Б.ДЭМБЭРЭЛНЯМ

“Токио-2020” олимпийн наадамд хүрэл медаль хүртэж монгол түмнээ баярлуулаад байгаа Ц.Цогтбаатарыг энэ амжилтын замд хөтөлсөн, түүний багш ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир, спорт хорооны гавьяат дасгалжуулагч, хурандаа Ц.Шийрэвтэй ярилцлаа.

 

-Таны шавь Ц.Цогтбаатар “Токио-2020” олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ. Анх ирж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ц.Цогтбаатар 11 настайдаа над дээр ирж байсан. Барилдах их дуртай, том хүсэл мөрөөдөлтэй, авьяастай хүүхэд байлаа. Бэлтгэл хийж эхлээд 4-5 сарын дараа анхны “Олимпийн гараа”  нэрэмжит тэмцээндээ амжилт гаргаж ирээдүйтэйгээ харуулсан. Анхны тэмцээнүүдээсээ хүрэл медаль авсан. Жилийн дараагаас тэмцээнд түрүүлж эхэлсэн.

-Тань дээр ирэхээсээ өмнө ямар суурьтай байв. Барилддаг байсан уу?

-Бөхийн ямар нэгэн төрлөөр бэлтгэл хийж байгаагүй, монгол хүүхдүүдийн адил төрөлхийн авьяастай хүүхэд байсан.

-Өөрөө тань дээр ирсэн үү?

-Өвөө нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат н.Цэгмэд гэж хүн байсан. Намсрайжав гээд миний танил намайг манай нутгийн дасгалжуулагч байдаг гэж н.Цэгмэд гуайд хэлснээр аав ээж нь над дээр авчирч шавь оруулсан. Анх ирэхдээ жүдогийн хувцасгүй, таеквандогийн кимоногоо тайрч оёод өмсөөд ирж байсан. Ц.Цогтбаатар бөх болох их дуртай учраас хичээл ном гэхээсээ илүү бэлтгэлээ чухалчилдаг. Тамирчин хүнд байх ёстой үндсэн чадвар болох уян хатан, хурд, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, мэдрэмжтэй, зоригтой хүүхэд. Ийм хүүхдүүдтэй ажиллахад амар байдаг.

-Үгэнд сайн ордог хүүхэд байв уу?

-Ер нь хүний үгнээс гарахгүй. Одоо ч тэр хэвээрээ хүүхэд зангаа гээгээгүй. Их хөдөлгөөнтэй.

-Өнгөрсөн долдугаар сар таны хувьд их сайхан сар байлаа. Ц.Цогтбаатараас гадна Японы сүмогийн дэвжээнээс 73 дахь их аварга төрлөө шүү дээ?

-Тийм ээ. Би долоогийн тоонд дуртай, билэгшээдэг. Айлын долоо дахь хүүхэд. Нэг хүн “73 таны хувьд их ээлтэй тоо байна шүү” гэж бичсэн байсан. Үнэхээр “Токио-2020” зуны олимпийн наадмын жүдогийн 73 кг-д Ц.Цогтбаатар маань хүрэл медаль хүртлээ. Мөн миний шавь Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ маань мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна болсон бол жюро зиндаанд Б.Төрболд түрүүлсэн. 1977 онд цэрэгт явж, аав, гавьяат дасгалжуулагч болж байсан. Сүмод энэ жил миний хоёр шавь түрүүллээ.

-Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэдэн настайдаа таны шавь болж байв?

-15 настай байхад нь Ж.Мөнхбат аварга над дээр авчирч байлаа. Биерхүү том биетэй, 15 нас хүрсэн хүүхэд гэхэд бэлтгэл хийгээгүй сул махтай хүүхэд байсан. Гэхдээ өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, хөдөлмөрч хүүхэд учраас нэг суниаж чаддаггүй байсан бол удахгүй чаддаг болж тэр үед нь алга ташиж урамшуулсан. Тэгээд жилийн дараа 200 суниадаг болсон. Өөрийгөө ялах чадвартай.

-Таны шавь нар сэтгэл зүйн хувьд өрсөлдөгчдөөсөө айж хургадаггүй барилддаг. Та тэдний сэтгэл зүйтэй нь хэрхэн ажиллаж ирэв?

-Хүүхдүүдийг анх бэлтгэж, суурь тавихдаа их анхаарах хэрэгтэй. Хамаагүй их ачаалал өгөх нь хүүхдийн зүрхийг мохоодог. Би үндэсний биеийн тамирын сургуульд Монголын сор болсон эрдэмтэн мэргэдээр хичээл заалгасан. Хүүхэдтэй ажиллахад өөрийгөө ялж чаддаг, өөртөө итгэлтэй болгох нь их чухал. Зарим хүүхэд тэмцээний сугалаа хараад сэтгэл зүйд нь өөрчлөлт ордог. Миний хувьд аваргыг ялж байж тив, дэлхийн аварга болдог гэдгийг багаас нь суулгахыг зорьдог.

-Ц.Цогтбаатарыг “Рио-2016” олимпод ялагдахад нь та юу гэж хэлж байсан бэ?

-Ц.Цогтбаатар 2014 онд АНУ-д өсвөрийн дэлхийн аваргад хүрэл медаль хүртэж Монголын анхны өсвөрийн дэлхийн аваргын медалийг авсан нь өөрт нь их урам өгсөн. Тэр жилээ 16 настай насанд хүрэгчдийн улсын аваргад орж хоёр давсан. Улсын аваргын дараа Жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга надтай уулзаж “Ирээдүйтэй сайн бөх болох хүүхэд байна, чи сайн бэлдээрэй” гэсэн. Дараа жил нь 17-той хүүхэд насанд хүрэгчдийн улсын аваргад Г.Хэрлэнг ид үед нь ялж хүрэл медаль авсан. 2016 оны улсын аваргад дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амарсайхан, дэлхийн аварга н.Болдбаатар нарыг цувруулж цэвэр ялж аварга болсон. Манай Ц.Цогтбаатарын хувьд хоолонд их сайн, жин амархан хаядаг онцлогтой. 2016 оны олимпийн наадамд очоод олимпийн мөнгө дэлхийн аваргын хүрэл медальт Ан Баулыг хожиж явж байгаад ялагдаад уйлсан.

-Ц.Цогтбаатарын хувьд энэ жил онцгой байлаа. Бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?

-Энэ жилийн хувьд COVID-ийн улмаас гэрээрэээ голдуу бэлтгэл хийсэн. Гуравдугаар сараас шигшээ баг бэлтгэлдээ гарсан. Азийн наадамд яваад шигшээ багийнхан халдвар авч, тэмцээндээ орж чадаагүй. Коронавирус туссанаас болоод дэлхийн аваргад төдийлөн сайн амжилт гаргаж чадсангүй. Би Ц.Цогтбаатарыг дэлхийн аваргаас найдвартай медаль авна гэж бодож байсан.

-Японы алдартай бөх Шохей Онотой хийсэн барилдаан анх удаа оноолт таарсан ч дутахгүй гэдгээ харууллаа шүү дээ?

-Их хүнд барилдаан болсон үндсэн цагаа дуусгаад идэвхтэй барилдах төлөвлөгөөтэй байсан байх. Миний ажигласнаар яльгүй жаахан биеэ барьсан. Жаахан гишгэгдлийн алдаа барилдааныг шийдсэн. Шидэх гэж хөлөө цөмөлж гишгэхэд нөгөөх нь мордоод унагасан. Шидэхийн оронд хутгасан бол унагааж болох байсан байх.

-Та Ц.Цогтбаатарыг энэ олимпод медаль авна гэж бодож байсан уу. Хэр их итгэлтэй байв?

-Итгэлтэй байсан. Медаль авна л гэж бодож байлаа. Өмнөх хоёр ДАШТ-ээс ч медальтай гэж бодож байсан. Том тэмцээнүүдэд ороод туршлага сууж хэт эрдэж алдаа гаргах нь багассан учраас их найдаж байлаа. Дараагийн дэлхийн аваргууд, олимпоос их зүйл хүлээж байна. Бүх зүйл өөрөөс нь шалтгаална. Ямар ч үед сахилга баттай байх хэрэгтэй.

-Ц.Цогтбаатарын медаль 25 жилийн өмнө гавьяат тамирчин Д.Нармандахын Атлантагийн олимпоос хүрэл медаль авсан өдөртэй давхцсан шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ийм тохиолдол байдаг.

-Энэ жил олимпийн тамирчидтай хоол зүйчид ажиллаж эхэллээ. Хэр үр дүнд хүрэв?

