С.САРУУЛ

Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнах үеэр төрийн өмчит компаниудыг зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой 117 хуулийн этгээдийн 60 хувь нь алдагдалтай ажилласан. Өнөөдөр ч ашигт ажиллагааны түвшин тогтмол буурч байгаа аж. Тиймээс төрийн өмчит компаниудын чиг үүрэг, бүтцийг шинэчлэн зохион байгуулж, тэдний үйл ажиллагааг иргэд, олон нийт хянах боломжоор хангаж, шилэн болгох, ашиг, орлого, өгөөжийг нэмэгдүүлэх бодлого баримтлахаар болсноо Ерөнхий сайд хэллээ. Ингэхдээ Эрдэс баялгийн бирж байгуулж, эрдэс бүтээгдэхүүний нэгдсэн стандарт нэвтрүүлэн, арилжааг олон улсын жишигт нийцүүлэх, үнийг ил тод, нээлттэй тогтох нөхцөл бүрдүүлэх юм байна.

Засгийн газрын нэр цохсон төрийн өмчит компаниудын тэргүүн эгнээнд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр орж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “”Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож хууль хяналтын байгууллага оруулаагүй байхад улсад 600-700 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг байсан. Харин АТГ, цагдаагийн байгууллагын шалгалт оронгуут улсын төсөвт их наяд төгрөг төвлөрүүлдэг болсон. Энэ бол маш сонин асуудал. Үүнийг зайлшгүй эргэж харах ёстой. Тиймээс борлуулалтын асуудлыг нээлттэй биржээр дамжуулдаг болох чиглэлд явна” гэлээ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр"-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж байв. Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ ““Эрдэнэт” үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ашиглагддаг мөнгө угаалтын түгээмэл систем. Дэлхийн 13 улсад энэ систем ажиглагддаг жижиг луйврын асуудал. Хууль хэрэгждэг улсад энэ асуудал аль эрт шийдэгдчихсэн байх байсан.  Аливаа асуудлыг эцэслэн мухарлаж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг. Мөн Засгийн газрын хуулиар олгогдсон эрх нь гэмт хэрэгтэй тэмцэх явдал. Засгийн газар өөрөөс шалтгаалах зүйлээ хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж ажиллаж байна.

"Эрдэнэт"-ийн асуудалд оролцсон нэр бүхий хүнийг АТГ-т газарт өгөх шийдвэр гарсан.Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-аас мөнгө угаалттай холбоотой асуудлыг тодруулах зорилгоор зарим нэг хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Прокурорт  хандана. Мөн ойрын хугацаанд шүүх дээр очно. Хэн гэдэг албан тушаалтан дээр очиж ямар байдлаар гацах нь уу гэдгийг Монголын ард түмэн нүд цавчилгүй харна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn