Б.ОД

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.Хүчтэй газар хөдлөлтийн талаарх мэдээллийг шуурхай зарлан мэдээлэх, энэ чиглэлээрх байгууллага хоорондын хамтын ажиллагааны харилцан уялдааг сайжруулах ажлын хүрээнд Монгол орны нутаг дэвсгэр, хил орчмын бүс нутагт магнитуд нь 4.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болсон үед тухайн газар хөдлөлтийн талаарх мэдээллийг ШУА-ийн ООГХ–гээс ОБЕГ-ийн Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах систем бүрдүүлжээ. Үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна.

“Газар хөдлөлтийн анхдагч мэдээлэл”-ийг автоматаар боловсруулахдаа олон улсад хэрэглэж буй газар хөдлөлтийг автоматаар тооцоолох SeisComP программ хангамж ашиглаж байна. Энэ нь хүчтэй газар хөдлөлтийг бүртгэсэн зургаан станцын мэдээллийг ашиглан, тухайн газар хөдлөлт болсон хугацаа, газар зүйн байрлал болон магнитудыг тодорхойлдог.

Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн гүйцэтгэсэн Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургийг шинэчлэн зохиох судалгааны ажлын үр дүнгээр 2019 оны байдлаар манай орны нутаг дэвсгэрийн 76 хувь нь газар хөдлөлтийн долоо  болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд оржээ. Он гарсаар энэ сарын 01-нийг хүртэл Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ.

Энэ зөвлөл 2020-2021 онд  эрхзүйн орчинг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 40 ажлыг хийхээр төлөвлөжээ.
Байнгын ажиллагаатай зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 21 дүгээр зарлиг, Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор байгуулагдан, 10 дахь жилдээ ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn