С.САРУУЛ

Цар тахал дэгдсэн жил гаруй хугацаанд УОК-ын дэргэд эрдэмтдийн баг ажилласан. Тэгвэл УОК-т ямар эрдэмтэд зөвлөж байгаа талаар УОК-ын Шуурхай штабын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө “Монгол Улсад цар тахал дотооддоо алдсан мөчөөс эхлэн УОК-ын шуурхай штабын дэргэд судалгаа шинжилгээний баг ЭМЯ-ны сайдын тушаалаар байгуулагдан ажилласан. Чиглэл тус бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн, гадаад, дотоодод мэргэшсэн,эрүүл мэндийн салбартаа туршлагатайгаас гадна шижигнэсэн залуус ч гар сэтгэл нийлэн ажиллалаа. Тухайлбал, манай багт тахлыг олон удаа дарсан З.Адьяасүрэн эмч, АШУИС-ийн халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч проф. Р.Оюунгэрэл, ХӨСҮТ-ийн тархвар судлаач, АУ-ны доктор Ч.Мөнхцэцэг зэрэг халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүд, зөвлөх зэргийн эмч, эмнэлзүйн мэргэжилтнүүдээс гадна МУИС-аас хоёр доктор, мөн онцгой байдлын байгууллагын төлөөллөөс бүрдсэн мэргэшсэн баг бүрдэж ажилласан.

Бид УОК-ын дэргэд коронавирустай тэмцэх олон улсад батлагдсан, хамгийн үр дүнтэй аргуудыг судалж байснаас гадна олон улсад түгээмэл хэрэглэдэг загварыг Монголын онцлогт тохируулж хэрэглэсэн. Эхэндээ нэгдсэн тоон мэдээллээс эхлээд урьдчилан төлөвлөж харах тоон өгөгдөл хангалтгүй байсан учраас олон улсын загварыг ашиглаж эхэлсэн. Монголд анх арваннэгдүгээр сарын 11-нд халдварын тохиолдол дотооддоо бүртгэгдсэнээс хойш тооцоо судалгаа хийж цаг тухайд нь УОК-т урьдчилан танилцуулж ирсэн.  Тооцоот үр дүн, урьдчилсан мэдээ, зөвлөмжийг тухай бүр холбогдох байгууллагуудад хүргүүлж байснаас гадна УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлд танилцуулж байсан. Одоо өөр зохион байгуулалтад орж, цаашид үүсч болох нөхцөл байдал, бэлтгэл хангахад онцгой анхаарч байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn