Олон улс судлаач Н.ДОРЖСҮРЭН

 

БНАСАУ-ын үндэслэн байгуулагч, Солонгосын хөдөлмөрийн намын дарга, Солонгосын ард түмний жолоодогч Ким Ир Сен 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны энэ өдөр мэндэлжээ. Ким Ир Сен Японы түрэмгийллийн эсрэг тууштай тэмцэлд ард түмнээ манлайлж, ялалт байгуулж чадсан бөгөөд 1948 онд БНАСАУ-ыг үндэслэн байгуулж нас барах хүртлээ удирдагчаар ажилласан юм.

Тэрээр 1942-1972 онд тус улсын Ерөнхий сайд, 1972-1994 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байв. БНАСАУ-д түүнийг Их жолоодогч, мөнхийн удирдагч хэмээн одоо ч тахин шүтсээр байдаг бөгөөд түүний сургуулийг Жүчхэ үзэл санаа хэмээн нийгэм, улс төр, эх оронч сэтгэлгээний үндэс болгон хэрэгжүүлсээр байна. Эх орноо удирдаж байх хугацаандаа өөрийн хүчинд тулгуурлан хөгжих тухай Жүчхэ үзэл санааг боловсруулсан бол түүний хүү Ким Жон Ил гадны их гүрнүүдийн дарамт шахалтаас цэрэг зэвсэгийн хүчээр хамгаалж, эх орноо нэгтгэх тухай Сонгунь хэмээх номлолыг боловсруулан их хямралын жилүүдийг даван туулсаар БНАСАУ-д одоо ч мөрдөн хэрэгжүүлсээр байгаа юм.

Ким Ир Сен удирдагч Монгол-БНАСАУ-ын найрамдалт харилцааг үндэслэн хөгжүүлэгч улс төрийн удирдагч байлаа. 1948 онд БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох санаачилга гаргасан анхны улс байсан төдийгүй БНМАУ-д хоёр удаа төрийн айлчлал хийж, дэлхий дахинд хоёр улсын найрамдалт харилцааг сурталчилж зоримог дипломат арга хэмжээ авч байсан ухаалаг улс төрийн зүтгэлтэн байлаа.

1994 оны долдугаар сард Ким ир Сенийг нас барсны дараа улс төрийн дээд эрх мэдлийг түүний хүү Ким Жон Ил өв залгамжлан авсан юм. Улмаар 2011 онд Жон Илийг нас барсны дараа ач хүү Ким Жон Ын өнөөг хүртэл удирдаж байна. БНАСАУ-ын үндэсний хамгийн том баяр болох Нарны баяр буюу Ким Ир Сений мэндэлсний 109 жилийн ойн хүрээнд эрхэм хүндэт удирдагч өөрийн улсын эдийн засгийн хөгжлийг хэрхэн бие даан хөгжүүлсэн тухай өгүүлэхийг хүслээ.

Манай улсад БНАСАУ-ын эдийн засгийн хөгжлийн түүхийг авч үзсэн зохиол, бүтээл харьцангуй цөөхөн байна. Ихэнхдээ БНАСАУ-ын асуудлыг хоёр Солонгосын харилцаа болон Солонгосын хойгийн асуудалд хамаатуулан судалж, үнэлэлт дүгнэлт өгөх явдал түгээмэл байна. Иймд энэхүү нийтлэлд БНАСАУ-ын удирдагч асан Ким Ир Сений 1948-1960 оны хооронд авч хэрэгжүүлсэн бие даасан эдийн засгийн бодлогын талаар өгүүлэв. Энд өгүүлэх баримтуудыг судлаач өөрийн бичсэн “БНАСАУ-ын бие даасан эдийн засгийн хөгжлийн бодлого ба сорилтууд” гэх номноос оруулав.

Нэг. Бие даасан үндэсний эдийн засгийн бодлогын суурь. БНАСАУ-ын хувьд “бие даасан үндэсний эдийн засаг” (Independent National Economy) энэхүү ухагдахуун нь, “бусад эдийн засгуудад, хаалттай байх биш харин эдийн засгийн бие даасан, хараат бус байх тухай үзэл юм” хэмээн тодорхойлогддог. Тиймээс ч 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш 1990 он хүртэлх хугацаанд, ихэнх социалист орнууд гишүүнээр нь элсэж байсан социалист эдийн засгийн интеграцийг бий болгох зорилго бүхий Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлд гишүүнээр элсээгүй юм. Тухайн үеийн БНАСАУ-ын удирдлага яагаад ийм алхмыг хийх болов?

1955 оны арванхоёрдугаар сарын 28-нд болсон Солонгосын Хөдөлмөрийн Намын үйл ажиллагааг ухуулан сурталчлах хурлын үеэр Ким Ир Сен “Их гүрнүүдийн хөгжлийн үзэл санаа, ЗСБНХУ-д хэрэгжиж буй Марксизм, Ленинизм болон БНХАУ-ын Мао Зэдуны бодлогыг дагах бус харин өөрийн онцлог бүхий бие даасан үзэл санааг бий болгох шаардлагатай” гэж хэлсэн нь бие даасан бодлогын үндэс суурь болсон юм. Тодруулбал, 1950-аад онд “Улс төрийн хувьд тусгаар тогтнох” (chaju), “Эдийн засгийн хувьд өөрийгөө тэтгэх” (charip) болон “Батлан хамгаалахын хувьд өөрийгөө хамгаалах” (chawi) гэсэн гурван үндсэн зарчмыг дэвшүүлсэн бөгөөд эдгээр тулгуур ойлголтууд нь 1967 оны тавдугаар сард болсон Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны дөрөв дэх удаагийн 15 дугаар Бүгд хурлын үеэр хэлэлцэгдсэн байдаг.

БНАСАУ үүсгэн байгуулагдсан 1948-1960 он хүртэлх түүхэн цаг хугацааг “Социалист эдийн засгийн тогтолцооны суурийг тавьсан үе” гэж тодорхойлдог бөгөөд цаг хугацааны хувьд хоёр ангилдаг. Энэ нь: 1) “Энх тайвныг цогцлоох үе” буюу Солонгосын дайн (1950-1953 он) эхлэхээс өмнөх үе буюу 1947-1950 он, 2) “Дайны дараах сэргээн босголтын үе” буюу дайны дараах 1953-1957 он хүртэлх хугацаа юм.

“Энх тайвныг цогцлоох үе”: Энэ цаг үед тулгамдаж байсан гол асуудал бол Японы эзлэн түрэмгийллээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давж туулах, Социализмын суурийг бэхжүүлэх болон ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх явдал байлаа. Энэ эдийн засгийн бодлогын үр дүнд, 1947-1949 онуудад нийт аж үйлдвэрлэлийн хэмжээ дунджаар 2.7 хувиар, харин 1949 онд хөнгөн аж үйлдвэрлэлийн хэмжээ 1946 оныхоос гурав дахин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 50 орчим хувиар тус тус өсчээ. Мөн 1949 онд машин, механизмын үйлдвэрлэл, 1944 оныхоос 535 хувиар өсч, түүний нийт аж үйлдвэрлэлийн салбарт эзлэх хувь нь 1.6 хувиас 8.1 хувь болтлоо нэмэгдэв.

“Дайны дараах сэргээн босголтын үе”: Тухайн цаг үеийн гол асуудал нь, Солонгосын дайнд нэрвэгдсэн эдийн засгаа сэргээн босгох, мөн Социализмын материал, техникийн баазыг бэхжүүлэх явдал байлаа. 1953-1954 онуудад муж бүрт, 1-2 хөдөө аж ахуйн хамтрал туршилтаар байгуулагдаж, улмаар хөдөө аж ахуйг “хамтын хүчээр хөгжүүлэх” хөдөлгөөн өрнөж 1958 оны наймдугаар сар гэхэд улс даяар хамтралын хэлбэрт бүрэн шилжжээ. 1948 оноос хойших арван жилийн хугацаанд, хөдөө аж ахуйн салбарын газрын төрд шилжсэн хувь нь, 3.2-иос 96.6, худалдаа, үйлчилгээний салбарын төрд шилжсэн хувь нь, 56.5-иас 100 хүртэл нэмэгджээ.

1953 оны наймдугаар сарын 5-нд болсон СХН-ын Төв хорооны бүгд хурлаас хүнд үйлдвэрлэлийг тэргүүн эгнээнд хөгжүүлж, улмаар хөнгөн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйг зэрэг хөгжүүлэх үндсэн чиг шугамыг баталсан. Үүний үр дүнд нүүрс олборлолт 1953 онд 700 мянган тонн байснаа, 1956 онд 3 сая 910 мянган тоннд хүрч Үндэсний нийт бүтээгдэхүүний (GNP) өсөлт, жилд дунджаар 30.1 хувьтай байв.

1956 онд болсон СХН-ын Гуравдугаар Их хурлаас Социализмын материал, техникийн баазыг бэхжүүлэх хөтөлбөр батлагдсан бөгөөд уг хөтөлбөр нь 1957 оны “I таван жилийн төлөвлөгөө” болон 1961 оны “I долоон жилийн төлөвлөгөө”-ний биелэлтийн үр дүнд бүрэн хэрэгжсэн гэж үздэг. Мөн 1957 оноос, улс ардын аж ахуйн бүх салбарт “Чөллимагийн” хөдөлгөөн (Chollima Workteam movement) дэлгэрсэн юм.

Хоёр. “I таван жилийн төлөвлөгөө” (1957-1961) БНАСАУ-д 1957 оноос хойш улс ардын аж ахуйн хөгжлийг таван жилээр төлөвлөж эхэлсэн бөгөөд үүнд, дээр дурдсан хүнд үйлдвэрлэлийг тэргүүн эгнээнд хөгжүүлэх, мөн хөнгөн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйг хөгжүүлэх зэрэг асуудлууд багтсан болно. 1958 оны есдүгээр сард Ким Ир Сен, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хороог хуралдуулж, социалист бүтээн байгуулалтыг түргэсгэхийн тулд металлург болон машин үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, нэг сая га талбайд газар тариалан эрхлэх бодлогыг дэвшүүлсэн юм. Үүний үр дүнд, 1958 онд “Сынри 58” загварын анхны ачааны автомашиныг, 1961 онд “Улаан дарцаг №1” цахилгаан галт тэргийг анх удаа үйлдвэрлэжээ. 1958 онд 20 гаруй нийтийн орон сууц, 1960 онд газар тариалангийн зориулалт бүхий 9700 барилга байгууламжийг ашиглалтанд оруулжээ. 1960 он гэхэд нийт аж үйлдвэрлэлийн хэмжээ 1956 оныхоос ес дахин нэмэгдсэн бөгөөд ялангуяа хүнд үйлдвэрийн салбарт томоохон өөрчлөлт гарч, 1957-1960 оны хооронд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 1.8 дахин, түлш үйлдвэрлэл 2.8 дахин, уул уурхайн салбарын үйлдвэрлэл 2.6 дахин, металлургийн салбарын үйлдвэрлэл гурав дахин, химийн аж үйлдвэрлэл 4.5 дахин, машин механизмын үйлдвэрлэл 4.7 дахин тус тус өссөн юм. Эдийн засгийн бүх салбар 2,5-4 дахин үсрэнгүй хөгжив.