-Спортоор хичээллэж буй тамирчид их хэмжээний уураг хэрэглэдэг. Гэтэл монголчууд улиралдаа зохицон хооллодог. Байгалийн эрс тэс уур амьсгалдаа тааруулан хоолоо зохицуулж иддэг. Монголчуудын өвөл нь махаа идэж, зун нь цагаан идээгээ иддэг онцлогтой. Мах идэхээр маш их уургийг өөртөө шингээж чаддаг. Манай тамирчид гадагшаа тэмцээнд явахдаа ихэнхдээ борцоо авч явдаг. Борц бол байгалийн тусгай амин дэм болж өгдөг. Хоол зүйн баг ажиллах нь зөв гэж харж байгаа. Монгол хүний биеийн онцлог бусад орны тамирчдаас өөр.

-Манай улсад спортын сэтгэлзүйч дутагдалтай байдаг. Дасгалжуулагч нар тамирчдынхаа сэтгэл зүй дээр ажилладаг. Тамирчдынхаа сэтгэл зүйг хэрхэн бэлддэг вэ?

-Аав ээж ч гэсэн үр хүүхдийнхээ сэтгэл зүйч байдагтай адил би ч бас тэгэхийг хичээдэг. Ямар нэгэн зүйлээс айлгах ёстой бол айлгаж, зоригтой болговол зоригжуулж байдаг. Тамирчдын сэтгэл зүй ямар орчинд өссөнөөс их шалтгаалдаг. 

-Ц.Цогтбаатар хэр шантардаг байсан бэ. Хувь хүн талаасаа ямар хүн бэ?     

-Хүн өөрийнхөө хүсэж мөрөөдсөн зүйлдээ амархан шантардаггүй. Түүний адил манай Ц.Цогтбаатар ч шантраагүй. Хүүхэд зантай. Нэг багшийн шавь нар болохоор Г.Ган-Эрдэнэ ч адил. Багшийн нэг үлгэр дуурайлал байх ёстой. Тэмцээн уралдаанд оролцох үед нь шавьдаа муу зан авир гаргахгүй байх хэрэгтэй. Багш хүн шавь нарынхаа толь нь байх ёстой.

-Багш хүний нүдээр шавь нь бухимдаж уурлаж буйг нь анзаарна. Уурласан үеүүдэд нь хэрхэн тайвшруулдаг вэ?

-Бухимдаж уурлах тохиолдол тамирчин хүнд их тохиолдоно. Гарцаагүй хожих зүйл дээр хэдхэн секундын өмнө өөрийн алдаанаас болоод хожигдохоор бухимдана шүү дээ. Цогоог хожигдохоор би ганцаараа биш Монголын ард түмэн, үзэгчид хүртэл гомддог. Том хариуцлагыг хүлээж барилддаг учир аль болох тайван байлгахыг хичээдэг. Алдсан зүйлийг нь зөв хэлж өгч туслана. Багахан зүйлээс их алдаа үүсдэг. Миний шүүмжлэлийг сайн хүлээж авдаг.

-Парисын олимп гурван жилийн дараа болно. Бэлтгэлээ хэрхэн базаах вэ?

-Олимпийн маргаашаас дараагийн олимпийн бэлтгэлээ хийдэг. Биеэ амраана гэдэг нь унтаад хэвтээд байна гэсэн үг биш. Сайхан агаар орчинд гараад нутаг орноороо очих ч юм уу, тэгж байж сэтгэл сэргэж бие амарна. Өдөр тутмын 4-5 цагийн бэлтгэл биш. Амралт бэлтгэлийг тохируулах хэргэтэй.

-Цогтоо сайхан дуулдаг гэж сонссон?

-Би бэлтгэлд гарахаараа шавь нараараа дуулуулдаг. Цогоо эхлээд ичээд дуулахгүй байсан. Түүнтэй адил дуулахгүй байгаа хүүхдүүдийг гарыг нь өргүүлээд зогсоосон. Дараа нь дуулсан. Энэ нь таны сэтгэл зүйтэй харьцаж байгаа нэг зүйл нь шүү дээ. Өөрийгөө нээж чадахгүй байсныг нь нээсэн гэхэд болно доо. Ц.Цогтбаатар сайхан дуулдаг.   

-Таны хувьд ямар амжилтад нь хамгийн их баярласан бэ?

-2016 оны улсын аваргаар сайхан барилдаж түрүүлсэн. Өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэхэд нь их баярласан даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.6 БААСАН № 153 (6630)