Б.Очир

Эмч Ц.Туваан анх 2012 онд Гарьдхүүгийн Баярсайханыг дагаж улс төрд хөл тавьж байлаа. ҮХАА-н дэд сайд болсон гэдэг. 
Тэгээд С.Эрдэнийг дагаж ХАХНХЯ-ны газрын дарга, НХҮЕГ-ын даргаар ажилласан. 
2016 оноос АН-ын генсек, дэд дарга болсон. 
2020 онд Төв аймгаас УИХ-д сонгогдсон. 
Харин АН ялагдсан учраас С.Эрдэнэ түүнд тамгаа үлдээж, тэр АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч болсон. 
Ц.Туваан 2017 оноос хойш тамгаа хөдөлгөлгүй хав дарсаар АН-ын удирдлага хэн бэ гэдэг хэрүүлийн алим төрүүлсэн юм. 
Ерөнхийлөгчийг бараадаж, тушаал хүлээсээр тамгаа "үхүүлчихсэн" гэдэг. 
Өнгөрсөн хойно нь "тэмцэж" эхлээд, өнөөдөр Сүхбаатарын талбайд сууж байна. 
Ц.Туваан ингэж Монголын улс төрийн тодорхойлогч хоёр том намын нэгийн толгойд гарсан түүхтэй юм. 
Гэвч энэ нөхөр улс төр, төрийн мөн чанарын талаар А-гүй ажээ. 
Юу ч гэмээр юм бэ дээ, хоёр хоногийн өмнө /2021.5.7/-нд Ерөнхийлөгчийг Сүхбаатарын талбайд гарч ирэхэд нь яана даа гэмээр хошин юм яриад сууж байхыг нь хоёр нүдээрээ харж, хоёр чихээрээ сонслоо. Үзээгүй хараагүй бол итгэхээргүй хөгийн юм ярьсан шүү. 
Энэ нөхөр Ерөнхийлөгчид "...Та СЕХ-ны гурван субьектыг томилдог. Тэр хүмүүстээ хэл. Дээд шүүхийн гурвыг томилдог. Бөөрөнхийлж юм яриад байна. Энэ асуудал дээр та томилдог субьектүүдтэйгээ бичиг сачиг явуулдаг юм уу, ямар арга хэмжээ авдаг юм, тэрийгээ ярихгүй бол, жишээлбэл таны томилсон субьектүүд дотор СЕХ-ны нарийн бичгийн дарга байх жишээтэй, Дээд шүүх дээр  бас байх жишээтэй. Арга хэмжээ авахгүй бол болохгүй нь" гэж авах нь тэр. 
Юу гэсэн үг вэ?!
Өнөөдөр Ерөнхийлөгчийн санал болгож томилуулдаг албан тушаалыг Ерөнхийлөгчийн өмч гэж ойлгодог хүн УИХ-д сууж байна шүү дээ.
Бас АН-ын тамгыг хэсэг хадгалсан хүн дээ. 
Ер нь бол улс төрд шал түүхий нөхөр гэдгээ Сүхбаатарын талбай дээр зарлалаа. 
Цаашдаа Монголын төр, улс төрийн намууд Ц.Туваан шиг наад захын логикгүй, "баруун, зүүн"-гүй нөхдүүдэд үүдээ өргөхөөс татгалзах ёстой юм.

 

Эх сурвалж: polit.mn