Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 19-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

I Петр эрхэм дээдсийн 1712 оны тавдугаар сарын 19-ний зарлигаар Оросын нийслэлийг эртний Москвагаас дөнгөж долоон жилийн настай Петербургт шилжүүлэхээр болов. Санкт-Петербург нь Оросын эзэнт улсын нийслэлээр 1712-1918 онуудад байсан ба Оросын хаадын өргөө байжээ. Москва хот нь Москвагийн вант төв, XV зууны  хоёрдугаар хагаст Орос улсын  нэгдсэн нийслэл болсноос хойш түүний нийслэлийн статусыг хэн ч хөндөөгүй байсан юм. Гэтэл 1703 онд I Петр Нева мөрний цутгаланд Петропавловскийн цайзыг босгосноор Санкт-Петербургийн эхлэл тавигдаад тэр нь есөн жилийн дараа ийнхүү нийслэл болон хааны Европ, Балтийн зүгийн мөрөөдлийн бэлгэдэл болжээ. Санкт-Петербургийн бүтээн байгуулалтын өндөр хурдыг барих  зорилгоор жил бүр 40 мянга хүртэлх “ажлын хүмүүсийг” голчлон улсын мэдлийн тариачдаас бүрдүүлэн илгээж байлаа. Мөн улсынхаа өнцөг булан буүрээс гар урчууд худалдаачдыг тийш нь байнгын болгон шилжүүлж байжээ. 1712 оны тавдугаар сарын 19-нөөс эхлэн Петербург Оросын эзэнт улсын албан ёсны захиргааны төв болов. XVIII зуунаас л Петербургийг Орос дахь жинхэнэ “европ хүн” гэх болсон юм. Хотыг босгоход Европын төлөвлөлт ба хот босголтын туршлагийг өргөн ашигласан байна. Европын том хотын нэг нь ч Петербург шиг тийм хурдтайгаар, нэгэн үеийн нүдэн дээр төлөвлөлтийн дагуу босоогүй юм. Елизавета ба II Екатерина хатан хаадын үед Петербург нийслэлийн сүр хүчээр Москвагаас давсан байв. Тэр нь дараагийн зуунд нь Оросын уран бүтээлч сэхээтнүүдийг татсан юм. XIX зууны эхээр Санкт-Петербург хүн амын тоогоор Москвагаас давсан байв. Хотын оршин суугчид 500 мянга болсон бол Москвад дөнгөж 378 мянган хүн амьдарч байлаа. XX зууны эхээр зөвхөн Орост төдийгүй Европын хамгийн том зээлийн болон биржийн төв болжээ. Октябрийн хувьсгалын дараа большевикууд хөрөнгөтөн, нөхөрсөг биш орнуудтай ойрхон хилтэй байснаас нийслэлийн статусыг буцаан Москвад олгосон байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1536.05.19. Английн хаан VIII Хенригийн хоёр дахь гэргий Анна Болейныг завхайрсан, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр толгойг нь авчээ.

1568.05.19. Английн хаан I Элизабет Шотландын хатан Мериг баривчлан хорих зарлиг буулгасан байна.

1743.05.19. Францын цаг уурч Жеан-Пьерре Кристин цаг уурыг хэмжих цельсийн шаталбарыг боловсруулж эхлэв.

1776.05.19. Америкийн хувьсгал: Седарсын тулаанд Эх газрын армийн анги нэгтгэл бууж өгчээ.

1780.05.19. Канадын Шинэ Англи мужид учир битүүлэг шалтгаанаар тэнгэр харанхуйлж, бүтэн өдрийн турш шөнө мэт байсан гэдэг.

1802.05.19. Францын хаан Наполеон Бонапарт Хүндэтгэлийн шагналыг бий болгов.

1828.05.19. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Күйнси Адамс ноос, ноолуур эрхлэгч компаниудын татварыг хөнгөвчлөх хууль баталжээ.

1848.05.19. Мексик-Америкийн дайн: Мексикийн засгийн газар Гуадалуп Хидалгогийн тунхагаар АНУ-ын нутагт Юта мужийн Невада, Калифорни мужуудын газар нутгийг 15 сая доллараар худалдсанаар дайн өндөрлөв.

1911.05.19. Дэлхийн хамгийн анхны үндэсний дархан цаазат цэцэрлэг Канад улсад нээгджээ.

1917.05.19. Норвегийн хөлбөмбөгийн алдартай клуб Росенборг БК үүсгэн байгуулагдав.

1919.05.19. Хар тэнгисийн эрэг болох Анатолийх хотын Самсунд Туркийн эцэг гэгдэх Мустафа Кемал Ататюрк газардсан нь Туркийн тусгаар тогтнолын төлөөх дайны эхлэл болжээ.

1922.05.19. ЗХУ-д Пионерийн байгууллага байгуулагдав.

1934.05.19. Болгарын үндсэрхэг үзэлтнүүдийн Звено бүлэглэл болон Болгарын армийн удирдлагууд нэгдэн төрийн эргэлт хийж улмаар Кимон Георгиев ерөнхий сайд болжээ.

Эх сурвалж www.zms.mn