугацаанд төлөвлөж, бэлтгэсэн зохион байгуулалттай халдлага байх магадлалтай” хэмээн дүгнэсэн юм. Гэхдээ мөнгөө буцааж өгснийг бодвол тус платформын эмзэг байдлыг тодорхойлох зорилготой, ёс зүйтэй хакер байсан гэж зарим шинжээчид таамаглаж байна. Харин блокчейн компани “Chainalysis”-ын технологийн ахмад ажилтан, Холбооны мөрдөх товчооны ахмад асан Гурвайс Григг “Хакерууд тийм их хэмжээний мөнгийг хулгайлах магадлал бага. Их цахим мөнгийг бэлэн мөнгө болгох нь хэцүү учраас заримыг нь буцаан шилжүүлсэн. Тэдний хүсэл юуг мэдэхгүй ч үлдэгдэл мөнгөө шилжүүлэх эсэхийг нь харцгаая” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.13 БААСАН № 158 (6635)