Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 10-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Унгарын сэтгүүлч Ласло Биро ердийн үзгээр ихээхэн бичдэг байснаасаа болоод 1943 онд бидний тосон бал гэдэг шариктай үзэг бүтээх санаанд автжээ. Түүний бүтээл нь ихээхэн мөнгө хөрөнгөтөй болгосон эхлэлтэй байв. Шарикийн үзэгний патентыг нь Их Британийн Нисэх хүчин худалдан авсан байна. Нисгэгч нарт агаарт ердийн үзэгтэй зууралдах нь хэцүү байсан юм. Удалгүй  Биро Аргентинд очсон байхдаа үзэгний патентаа бүртгүүлээд Eversharp компанид нэг сая ам.доллараар худалджээ. Аргентины компани дэлхийд анх удаагаа шарикийн үзэгний үйлдвэрлэлийг явуулжээ. Хямд, амар энэ бичгийн хэрэгсэл олны анхаарлыг ихээхэн татаж байсан ч уг компани үүнийг хийсэнгүй. Тэр үзэг зөвхөн Унгар ба Аргентинд патентлагдсан байсан учир тэр үеийн патентын системын цоорхойг ашиглан Америкийн ажил хэрэгч Милтон Рейнолдс уг үзгийг АНУ-д патентлуулаад үйлдвэрлэж эхэлжээ. Зөвхөн нэг өдөр ганцхан дэлгүүрт 10 мянган үзэг зарагдаж байлаа. Биро зарга үүсгэсэн боловч заргаа авч чадсангүй. Тэр үед патентаа бүх улсад бүртгүүлэх хэрэгтэй байсан ажээ. Францын Марсель Бик уг үзгийг 1958 онд сайжруулан үйлдвэрлэлийн хамгийн хямд зардалтай BIC загварыг бүтээсэн ба тэр нь өнөөдөр АНУ-ын тосон балын  зах зээлийн гуравны нэгийг хянаж байгаа BIC Corporation компанийн үндсийг тавьжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1865.06.10. Энэ өдөр Мюнхен хотноо суут хөгжмийн зохиол Рихард Вагнерын (1813–1883) “Тристан ба Изольда” хоёр дуурийн нээлт боллоо.  XII зууны рыцарийн романаас сэдэвлэсэн уг дууринд эртний өрнө, дорнын ба бусад үлгэр домогийн сэдэв дагалдан гардаг. Вагнер уг домогтой 1840-өөд онуудад танилцаад 1854 онд түүнийг дуурь болгохоор шийдсэн байна. Вагнер 1857 оны намар дууриа бичиж эхлээд гурван долоо хоногт зохиолыг нь хийж, аравдугаар сараас хөгжмийг нь бичиж эхэлжээ. 1859 онд дуусгасан уг дууриа өөрийн шилдэг бүтээл гэж Вагнер тооцож байлаа.

1940.06.10. Социалист Маттеоттийг  хөнөөсний дараа 1925 онд Бенито Муссолини Италид фашист дэглэмийг тогтоосон байв. Удалгүйгүй Италийн фашистууд Этиоп, Албанийг эзлэн авлаа. Дэлхийн II дайн эхэлсний дараа Итали 1940 оны энэ өдөр Гитлерын холбоотон болсноо зарлав. 1943 оны есдүгээр сард Муссолинийн толгойлсон Италийн нийгмийн бүгд найрамдах улс тунхаглагдсан байна. 1945 онд Италийн эсэргүүцлийн хөдөлгөөн англи-америкийн цэргийнхэний тусламжтайгаар улс орноо чөлөөлсөн байлаа. Энэ үеэр партизанууд Муссолинийг барин цаазалжээ. 1946 оны зургадугаар сарын 2-нд Итали бүгд найрамдах улсаа тунхагласан байна.

Эх сурвалж www.zms.mn