Б.ОЧИР

 

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ махны үнэтэй дайн зарлаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Түүний цахим хуудсуудаас ийм дүгнэлт хийж болно.

Үе үе Улаанбаатарын махны захуудын нэг “Хүчит шонхор”-т очиж үнийг нь буулгалаа гэдэг байв. Одоо өөр зүйл постолдог болов.

Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ эхлээд махны үнэ ярьдаг байв. Сүүлдээ “Хүчит шонхор” захын тухай “ярьдаг” болов.

Ер нь бол махны үнийн тухайд асуудал ихтэй л дээ. Хотынхон хямдхан мах идье гэдэг. Малчид дөнгүүрхэн үнээр малын махаа зарчихмаар байдаг.

Мэдээж хэрэг, малчид өөрсдөө хэрэглэгчдийн гар дээр шууд аваачих боломжгүй. Тиймээс махны зах, энэ төрлийн бизнес хийдэг хүмүүсээр дамждаг. Олон жил явж ирсэн тогтолцоо гэхэд болно.

Нөгөөтэйгүүр, ШӨХТГ-ын дарга махны үнийг хатуугаар тогтоох боломжгүй. Энэ нь түүний эрх мэдлээс давсан хэрэг болно. Өнөөдрийн эдийн засгийн тогтолцоо үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, төр хатуу үнэ тогтоох нь хууль бус болж таараад байгаа юм.

Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ үнэхээр махны үнэд анхаарал хандуулж, хотын хэрэглэгчдэд таалагдахаар хэмжээнд хүргэе гэвэл арай өөрөөр ажиллаж болох байв. Эхлээд малчидтай уулзаж, санал бодлыг нь сонсох хэрэгтэй юм. Малчны хотонд очиж, мал маллагаа, тэжээл бууц гээд юм юмтай нь сайтар танилцаж судалбал малын махны бодит үнэ гараад л ирнэ. Тэгээд дараа нь махны худалдаачидтай санал солилцож ажиллах шаардлагатай.

Гэвч тэрбээр энэ замаар явсангүй.

“Хүчит шонхор” захыг салбартаа монополь гэж зарласан. Монополь гэдэг нь зах зээл дээрх давуу байдлыг тусгай зөвшөөрлөөр хязгаарлахыг хэлдэг.

Гэтэл Монгол Улсын иргэн хэн ч үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрлийг ЗДТГ-аасаа аваад зургаан нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээг чөлөөтэй явуулж байна.

Мөн “...Махыг тусгай зөвшөөрөлтэй зардаг байх ёстой” гэв. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод махны бөөний 10 орчим цэг, худалдааны 50 гаруй төв, захууд ажилладаг “тоо” бий. “Хүчит шонхор” тэдний л нэг. Нэг үгээр хэлбэл, мах нь тусгай зөвшөөрөл, лицензээр зарагддаг бүтээгдэхүүн биш. Харин  нийслэл, дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсээс зургаа, найман нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хоёр жил тутамд нэг удаа авч, жил болгон сунгалт хийлгээд явдаг. Ийм л журамтай юм байна.

Тэр бас “...Задгай талбайд мах зардаг нь буруу” гэв. Энэ тал дээр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийг нь хариуцаж харьяалж ажилладаг Шадар сайдаараа дамжуулаад Засгийн газарт нэг санал оруулбал зохино. Түүндээ Улаанбаатарын бүх захыг “битүү” болгоё гэх хэрэгтэй. “Нарантуул” захаас эхлээд бүгдийг нь битүүлье гэхгүй юу. Ингэвэл ажил хэрэг болно.

Б.Бат-Эрдэнэ хамгийн сүүлд “...ШӨХТГ-аас “Хүчит шонхор” захын 56 жин хэмжүүрийг баталгаажууллаа” гэж зарлав.

Гэтэл “Хүчит шонхор” зах нь сүүлийн 20 жил тасралтгүй Стандарт хэмжил зүйн газраар жин хэмжүүрээ баталгаажуулсаар иржээ. Угаасаа зургаан сар тутамд жин хэмжүүрээ баталгаажуулж хянуулж байх хуультай юм байна.

Б.Бат-Эрдэнэ ийм маягаар махны үнэ биш “Хүчит шонхор” захыг “обьект” болгоод удаж байна. ШӨХТГ шалгах хянах эрхтэй, зах нь шалгуулах хянуулах үүрэгтэй байдаг. 

Улс амьтны ярих нь энэ бүхний цаана “улс төр” байдаг бололтой юм. Юмны нарийн ширийнийг мэдээд байдаг хүмүүсийн яриа шүү. Яагаав, “...Хүн байвал хэрэг олддог” гэж муухай үг байдаг даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.13 ПҮРЭВ № 97 (6574)