Б.БЯМБАЖАРГАЛ

УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судалгаа хийхийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөнд үүрэг өгсөн. Тэгвэл эдийн засгийн нөхцөл байдал таагүй, төгрөгийн ханш суларсаар байгаа энэ үед том мөнгөн дэвсгэрт шинээр гаргах нь зөв эсэх талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

 

Г.Батзориг “Том мөнгөн дэвсгэрт гаргахад жижиглэнгийн үнэ бүхэл рүү шилждэг”

\Мандал санхүүгийн нэгдлийн ерөнхий эдийн засагч\

 -Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хүнээр жишээлбэл “сэхээнд” байгаа гэж үзэж болно. Гадаад сектор талаас эхний хагас жилд 18 сая тонн экспорт гаргадаг байсан бол одоо үүний талыг экспортод гаргаж байна. Олон улсад зэс, нүүрсний үнэ өссөн ч бид боломжийг ашиглаж чадаагүй. Энэ мэтээр олон үзүүлэлтүүд сөрөг гарч байгаа учраас засгийн газар чадавхиа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Том мөнгөн дэвсгэртийг мөнгөний хөрвөх чадвар суларч гүйлгээнд ашиглагдахгүй болсон нөхцөлд гаргаж ирдэг. Гэхдээ одоо бол тэр үе нь биш. Том мөнгөн дэвсгэрт гаргах нь эдийн засагт мөнгө нийлүүлж байгаа гэх буруу ойлголт өгч иргэдэд үнэ өсөх сөрөг хүлээлтийг үүсгэдэг. Жишээлбэл, жижиглэнгийн үнэ бүхлээр тогтож үнэ өсөх хандлага ажиглагддаг. Үнийн өсөлт, нийгмийн сэтгэл зүй, эдийн засаг харьцангуй тогтвортой байх үед том мөнгөн дэвсгэртийг нийлүүлэх хэрэгтэй. Том мөнгөн дэвсгэрт гаргахад иргэдийн сөрөг хүлээлтийн улмаас иргэд төгрөгт итгэхээ байж хадгаламжаа долларт шилжүүлж эхэлдэг. Ингэхээр банкуудын нийт хадгаламжийн ихэнхийг доллар эзэлэхэд Монголбанкны банкуудаар дамжуулж эдийн засгийн хянах, бодлогын хүүгээ явуулж чадахгүйд хүрдэг.  Тиймээс инфляц өндөр байгаа энэ үед том мөнгөн дэвсгэртийг гаргах нь тохиромжгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин