Б.ДОЛЖИН

ХУД-ийн XVII хороо, Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 АНН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал "Хан хиллс орчмын нийт 19 ААН, иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тухайн ААН-үүдийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бичгийг хүргүүлэх гэж байна. Тухайн байршилд 22 ААН, иргэдийн газар эзэмших эрхийн судалгаа бүртгэгдсэн байдаг.Үүнээс 19-ийг нь энэ удаад хүчингүй болгосон. Гурван ААН-ийн газарт барилга  барьсан учраас бусад газрын эрхийг хүчингүй болгосон. Дараагийн арга хэмжээг авна.Туул голын эрэг дагуу газар эзэмших эрхийг 2008 оноос эхлэн олгосон байна. Тухайн ААН, иргэдийн хувьд нөхөн олговрын асуудал яригдаж байгаа нь газрын төлбөр, дуудлага худалдааны төлбөр төлөгдсөн байгаа тохиолдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай холбогдох хэрэгтэй. Хэдий хэр зардал гарсан зэрэг асуудал тохиролцооны түвшинд яригдах болов уу гэж бодож байна.Хуулиараа бол нөхөн сэргээлтийн асуудлыг газар эзэмшиж байсан иргэн, ААН хариуцдаг. Гэхдээ тус газрын нөхөн сэргээлт, элэгдэлтэй  холбоотой асуудлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба зэрэг газрууд  дүгнэлтээ гаргана.Туул голын эрэг дагуух газар эзэмшиж байсан иргэн, ААН-үүдэд гомдол гаргах эрх нь манайхаас мэдэгдлээ хүргүүлснээр нээгддэг" гэж ярилаа.

Газрын тухай хуулийн 40.1.6, Ойн болон усны тухай хууль, Нийслэлийн иргэдийн хурлын А50 дугаар тогтоолд тусгагдсан хамгаалалтын бүсэд орсон үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах арга хэмжээг авч байгаа нь энэ юм.

 Эх сурвалж:www.polit.mn