Энэхүү “бие даасан үндэсний эдийн засгийн” бодлогын суурийг тавихад ЗХУ-ын тусламж, үүрэг оролцоо чухал үүрэгтэй байсан ч, тухайн үеийн БНАСАУ-ын удирдлага чигч тууштай бодлого нөлөөлсөн байна. 1980-аад онд БНАСАУ-ын эдийн засаг, нийгэм жигд хурдтай дэвшин хөгжиж Социалист лагерийн улс орнууд дундаа хөгжлийн түвшингээрээ эхний байранд байсан ч тэр үеийн социалист орнуудын ЭЗХТН-ийн улсуудын интрегацид хамруулж тооцдоггүй байсан учир энэ их амжилт олон улсын түвшинд туршлага болж чадаагүйд олон улсын судлаачид харамсдаг. БНАСАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур болсон Жүчхэ үзэл санааг өөрийн улсын хөгжлийн бодлогодоо тусгах сонирхолтой улс орнуудын тоо нэмэгдэж олон улсын хэмжээнд янз бүрийн түвшинд Жүчхэ үзэл санааг судлах сонирхол олон түвшинд нэмэгдэж байна.

Дээр дурьдсан их бүтээн байгуулалт, бие даан хөгжих Жүчхэ үзэл санаа 1990-ээд онд дэлхий дахинд тохиолдсон Социалист лагерийн системийн хямралыг амжилттай даван туулахад нөлөөлсөн нь дамжиггүй. 1990-ээд оны эхэн үеэс БНАСАУ-д тавьж эхэлсэн эдийн засаг, улс төр, нийгмийн хориг арга хэмжээ цуцлагдах биш улам хатуурхаж, түүний хажуугаар байгаль, цаг агаарын гамшиг БНАСАУ-д ноцтой хохирол, аймшигтай хүндрэл учруулж олон хүн ам насаараа хохирсоныг их гүрнүүд Социалист системийн хямралын сүүлчийн голомт нутаг гэж цоллож БНАСАУ-ыг дэглэмийг удахгүй унана гэж хүлээж байсан боловч БНАСАУ нь 1953 оны дайны дараа дахин сэргэн мандсан шиг хөгжил дэвшлийн шинэ шатанд орсноо тунхаглаж анхны хиймэл дагуулаа хөөргөж олон улс орныг гайхшралд оруулсан түүхтэй.

Дэлхий олон улсад ардчилал, либериализмын хөгжил хямралд орж байгаагийн шалтгаан нь эдийн засаг, баялгийн тэгш бус хуваарилалт нийгэмд undemocratic liberals /ардчилсан бус либериал-Олигархиудын ноёрхол/ гарч ирсэн бөгөөд үүний эсрэг illiberal democrats /хууль бус либериаль/ үзэл санаанууд тэмцэл хийж байна. Энэ нь нийгмийг эмх замбараагүй болгож байна. Энэ эмх замбараагүй засаглалын хямрал сонгуулийн дараах улс төрийн тэмцэл хөдөлгөөн, хүний эрх чөлөөг дэмжсэн, дэмжээгүй олон төрлийн тэмцэл, эдийн засгийн тэгш бус хуваарилалтыг эсэргүүцэгчдийн хөдөлгөөн гээд олон төрлийн хямрал дэлхийн олон улс орныг хамарч байна.

Энэ хямралт цаг үед БНАСАУ-ыг хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, эдийн засаг соёлын хувьд хамгийн хоцрогдсон, харанхуй бүдүүлэг, мэдээлэл хомс улс гүрэн үздэг ч мэдлэгийн эдийн засаг, зэвсэглэлийг Их гүрнүүдийн хэмжээнд хөгжүүлж чадсан баллистик пуужинтай, цөмийн зэвсэгтэй, олон улсын хэмжээнд Их гүрнүүдийн удирдагчидтай эрх тэгш харилцах чадвартай, мэдээллийн систем, компютерийн технологи, хими, нанотехнологи зэрэг мэдлэгийн салбарыг өндөр хөгжүүлж чадсан хүчирхэг улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн үндэс суурийг БНАСАУ-ын жолоодогч Ким Ир Сен зөв тавьж өгч залгамжлагчдаа амжилттай өвлүүлжээ. 30 жил үргэлжилж байгаа БНАСАУ-д авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ Ковид цар тахалын үед сулрах байтугай үргэлжилсээр байгаа нь хамгийн эмгэнэлтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.15 ПҮРЭВ № 76 (6553)