-Том өөрчлөлт хийхийн тулд жижиг алхам ч чухал-

З.БАТЦЭЦЭГ

Турк, германы жүжигчин, загвар өмсөгч Мерьем Узерли Москвагийн Олон Улсын Кино наадамд “Зөгийний үүр” киногоо толилуулахаар иржээ. Тэрээр Hello.ru-д өгсөн ярилцлагадаа охидынхоо талаар, феминизм үзэл бодол, энэ жил хурим хийх эсэх талаараа ярьжээ. Жүжигчин Мерьем Узерлигийн ярилцлагыг орчуулан толилуулж байна.

-Мерьем фестивальд оролцохоор ирсэнд баярлалаа. Хоёр дахь хүүхдээ гаргасны дараа гэр бүл, бас уран бүтээлийн ажлаа авсарч хийхэд хэцүү байна уу?

-Ганц хүүхэдтэй байхад ч олон зүйлийг төлөвлөж, шийддэг байсан. Би их аялдаг. Гэхдээ зөвхөн хүүхдүүдээ хажуудаа байлгах гэж л дагуулж явбал хувиа хичээсэн хэрэг болно. Хоёр, гурав хоног ажлаар явахад хүүхдүүд ядарна. Аав нь хүүхдүүдээ сайн харж байдаг учраас би Москвад ирлээ. Тэр намайг их дэмждэг. Мэдээж түүнд хүүхэд асрагч тусалж байгаа. Бидний энгийн өдрийн талаар ярьж өгье. Би Лараг харж байхад тэр Лилиг хардаг. Дараа нь солигдоно. Заримдаа хоёулаа хэзээ үнсэлцэх зав гарах юм бол гэж бие биеэсээ асуудаг. Ээлжилж хүүхдүүдээ харсаар байгаад л таардаг. Гэхдээ хоёр биедээ цаг зав гаргадаг байх хэрэгтэй. Хүүхэд өсгөнө гэдэг хэцүү ч, дэлхийн хамгийн сайхан зүйл.

-Охидоо жүжигчин болгохыг хүсэж байна уу?

-Би тэдний амьдралыг төлөвлөхийг хүсэхгүй байна. Энэ бол тэдний амьдрал, тэдний хүсэл мөрөөдөл. Ээж хүний хувьд би тэдний хүсэл санааг дэмжинэ. Би тэдний амьдралд саад болж, ятгахгүй ээ. Манай ээж, аав тийм л байсан. Миний бүхий л санааг дэмждэг байлаа. Миний хүсэж байгаа зүйл бол тэднийг өөртөө итгэлтэй, энэрэнгүй хүмүүс болгохыг хүсэж байна.

-Та хуучинсаг үзэлтэй гэр бүлд өссөн. Аав, ээж нь шинэ цаг үед яаж ханддаг вэ?

-Манай аав ээж бидэнд амьдрал заах дуртай хүмүүс. Ялангуяа хүйсийн ялгаан дээр. Би өөрийгөө айхтар феминист үзэлтэй гэж хэлэхгүй. Гэхдээ шударга бус байдал, жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгааг олж харвал “Яагаад?” гэж өөрөөсөө асуудаг. Бид бүгд эрх тэгш эрхтэй. Чамд асуулт төрж л байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Олон хүн өөртөө эргэлзээд, юу ч өөрчилдөггүй. Том өөрчлөлт хийхийн тулд жижиг алхам ч чухал.

-Саяхан хэвлэлээр таныг цар тахлаас болж хуримаа хойшлуулсан гэж ярьж байсан. Дараа нь хуримын бичлэг цацагдаад байсан?

-Би саяхан менежертэйгээ шинэ технологийн хөгжлийн талаар ярьж байлаа. Одоо интернетээс ямар ч хамаагүй бичлэгийг аваад танигдахын аргагүй болтол өөрчилж болдог болчиж. Солиормоор юм. Би тэр бичлэгийг үзээгүй. Хуримын хувьд би юу ч төлөвлөөгүй. Миний хурим цар тахалтай холбоогүй. Би дотоод зөн совингоо дагана. Хэн нэгний хүслийг биелүүлэх гэж би хурим хийхгүй ээ. Би энэ хүнтэй хуримлана гэдэгт итгэлтэй байна. Одоохондоо гэр бүл, үр хүүхэддээ цаг хугацаагаа зарцуулж байна.

-Өөрийхөө талаар худал мэдээ их уншдаг уу?

-Байнга. Хэдэн жилийн өмнө намайг спорт зааланд очихгүй, хүнтэй уулзахгүйн тулд хувийн дасгалжуулагч авдаг гэж бичсэн байсан. Би тэр үед огт спортоор хичээллэдэггүй байсан.

-Та ямар хоол иддэг вэ?

-Таны эрүүл энхийн төлөө /хундага өргөөд, инээв/.

-Та их сайхан харагдаж байна. Спорт, хоолны дэглэм барьдаггүй юм уу?

-Заримдаа спортоор идэвхтэй хичээллэдэг, заримдаа үгүй. Би хүссэн үедээ л хийдэг. Хэдэн сарын туршид өглөөний цайндаа талх нутеллатай иддэг байлаа. Дараа нь бүтэн жил идээгүй. Одоо бол би бяслагтай талханд дуртай болоод байгаа. Өдөр бүр. Надад нэг зуршил байдаг. Би Стамбулд ирэх бүртээ нэг зочид буудлын нэг өрөөнд тогтмол буудаг. Үргэлж. Нэг л ресторанд орж нэг л хоол иддэг. Сүүлд 2019 онд спортоор хичээллэсэн. Одоо санаж эхэлж байна. Удахгүй солиотой юм шиг спортоор хичээллэж байгаад хаях байх даа.

-Та “Үүр” кинонд тоглосон. Олон хүн интернетэд бичихдээ өөртөө илүү итгэлтэй болоход тус боллоо гэсэн байна. Таны гол санаа юу байсан бэ?

-Анх зохиолыг нь уншаад урьд нь ийм тайван дүрд тоглож үзээгүй юм байна гэж бодож байсан. Надаас илүү нууц байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг гэх үү дээ. Энэ киноны санаа манай цаг үед их тохирно. Одоо хүмүүс байгалийг нөөц гэж их ашигладаг болж. Бид авахаас, өгдөггүй. Гадаад, дотоод ертөнцөөрөө байгалиас тасарсан хүнийг харуулах зорилготой. Миний баатар Айша байгальтай холбоогоо сэргээж чаддаг. Бид энэ киног 2018 онд хийхэд цар тахал байгаагүй.

-Их гоё байгальд зураг авсан байсан?

-Байгаль бидэнд хэрэгтэй бүхнийг өгсөн. Бид Туркт, ууланд 3000 м өндөрт, урьд нь хэн ч очиж кино хийж байгаагүй газар олсон. Хаалттай байгалийн бүс. Гэрэл, уул, мод- бүх юм төгс байсан. Ойролцоогоор 5-7 долоо хоног үргэлжилсэн. Сайхан цаг үе. Ямар ч интернетгүй, дундаа нэг угаалгын машинтай.

-Найруулагч Эйлем Кафтантай ажиллах таалагдсан уу?

-Үүнээс өмнө тэрээр дандаа баримтат кино хийдэг байсан. Энэ жил дахиад хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Эйлем их юм боддог хүн. Тэрээр 3 жилийн туршид, бодит сэдэв дээр тулгуурлан зохиол бичсэн. Би бодит хүнтэй нь уулзсан. Миний хувьд хэдэн кино найруулсан нь чухал биш. Жүжигчин хүний хувьд урьд нь мэддэггүй байсан зүйлээ сурч авах.

Эх сурвалж: ZMS.mn